sonin.mn

Эргэх амьдралын эрээн бараантай сүлэлдэж арвын арван хүүхдийн гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэх гэж нуруу бөгтийтөл зүтгэсэн нэгэн аавтай амьдралын тухай хөөрөлдлөө. Түүнийг хүмүүс “Өдөр өдрийн нар” олон ангит киноны Лувсан өвгөний дүрээр эчнээ таних биз ээ. Монголын кино урлагт 40 гаруй жил зүтгэхдээ “Анхны алхам”, “Хатанбаатар Магсаржав” зэрэг кинонд гол дүр бүтээсэн авьяаслаг жүжигчин. Ингээд жүжигчин, зураач, найруулагч С.Балданпүрэвийг уншигч Тантай уулзуулъя.

-Таныг Хүүхдийн театрт ажиллаж байхад Монголын урлагийн бурхад алтан үеийнхэн ид гялалзаж явсан байх шүү?

-Тэгэлгүй яахав. Юун түрүүнд Д.Маамхүү багшийг дурсахгүй бол алдас болно. Л.Лхасүрэн, Г.Доржсамбуу, Л.Жанчивдорж, “том” Төмөрбаатар бид дагалдан байлаа. С.Гэндэн багш, Дугарсанжаа багш, Монголхаан, сүүлд Л.Лхасүрэн, И.Нямгаваа хоёр дагалдан байж байгаад сургууль төгсөөд найруулагч болсон юм. Би дөрвөн жил сургуульд сууж номын дуу сонсоогүй гэж их гомддог байж. Гэтэл хамгийн том сургуульд 19 жил улирч суусан байдаг юм. С.Гэндэн гэдэг багшийн сургуульд сурахдаа ямар ч төлбөр төлөөгүй шүү дээ / инээв/.

Дээр нь Э.Оюун багш үе үе ирж лекц уншина. Ямар сайндаа нэг жүжиг найруулаад Э.Оюун багшид үзүүлтэл “Балданпүрэв ээ, чи хэзээ ухаан орох хүүхэд вэ. Чи өтлөвч ухаан орохгүй, буцлавч шөл гарахгүй хүн дээ” гэж байх вэ. Хамт олон, туслахуудынхаа дэргэд тийм зүйл сонссон хүн ямар олиг байв гэж дээ. Э.Оюун багшид голдоо ортол гомдож байсан минь санаанаас гардаггүй юм. Хожим Э.Оюун багшийн энэ үг амьдралд хөлөө олоход мөн ч их нэмэр болсон доо. Тэгэхэд л би ухаантай хүний хэлсэн үг үе улиравч үнэ цэнээ алддаггүйг ойлгосон.

Балданпүрэв ах нь урлагтай амьдралаа холбоод 40 гаруй жил болжээ. Товчоор хэлбэл, Монголын кино урлагт 40 жил зүтгэсэн байна. Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уугаагүй ч гэсэн урлагийн алтан үеийнхэнтэй ажиллаж, амьдарч явсан минь надад том сургууль болсон. Эндээс олж авсан жаахан туршлага, мэдлэгээ хойч үеийн залуустаа өвлүүлэн үлдээе гэж СУИС болон хувийн хэд хэдэн сургуульд багшилж, лекц уншиж явлаа. Миний оюутнууддаа ярьдаг зүйл бол Э.Оюун, С.Гэндэн, Д.Намдаг, Л.Ванган нарын тухай л ярьж өгнө шүү дээ. С.Удвал, Б.Явуухулан гээд мундагчуудын тухай ярихаар хүүхдүүд дуртай нь аргагүй сонсоод байдаг юм.

-Урлагийнхан Таны амьдралыг кино шиг л гэж ярьж байхыг олон сонссон. Дорнодод бригадаар явж байхдаа эхнэр авсан гэсэн. Энэ мэт туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тунгалаг дурсамжаас хуваалцаач?

