sonin.mn
1958 онд анх Баруунтурууны САА-г байгуулах нам засгийн шийдвэр гарч, эмнэлэг, сургууль зэрэг гол гол албан байгууллагуудыг Увс аймгийн Цагаанхайрхан сумаас Баруунтуруун руу нүүлгэсэн юм. Ийнхүү намайг нэг настай нэхий өлгийтэй байхад манайх гэдэг айл энэ газар  төвхнөхөөр иржээ. Сум, САА-н төвийг шинээр барьж байгуулахад өмнөд хойд хөршийн тусламж, илгээлтийн эздийн их нүүлт баруун аймагт анх ингэж зэрэг эхэлсэн түүхтэй. Хятад барилгачид сумын захиргаа, клуб, манай сургуулийн хоёр давхар байшинг барьж, орос мэргэжилтнүүд анхны трактор, комбайн, техникийг хойноос оруулж ирж, угсарч, монгол ажилчдыг сургаж, Өлөнгийн их талыг хагалж тариа тарьж эхэлсэн байдаг. Ингэж Монгол улсад анх эхлүүлсэн атрын аяныг нүдээр үзэх хувь тавилан тэр үеийн хүүхэд бидэнд ногдсон юм. Энэ зун төрөлх сургуулийн маань 70 жилийн ой болно. Сургуулийн багш хамт олондоо танай сайтаар дамжуулан нэгэн нийтлэлээ хүргэмой.
 
Одоогоос дөч гаруй жилийн тэртээ буюу 1965 онд намайг анх бага ангид орж байхад сумын төвийн миний үеийн банди нар тоодгор хөвөнтэй куртка хөдөрнө, хөдөөнийхөн голдуу хөх дээл өмсөж, ногоон бүс бүсэлдэг, охидууд нь ногоон дээл, хөх бүстэй, цөм дээлийнхээ заханд цагаан даавуун зах хадаж, галстук зүүсэн байх ёстой байлаа. Өглөө сургуульдаа ирэх бүрдээ гутлаа тосолж өнгөлсөн байх журамтай, жижүүр ангийн сурагчид сургуулийн гаднах хаалган дээр нусны болон гутлын алчуур, галстук, “Хувиа борлуулах хайрцаг” шалгаж оруулдаг. “Хувиа борлуулах хайрцаг” гэгч гутлын тосны жижигхэн хар төмөр хайрцганд зүү утас, дээлийн өнгөний өөдөс даавуу байдаг, тэр нь ангидаа барилдаж байгаад ч юм уу, санаандгүй дээл, хөвөнтэй куртикаа онгилсон тохиолдолд нөхөх зориулалттай эд. Сандал хүрэлцдэггүй учир өглөө зарим нь ирэхдээ гар хийцийн эвхдэг сандал барьж ирнэ. Хичээл тараад сандлаа аваад явдаг байлаа. Ариун цэврийн үзлэг сумын эмнэлгээс гэнэт гэнэт ирдэг учраас хир буртаггүй, бөөс хуурсгүй байх ёстой. За үзлэгээр бөөстэй гарчихвал тэрүүн шиг шившиг гэж хорвоод байхгүй. Нөгөөхийг нь жижигхэн цаасанд боолгож бариулчихаад “анги хэсүүлнэ”. Сургуулийн зааланд микроскоп тавьчихаад нөгөө амьтныг чинь хүүхэд болгоноор дурандуулна. Одоо бододоод байхад бидний бага нас их хөгжилтэй өнгөрсөн байх юм.
 
