
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 28 /Xinhua/. Газын зурваст нэн даруй гал зогсоож, тус зурваст цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх шийдвэрээ эргэн харахыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн АНУ-аас бусад бүх гишүүн орон Израилын талд уриалжээ.
“Бидний зүгээс нэн даруй, ямар ч нөхцөл болзолгүйгээр бүрмөсөн гал зогсоохыг уриалж байна. Мөн ХАМАС болон бусад бүлэглэлийн барьцаанд байгаа бүх хүнийг нэн даруй, нөхцөл болзолгүйгээр суллахыг уриалж байна. Түүнчлэн Газын зурваст үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг дорвитой нэмэгдүүлэхийг уриалж байна” гэж 14 улсын төлөөлөгчид хамтарсан мэдэгдэлдээ дурдсан байна.
Мөн Газа хотыг эзлэн авах зорилгоор цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх шийдвэрээ нэн даруй хүчингүй болгохыг Израилын талд уриалсан байна. Хамтарсан мэдэгдлийг Алжир, Хятад, Дани, Франц, Грек, Гайана, Пакистан, Панам, Өмнөд Солонгос, ОХУ, Сьерра-Леон, Словени, Сомали, Их Британи гэсэн 14 улс гаргажээ.
Мэдэгдэлд дурдсанаар, Израилын тал тусламж хүргэхэд тавьж буй бүх хязгаарлалтаа нэн даруй, нөхцөл болзолгүйгээр цуцлах ёстой, тэр дундаа хуурай замын бүх чиглэлийг нээж, НҮБ болон хүмүүнлэгийн түншүүдэд аюулгүй, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулах боломжийг олгох ёстой гэсэн байна. Мөн хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулахад хүмүүнлэг, төвийг сахисан, шударга ёс, хараат бус байдлыг хангах зарчмуудыг баримтлах ёстойг онцолжээ.
Газад өлсгөлөн нүүрлэсэн болох нь албан ёсоор батлагдсанд 14 улс ихэд сэтгэл түгшиж, харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. “Энэ бол хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хямрал. Өлсгөлөнг дайны зэвсэг болгон ашиглахыг олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу хориглосон байдаг. Газын зурвас дахь өлсгөлөнг нэн даруй зогсоох ёстой. Олон улсын хүмүүнлэгийн хуулийг хүндэтгэх ёстой” гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0