-Яахав дээ, хүн амьдралдаа алдахыг алийг тэр гэх вэ. Миний анхны амьдрал бүтэлгүйтэж би нэг хүүхэдтэй үлдчихсэн байлаа. Тэгээд манай театрынхан надад зовдог байж л дээ. Нэг жил бригадаар Дорнодын театрт очиж тоглохоор боллоо. Тухайн үед хоёр ч кинонд тоглочихсон, Хүүхэд залуусын театрын туслах найруулагч гэсэн том сэтэртэй. Ер нь нэг Ардын жүжигчин маягийн хүн явж байгаа шүү дээ, бурхан минь /инээв/. Хүн болгон намайг “Та” гэж дуудаад л... Дорнодын театрт өдрийн таван тоглолт хийхэд битүү үзэгч. Хөл гишгэх зайгүй танхим дүүрэхэд өөрийн эрхгүй огшиж байгаа юм чинь.

Үүнээс ч болсон уу, өөрийгөө их тоосон уу нэг л их тэнгэр харсан амьтан /инээв/. Өгөр толгой Гүрсэдэд тоглодог Дугарсанжаа багш “Ийм сайхан залуучууд дунд манай Тунгалаг шиг сайн охиныг аваад явчих чадалтан байна уу” гэдэг байгаа. Тухайн үед манай театрын залуучууд бүгд гэрлээгүй байсан л даа. Б.Магсаржав, Л.Жанчивдорж гээд ганц бие залуучууд байдаг. Манай театрынхан ч бүгд л бид хоёрыг суулгачих санаатай байсан байх. Ганцхан дургүйцсэн хүн нь Цэндсүрэн эгч байсан юм. “Анхны амьдралаасаа нэг хүүхэдтэй үлдсэн хүн чинь ганц тоглолтоор ирж танилцаад суудаг юм гэж хаана байсан юм бэ” гээд жаахан дургүй байна.

Тэгээд яахав залуу улсууд бие биедээ дасаад, тоглолт дуусч явах боллоо. Би ч эхнэр болох хүнээ аваад явчих санаатай байсан л даа. Тэгсэн хөдөөний хүнийг хот уруу шилжүүлдэггүй. Театрын удирдлагад хэллээ. “Болохгүй бол би Дорнодын театрт найруулагчаар очъё” гэсэн намайг яаж явуулах вэ дээ. Тэгээд А.Очирбат багш ямар дарга даамалтай нь уулзсан юм бүү мэд нэг мэдсэн л манай хүн Дорнодоос хүрээд ирсэн. Ингээд л бид хоёрын дундаас долоон охин, гурван банди төрсөн дөө.

...Би ч бараг ханиа алдахаа шахсан хүн шүү дээ. Тэгээд эмнэлэг, эмч нарын буянаар хоёуланг нь эрүүл саруул авлаа. Явахгүй гэж байсан хүнийг хүчээр явуулсан хүн нь би юм чинь яахав. Азаар монгол хүний хүүхэд байж. Хамт явсан залуудаа дасаад ч юм уу, нөгөөдөх нь нөмөр нөөлөгтэй санагдсан ч юм уу тийм зүйл болчихож. Миний хүүхдийн ээж үнэхээр ухаантай хүн байсан. Хүн төрүүлсэн болохоос биш хүн алаагүй. Муугаар бодоход үр хөндүүлээд ирж болох л байсан шүү дээ...

-Аз жаргалтай амьдралын эхлэл байж. Өнөр өтгөн гэр бүлийн өрхийн тэргүүн байх сайхан биз?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ хүний амьдралд юу эс тохиолдохыг тэр гэх вэ. Намайг дагаж ирээд арван хүүхэд төрүүлчихсэн, дээд мэргэжилгүй жолооч эмэгтэй гэхээр ямар олигтой сонсогдох вэ дээ. Тэгээд хойно /ОХУ/ жолоочийн мэргэжлээр сургаж байна гээд шуугилаа шүү. Тэр нь юу байсан гэхээр троллейбусын жолоочийн курс байсан юм. Жил зургаахан сар суралцаад жолоочийн дээд мэргэжилтэй болчихож байгаа юм чинь. Би ч ханьдаа хэллээ. “Миний найз энэ дээд курст яваад ир. Нэгдүгээрт, мэргэжилтэй болно.