         “Улаан галстук бол та нарын амьдарч буй энэ сайхан орон, эрх чөлөө, тусгаар тогтнолыг чинь хамгаалахын төлөө тулалдаж, халуун амиа алдсан өвөг дээдсийн чинь цусны өнгө. Та нар тэднийг үргэлж санан дурсаж явахын тулд галстукаа байнга зүүх ёстой” гэж ирээд л галстукаа мартсан хүүхдүүдийг загнадаг байсан Маамуу багш маань аль хэдий нь Бурханы оронд заларсан байна. Сургуулийн босгыг алхаж оронгуут "Баатарчуудын " эгнээнд шууд элсэнэ. Бяцхан бидэнд  ариун цэвэрч, нягт нямбай байдал эзэмшүүлэх, шинэ дуу сургах, биеийн тамирын дасгал  сургуулилт хийлгэх зэрэг ажлыг эвлэл, пионерийн байгууллага удирдан явуулна. Миний хувьд хамгийн мартагдашгүй дурсгалтай үйл явдал бол пионерт элссэн явдал байсан. Туг далбаа барьж, бүрээ бөмбөрөө нижигнүүлэн  жагсаж яваа хөвгүүдийг Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг тамир”кинонд гардгийг санаж байна уу? Яг түүн шиг чинь алхдаг бид байсан юм. 
   Бага ангийн сурагчдыг пионерт хүндэтгэлтэйгээр элсүүлэх нь тэр үедээ их л моод байж.  Пионерын удирдагч маань Маамуу багш хэмээх ээжтэй маань адилхан нэртэй нас чацуу нэг үеийн хүн байлаа. Бид түүнээс айна эмээнэ. Пионерт элсэхийн урьд орой ээжээрээ бяцхан улаан бүч буюу бидний хэлдгээр галстукаа  цогны индүүгээр хиншүү үнэрттэл индүүдүүлж аваад маргааш өглөө нь эртлэн босож Туруун голын жаварт хайруулан гүйсээр сургууль дээрээ очиж байсансан. Тэр үед сургуулийн хашаан дотор байсан бусдаас онцгой “Пионерын танхим” хэмээх нэг давхар чулуун байшин нь өвөлдөө яаж ч галлаад халдаггүй холдүү хонгил байлаа. Галстукийг маань Цэдэнбал даргын зурагны дор тангараг өргөсний дараа Хургаа багш маань зүүж өгч байж билээ. Улаан бүчээ зөв зангидаж сурах гэж бас багагүй мунгинана аа. 
 
