sonin.mn

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болон “ШХАБ +” уулзалт 2025 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-ний өдрүүдэд БНХАУ-ын Тяньжинь хотноо болох гэж байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин даргалж, нээлтийн үг хэлэхээс гадна төрийн тэргүүнүүдийн хамтарсан тунхаглалыг баталж, ирэх 10 жилийн хөгжлийн стратегийг тодорхойлох юм.


Хятадын дипломат ажиллагааны “онцлох үйл явдал”


БНХАУ-ын Гадаад харилцааны яамны мэдээлснээр, Тяньжиний дээд хэмжээний уулзалт нь 2025 онд Бээжингийн хувьд хамгийн чухал дипломат арга хэмжээнүүдийн нэг юм. Ши Жиньпин уг дээд хэмжээний уулзалтын үеэр ШХАБ-ын цаашдын хөгжил, “Шанхайн үзэл санаа”-г үргэлжлүүлэх шинэ санал санаачилгуудыг танилцуулж, дэлхийн энх тайван, хамтын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр Хятадын байр суурийг тодорхой илэрхийлэх төлөвтэй байна.


“Шанхайн үзэл баримтлал” – хамтын ажиллагааны цөм


2001 онд байгуулагдсан цагаасаа хойш ШХАБ “Шанхайн үзэл баримтлал”-ыг тууштай баримталсаар ирсэн. “Шанхайн үзэл баримтлал” нь харилцан итгэлцэл, харилцан ашигтай байдал, эрх тэгш байдал, зөвшилцөл, соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэх, хамтдаа хөгжих гэсэн зарчмуудад тулгуурладаг бөгөөд холбогдох улс орнууд эдгээр зарчимд тулгуурлан хамтран ажилласаар байна. Эдгээр зарчим нь олон улсын харилцаанд үлгэр жишээ болж, холбогдох орнуудын эв санааны нэгдлийг хангасаар ирсэн.


Өдгөө ШХАБ нь 10 бүрэн эрхт гишүүн, 2 ажиглагч орон, 14 яриа хэлэлцээний түнштэй, Евразийн газар нутгийн 60 гаруй хувь, дэлхийн хүн амын бараг тал хувийг хамарсан бүс нутгийн томоохон байгууллага болоод байна.  




Өргөжин тэлсээр буй “нөхөрлөлийн хүрээлэл”


Анх зургаан гишүүнтэйгээр эхэлсэн ШХАБ-д дараа нь Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь зэрэг орон нэгдэн орсноор тус байгууллагын нөлөө улам өргөжин тэлж байна. Беларусь 2024 онд Астанагийн дээд хэмжээний уулзалтын үеэр 10 дахь гишүүнээр элссэн нь ШХАБ-ын хамтын ажиллагааны чадавх, дэлхийн тавцанд үзүүлэх нөлөөг бэхжүүлж, тус байгууллага нь орчин үеийн аюулгүй байдал, эдийн засгийн сорилтуудыг шийдвэрлэх, олон талт хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих чухал платформуудын нэг болсон болохыг илтгэн харуулж буй юм.


Аюулгүй байдал ба эдийн засгийн түншлэл


ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, терроризмтой тэмцэх хамтарсан сургуулилтууд хийхээс гадна эдийн засаг, худалдааны интеграцид чухал үүрэг гүйцэтгэж байна.


2024 онд Хятад улс болон ШХАБ-ын гишүүн, ажиглагч, түнш орнуудын худалдааны хэмжээ өмнөх жилүүдийнхээс даван 890 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь ШХАБ зөвхөн аюулгүй байдлын хамтын ажиллагаагаар зогсохгүй эдийн засаг, соёл, инновац, боловсрол зэрэг өргөн цар хүрээг хамран хамтын ажиллагаа өрнүүлдэг томоохон талбар болсныг илтгэнэ.


Цаашид ...


Ирэх 25 жилд ШХАБ ямар байх вэ? Түүхэн сорилтууд, олон улсын харилцааны өөрчлөлтүүдээс үл хамааран тус байгууллагын үндсэн үнэт зүйлс болох харилцан хүндэтгэл, хамтын хөгжил, харилцан ашигтай хамтын ажиллагаа зэрэг нь улам бүр үнэ цэнтэй болох нь дамжиггүй.


Тяньжинийн дээд хэмжээний уулзалт нь ШХАБ-ыг өндөр чанартай хөгжлийн шинэ үе рүү хөтөлж, илүү эв нэгдэлтэй, эвсэг зохицонгуй, дэлхий дахины хөгжил дэвшилд илүү эерэг хувь нэмэр оруулах хүчирхэг “нөхөрлөлийн хүрээлэл”-ийг улам бүр бэхжүүлэх арга хэмжээ болно гэж ажиглагчид үзэж байна.


 


Г.Солонго