Хоёрдугаарт, хэл устай болно. Гаднын хүнтэй харилцана. Гоё биз дээ” гээд ятгалаа. Тэгсэн “Юу солиороод байгаа юм бэ. Би хөхүүл хүүхдээ хаяад яаж явж байх юм” гээд халгаадаггүй. Тухайн үед хамгийн бага хүүхэд маань зургаахан сартай байсан юм шүү дээ. Би ч бууж өгсөнгүй танил тал, дээгүүр доогуур гүйж байгаад дөрөвхөн эмэгтэй явах байсны нэгд нь эхнэрээ багтаачихав. “Ногоотой шөлийг нь уугаад, номыг нь сураад ирээрэй” гээд хадамтайгаа вокзал дээрээс гаргаж өглөө.

Эхнэрээ хойно байсан жил зургаан сард ямар их ядарсан гэж санана. Нэг мэдэхэд жил зургаан сарын хугацаа өнгөрчихөж. Зургаан сартай үлдсэн хүүхэд чинь хоёр ой хүрчихсэн додьгор амьтан. Би ч яахав хэдэн хүүхдийнхээ нүүр гарыг нь угаагаад, нөгөө хувцсыг нь өмсгөөд вокзал дээр яваад очлоо. Хүмүүс бие биетэйгээ уулзаад уйлах нь уйлаад, инээх нь инээгээд сүйд болж байна шүү. Тэгсэн манай эхнэр хэзээ мөдгүй төрөх дөхчихсөн хөмөрсөн тогоо шиг гэдэстэй амьтан буугаад ирдэг юм байна.

-Тухайн үед Танд юу бодогдсон бэ?

-Надад муухай хар юм бодогдоогүй. Зүгээр “Шонхор шар юм байгаа болов уу, буржгар хар юм байгаа болов уу” гэж бодогдсон. Тэгээд яахав дээ арвын арван хүүхэд өсгөж болсон юм чинь арван нэгдэхийг нь өсгөчих байх л гэж бодсон. Түүнээс биш эхнэрийгээ муухай хараад л, нөгөөдөх нь ч гэм хийсэн хүн шиг царай гаргаад байсан зүйл болоогүй. Манай хадам хөгшин л “Энэ хүүхэд хөлөөрөө толгой хийж байна уу, толгойгоороо хөл хийж байна уу. Яаж солиорч байгаа нь энэ вэ” гээд их таагүй байсан.

-Хүний амьдрал гэдэг сонин юм?

-Төд удалгүй төрлөө. Гэхдээ сурч байсан орчин нөхцөл, ажлын байр байдал нөлөөлсөн байгаа юм, их хүнд төрсөн. Би ч бараг ханиа алдахаа шахсан хүн шүү дээ. Тэгээд эмнэлэг, эмч нарын буянаар хоёуланг нь эрүүл саруул авлаа. Явахгүй гэж байсан хүнийг хүчээр явуулсан хүн нь би юм чинь яахав. Азаар монгол хүний хүүхэд байж. Хамт явсан залуудаа дасаад ч юм уу, нөгөөдөх нь нөмөр нөөлөгтэй санагдсан ч юм уу тийм зүйл болчихож. Миний хүүхдийн ээж үнэхээр ухаантай хүн байсан. Хүн төрүүлсэн болохоос биш хүн алаагүй. Муугаар бодоход үр хөндүүлээд ирж болох л байсан шүү дээ /нүдэнд нь нулимс цийлэгнэв/.