“Шаравын Пүрэвсүрэн би  Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын Пионерийн Байгууллагын  эгнээнд элсэн орохдоо МАХН-ын үйл хэрэгт чин үнэнч байж, пионерийн чин эрмэлзлийг нэр төртэй биелүүлэхээр андгайлж байна. МХЗЭ-д элсэхэд биеэ бэлтгэж баатарчуудыг үлгэрлэн дагуулна хэмээн тэр үед цээжилж байсан пионерийн тангаргаа хөх ягаан бэхээр тун нямбай дармалдан бичсэн байснаа одоо харахад туйлын дурсгалтай.   12 хуудастай нимгэн дэвтрийн шарласан хуудсуудыг эргүүлэхэд сурагчийн дүрэм, пионерийн чин эрмэлзлэлээс өгсүүлээд зуун эхээс хүлээн авах төлийн тоо, пионерын дуугаа хүртэл бичжээ. 
Бүхий олон багачуудаа
Бүрхсэн улаан цэцэрлэгтээ
Бүрийн шинээр үүссэн
Бүжиг наадмаар наадацгаая, бэлхэн ээ!
Ариун улаан цусандаа
Ардынхаа хувьсгалыг шингээж
Ариун уураг тархиндаа
Ардын боловсролыг хөгжүүлье, бэлхэн ээ!
Шинэхэн улаан бүчийг
Салхины зүгтээ хийсгэнэ
Шинэхэн өсвөрийн багачуудаа
Сэтгэлийн үзүүрийг хөдөлгөнө, бэлхэн ээ!
 Бэлтгэн нэгдэж жагссан
Багачууд, хүүхэд бүгдээрээ
Биелсэн эрдэмд боловсоч
Баатар хувьсгалыг залгамжилья бэлхэн ээ! гэж дуулан “Монгол ардын Хувьсгалт хэргийн төлөө Хэзээд бэлхэн” гэж хоороороо хэлээд годхийтэл ёсолдог байсан гээд ярихаар охин маань одоо хүртэл үнэмшдэггүй, шоолж хөхрөөд байдаг юм. 
Бид дуу  хөгжим сурах, экскурс, биеийн тамирын элдэв уралдаан тэмцээн зохиохын зэрэгцээ  хаягдал ноос түүх, хог цэвэрлэх, яс төмөр цуглуулах зэрэг ажилд  тун идэвхтэй оролцдог байсан. 
  Пионер гэдэг нь  ер нь аливаа зүйлийг анхдагч нээгч гэсэн утгатай үг л дээ. Тиймээс эрдэм номд шамдан суралцаж, ирээдүйд ажилчин, малчин, багш, инженер, эрдэмтэн болж эх орондоо ихийг бүтээх гэсэн чин эрмэлзэлтэй, шуналгүй, хувиа хичээдэггүй, нийтийн төлөө бие сэтгэлээ зориулах хүмүүжилтэй болоход маань тэр үеийн пионерийн байгууллага асар их хувь нэмэр оруулсан гэж би боддог.  
  Улс даяар соёлын довтолгоон явж байх тэр үед бүх нийтийг бичиг үсэгт сургах бүлгэм, дугуйлан ажиллаж, аав ээжүүд маань хамрагдаж, тэдэнд туслах эвлэл “пионерийн аян" өрнөдөг байлаа.  Пионерийн байгууллагын туг, улаан бүч, тэмдэг бүлгийн дарцаг зэрэг бэлэг тэмдгүүдийг тун хүндэтгэлтэйгээр хэрэглэнэ.  Пионерын бүлгийн ахлагч нар нь бас болоогүй ээ, улаан бүчнийхээ хүрээнд хөх тууз захлуулан оёж гангарна. 
    Монголын Пионерын байгууллага нь нэр хүнд цар хүрээний хувьд одоогийн хүүхдийн байгууллагатай харьцуулахын аргагүй нүсэр байгууллага байж. Энэ байгууллагын эх орныхоо хөгжил цэцэглэлд оруулсан хувь нэмрийг төрөөс үнэлэн Сүхбаатарын одонгоор гурвантаа шагнасан байдаг.  Байгууллагыг тухайн үед Сүрэнжав гэгч эмэгтэй олон жил удирдсан даа.  
  1971 оны зун ардын хувьсгалын 50 жилийн ойн баярын өмнөхөн ЗХУ-руу олон улсын пионерын зусланд явахаар биднийг хөдөөнөөс анх хотод орж ирэхэд гол хаалганыхаа өмнө Володягийн хөшөөтэй Монголын Пионерын ордонд автобусаар авчирч байж билээ. Хашаанд нь байсан жижиг байшинд биднийг байрлуулж, Цэрэндорж бид хоёр шалан дээр нь матрас дэвсэн хэд хоног унтаж байсан нь миний хувьд анхны зочид буудал маань болж байсан учраас сэтгэлд өег дулаахан байдаг юм. Хожим нь энэ ордныг нурааж, оронд нь шинэ барилга барих, Володя хүүгийн хөшөөг буулгах шийдвэр гаргах гэж байгааг сонсоод дотор эвгүйрэхдэг байлаа. Харин Филатова гуайн шууд дэмжлэгээр 1984  онд Монголын пионер, сурагчдын ордныг ашиглалтанд оруулсан явдалд Монголын хүүхэд багачууд мөнхөд талархаж явах ёстой юм шүү.   
 
   Зуныхаа амралтаар эрэгтэй хүүхэд бүр 15 зурамны арьс, эмэгтэй хүүхэд болгон тав таван ширхэг дэрсэн туужуур хийж авчирч сургуульдаа тушаана. Завсарлагаа бүрээр бага ангиуд хичээллэдэг бидний нэрлэж заншсанаар “долоон тасалгаатын” хонгилын хоёр хананд эгнэн, өөд өөдөөсөө харан зогсож, эх орон нам ард түмний сэдэвтэй дуу дуулцгаана. Орос хэлний Батмөнх багш маань захирлын даалгавраар нэг удаа “Интернациональ” гэдэг дууг бидэнд хичээлийн завсарлагаанаар зааж удирдан дуулцгааж байтал миний хажууд зогссон нэг нөхөр “үгээгүйчүүд” гэдгийг “үхээгүйчүүд” хэмээн дуулснаас болж би писхийн инээд алдаж, багшийг шоолсон хэргээр бүдүүн модон “указка” хугартал тархин дундуураа татуулж байж билээ. Ангийн буланд хадсан хуваарийн дагуу өдөрт хоёр хүн хичээл тараад ангиа угааж цэвэрлэн эд хогшлыг эмхэлж цэгцэлнэ. Хичээл хонхны дуугаар эхэлнэ, хонх дуугарснаас хойш хоцорч ирвэл багш нарын конторт эхний цаг дуустал хоёр гараа алдлан өргөж зогсдог хатуу дэгтэй байлаа.
 
Анги бүрт “Цэдэнбалын нэрэмжит” гэх бусдаас онцгой цэвэрхэн шинэ ширээ нэжгээд байх бөгөөд түүн дээр тухайн долоо хоногийн турш бүх хичээл дээрээ онц дүн авсан, сахилга батаараа тэргүүлсэн, ном зохиол олныг уншсан гээд бусад үзүүлэлтээрээ үлгэр жишээч  хоёр сурагч сууна. Энэ цаг мөчөөс түүний нэрэмжит ширээн дээр суух бол бяцхан бидний хувьд нэр төрийн хэрэг болж байж.  Би бүх үзүүлэлтээрээ болзол ханган энэ ширээнд үе үе залрах боловч, ангид барилдаж ноцолдож, орос бахиалын резинэн улаар ангийн шал харлуулж балиартуулсан хэргээр заримдаа зиндаа буудаг байв. Бахиалын резинээр будагдсан хар мөрийг хичнээн савандаж угаагаад ч арилна гэж гонжийн жоо.
   Биеийн тамирын заалгүй учир аль ч улиралд хичээл гадаа орно. Өвөлд нь цана тэшүүр, хавар намарт нь гүйлт харайлт гээд хөнгөн атлетик голдуу орох. Биеийн тамирын багш Дашцэрэн, Цэвээн гэж ууртай догшин, хатуу шаардлагатай багш нарын ачаар манай сургуулийн олон сурагчид цана, тэшүүрээр аймагтаа бүү хэл баруун гурван аймагтаа байнга түрүүлж шалгаран тэр үеийн хүүхэд бидний мөрөөдлийн хот Улаанбаатар явдаг байв. Эсгий гутлан дээрээ тэшүүр баглаж аваад өдөржин Туруун гол дээрээ хоккейдэх, хажуугийн уулнаас цанатай нь цанаараа, цанагүй нь чаргаараа гулгах аа даа мөн сайхан даа. Би ч мөн V ангид байхдаа пионер сурагчдын спартакиадаар дөрвөн төрөлтийн тэмцээнд аймагтаа түрүүлчихээд Ховд, Баян-Өлгийн хүүхдүүдтэй баруун бүсийн тэмцээнд орсон боловч аз дутаж шалгарч явж чадаагүй ч тэр жилээ сургуулиасаа сурлагаар шалгарч Хар далайн олон улсын хүүхдийн “Орлёнок” зусланд явж байлаа. 1960-аад оноос Увс аймагтаа анх удаа гар бөмбөг, хөл бөмбөг, шатар, теннис, хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлсэн хүн бол Я.Дашцэрэн багш маань.“Боксын тэмцээнээр аймгийн аваргат анх оролцохоор Баруунтуруунаас Цэдэнпил багштай бид долоолуулаа явлаа. Суманд боксын хос бээлийтэй хүн ганцхан байсны нэг нь хуучран задарч, оёоод оёоод сэхэл авахааргүй болчихсон байсан тул өрөөснийг нь хонины арьсаар өөрсдөө оёж дотор нь ноос чихэж аваад бэлтгэл бэлтгэлээ базааж авлаа. Аймагт очоод бидний нэг нь ганц ч удаа ялалгүй, багш шавьгүй бүгдээрээ булдруу болтлоо нүдүүдлчихээд ирэхэд минь сургуулийнхан айхтар  шоолж билээ” гэж 1962 оны төгсөгч Нямжав гуай хуучилсан юм. 
Миний амьдралдаа сурсан анхны орос дуу бол “Орленок” зусланд орон орны хүүхдүүдтэй хамтдаа дуулж байсан  “Наран үүрд мандаж байг” гэдэг дуу байлаа. 
Солнечный круг,
Небо вокруг 
Это рисунок мальчишки.
Нарисовал он на листке
И подписал в уголке:
 