Төрөхөөс гараад Эх нялхаст хэвтлээ. Тэгсэн хүүхдийн аав сахина гээд ирж байна. Би ч хэллээ “Арван хүүхдийн эцэг. Чамаас арай илүү туршлагатайгаараа би сахина” гээд хүүгээ эмнэлэгт аваад хэвтчихсэн. Тухайн үед гурав, дөрвөн сар хүрчихсэн байсан л даа. Инээхээр хацар нь хонхойгоод, жигтэйхэн хөөрхөн болчихож байгаа юм чинь. Тэгээд би хүүгээ хүн болгож чадалгүй алдсан даа л туйлын их харамсдаг. Нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрсөн хүн чинь эргээд уран бүтээлдээ орлоо. Манай эхнэр ч ажилдаа орж троллейбусаа барихаар болсон. Тэгээд яахав дээ, өдрийн бор хоногт гэртээ цөөхөн харагддаг хүнийг хэн хүлээгээд суугаад байх вэ дээ. Нэг л өдөр өөр хүн дагаад явчихсан даа.

-Арван хүүхэдтэй үлдэнэ гэдэг эр хүнд давшгүй даваа. Ер нь хэцүү санагдсан биз?

-Хамгийн бага нь дөрвөн настай, том нь дөнгөж амьдралтай танилцаж байгаа хүүхдүүдээ хаяад амиа бодоод үхэлтэй нь биш. Шүд зуугаад амьдралтай тэмцэнэ гээд зүтгэсэн. Тухайн үед би чинь тал харвачихсан, байраа алдчихсан сандруу амьтан. Яах учраа олохгүй хэдэн хүүхдээ дагуулаад гудманд гарч байгаа юм чинь. Тэгсэн манай нэг найз “За, Балданпүрэв минь би чамайг сонссон. Ингэж амьдрахгүй ээ. Манайхан зундаа гардаг нэг байшин бий. Чи хүүхдүүдээ аваад тэнд очиж амьдар” гээд биднийг дагуулаад очсон. Дөрөв, зургаагийн хэмжээтэй сайхан дүнзэн байшин бүх тавилгатайгаа байна. Тэгээд хүүхдүүддээ хэллээ.

“Миний хүүхдүүд томоотой байдаг юм шүү. Ээ дээ, энэ ханын цаас энэ тэрд хамаагүй хүрэв ээ” гэж захиж байсан. Хашааныхаа гадна талд хоёр дөрвийн хэмжээтэй жижигхэн байшин бариад ТҮЦ маягийн юм босгоод тавьчихлаа. Тэгээд яахав, би чинь хоёр давхар байшин барьж чадахгүй юм чинь ТҮЦ-ийнхээ дор хоёр метр гүнзгий нүх ухаад өөрийнхөө жинхэнэ гэр болгочихож байгаа юм. Мөнгөгүй хүн чинь хэдэн сая төгрөгийн бараа авч чадахгүй шүү дээ. Усанд явж байгаа хүүхдүүдэд тав, арван төгрөгөөр иштэй чихэр, ширхэгийн тамхи энэ тэр зардаг байлаа.

Би ямар автобусанд мөнгө төлөх биш хэдэн задгай төгрөгөө нийлүүлээд комбинатад байдаг талхны бөөний цэгээс талх авах гэж явж байгаа нь тэр. Баянхошууны эцсийн буудлаас хоёр автобус дамжаад зорьсон газартаа ирлээ. Дэлгүүр арай онгойгоогүй байна. Тэгээд хүлээгээд зогсож байсан “Хүүе, сайн уу, Балданпүрэв ээ” гэхэд нь харвал манай ахын найз. Хэсэг амьдрал ярьж зогслоо. Ер нь миний зан тийм юм. Хэдий ядарч байсан ч хүнд ядарч байна, зовж байна гэж хэлдэггүй. Тэгээд “За байж байгаарай. Ах нь одоохон” гээд Даваасүрэн ах гүйгээд явчихлаа. Дэлгүүр ч онгойж байна.

Би ороод 70 кг-ийн хоёр шуудайтай талх аваад гараад ирсэн Даваасүрэн ах “ВТ” гэдэг янжуур барьчихсан байна. Тухайн үед “ВТ” тамхи чинь нэг хайрцаг нь зургаан төгрөг, Төв хорооны товчооны гишүүд л татдаг тамхи байлаа шүү дээ. Тэр тамхийг чинь боодлоор нь, доор нь мөнгө бариад өгч байгаа юм чинь. Тэгэхэд хорин мянгатын дэвсгэрт арай гараагүй байсан үе, арван мянгатын дэвсгэрт байна. Ээ бурхан минь, арван мянгатын дэвсгэртээс адис авмаар санагдаж байсан шүү. Тэгээд яахав өнөө арван мянган төгрөгөө таксинд өгөхөөс харамлаад буцаад л хоёр автобус дамжаад Баянхошууны эцэст гэртээ ирсэн охин өөдөөс тосоод ирлээ. Ирэнгүүтээ “Аав яасан ичдэггүй юм. Та наад гутлаа хараач” гэж байна. Харсан чинь гадуур гарахдаа өмсдөг хятад ботинкныхоо нэг өрөөсөнг, гэртээ өмсдөг уранхай ботинкныхоо нэг өрөөсөнтэй өмсөөд явчихсан байсан.

-Одоо ханилж байгаа эхнэртэйгээ хэрхэн танилцаж байв. Их эртний танилууд гэж сонссон юм байна?

-Хүүхэлдэйн театрт байхад аравдугаар анги төгссөн охин миний дагалдангаар ирсэн. Одоо тэр хүнтэйгээ амьдарч байна. Сонин байгаа биз, амьдрал гэдэг. Тэгээд хожим яаж таарсан нь их сонин. Нэлээд гандуу гундуухан, хааяа энэ тэнд хүний захиалгаар зураг зурж, алт мөнгөний дархнаа хийгээд явж байлаа. Нэг өдөр нэлээд ганган хоёр хүүхэн таардаг байна. Булган шуба өмсчихсөн, гартаа алт, мөнгөн бөгж хослуулчихсан. Тэгээд л учир зүггүй намайг таниад яриад байхаар би өөдөөс нь “Чи хэн билээ” гэж болдоггүй. Ярьж ярьж утасныхаа дугаарыг өгөөд саллаа.

Тэр өдөржингөө нөгөө тааралдсан хүнийхээ тухай “Хэн билээ” гэж бодсон шүү. Бүр саная гээд санахгүй байхаар нь яршиг гээд хаячихлаа. Нэг өдөр өнөө л янзаараа халтуур хийгээд явж байсан утас дуугарч байна. Авсан Оюун байна гэдэг байгаа. Ямар Оюун билээ гээд нэлээд бодлоо. Э.Оюун багш маань аль эрт тэнгэрийн оронд одсон, “Тань рүү нүүж явна”-ыг бичдэг зохиолч С.Оюун гэхээр хоолойных нь өнгө биш байдаг. Гэтэл бодлын үзүүрээс тэртээ 40 жилийн өмнөх дагалдангийн маань царай зурсхийдэг байгаа. Тэгээд чухам юу ярьсан юм бүү мэд утсаар ярьж байхад л шавь Оюуны маань царай киноны кадр шиг урсаж байгаа юм чинь. Түүнээс хойш хэд хэд уулзаад, сэтгэлээ онгойтол яриад тэгээд л нэг гэрт орсон доо.

-Сүүлийн үед ямар уран бүтээлд дүр бүтээв. Та зүгээр сууж чаддаггүй хүн дээ?

-“Өдөр өдрийн нар” гээд 60 ангитай киноны гол дүр Сүрэнгийн аавд тоглосон. Монголын хамгийн анхны эмнэлгийн тухай кино гэвэл “Сэрэлт”-ийг хэлэх байх. Түүний дараа “Өдөр өдрийн нар” орж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь “Сэрэлт” киноны аавд алдарт жүжигчин, миний багш Ц.Цэгмид гуай тоглосон. Тэгээд Лувсангийн дүрийг би Ц.Цэгмид багшийнхаа дүрийг судалж байгаад бүтээсэн. Үзэгчдэд гайгүй хүрсэн юм шиг билээ.


Т.ЗӨНБИЛЭГ

Эх сурвалж: unen.mn