 Пусть всегда будет солнце,
Пусть всегда будет небо,
Пусть всегда будет мама,
Пусть всегда буду я! гэх хүүхдүүдийн цангинасан дуу одоо хүртэл чихэнд минь хадаастай.
Магнитофон, цахилгаан гитар энээ тэрээ гэж байсангүй, баян хуур, бөмбөрийн хослолоор, хааяа хааяа онцгой баяр ёслолоор гуулин хөгжмийн аян доор мөсний хонгил шиг хүйтэн сумын клубт тоос манартал бүжиглэх эсвэл захирлаас бултан киномеханикч Лхайжав гуайгаар чихдүүлэн байж орчуулга ч үгүй орос кино үзэх л бидний ганц зугаа болдог байж дээ. Биктрул гэж нэг гайхалтай хар хайрцагтай айл сумын төвд ганц хоёрхон байсан даа. Бусад нь бол айл болгонд байсан  “Север” гэх шугамын радио, сумын холбооны шон дээр бэхлээтэй  чихний чийр болтол өдөржин хангинах чанга яригч буюу бидний тэр үеийн нэрлэдгээр цагаан хоолой л байлаа. Сонсох дуртай гац хөтөлбөр бол бүтэн сайн өдрийн 10 цагаас явдаг хүсэлтийн хариу нэвтрүүлэг тэр тусмаа царгиа хоолойгоор хүнгэнэтэл дуулах Адарсүрэнгийн дуунууд.
  Жил бүр зохиогддог онцгой нэгэн үйл явдал бол пионер сурагчдын урлагийн үзлэг байлаа. Хичээл тарсны дараа үүнд бэлдэж байна гээд бараг бүтэн сар хөгжим хангинуулдаг байсансан.  Концерт хоор дуугаар эхэлнэ, тэр нь “Намын тухай” дуу. Хоорыг шугам зургийн Маамуу багш удирдана. Хожим нь Будаасүрэн багш маань ирж бид мэрэгжлийн багштай болцгоосон юм.
Алтай Хянганы завсраар Нутаг даяараа хэмээн эхлэхэд би баяанаа бариад голд нь зогсчихно, Нарангэрэл, Эрдэнэцэцэг нар шанз, Цэндхүү ёочин тоглоно. Баахан охидууд мандолин хангинуулна. Октябрийн баяр, шинэ жил, хүүхдийн баяр, урлагийн үзлэг гээд бүх л концерт нэг л иймэрхүү. Дараа нь заавал эх орноо магтан дуулцгаана.
Дэлгэр Монгол орноо
Магтаж бид нар дуулахдаа
Тэнэгэр сайхан жаргалаа
Бахдаж заавал оруулдаг
 
Амьдралын хамаг жаргал нь
Эрх чөлөөндөө байдаг
Аливаа тэр чухлы нь
Ард бид нар эдэлдэг
 
Хөдөө тал минь малаар дүүрэн
Хөвч ой минь ангаар бүрэн
Хөрсөн доор нь эрднээр арвин
Хүний хэрэгцээ цөм багтсан
 
Яндаж болдоггүй далай шиг
Яасан баян нутаг вэ
 
Энэ дуу хэзээ ч мартагдахгүйгээр зүрх сэтгэлд минь хоногшин үлджээ. Хүн нас ахиад ирэхээр өнөө маргаашийнхаа үйл явдлыг мартаад эхэлдгийг одоо л би биеэрээ мэдэрч байна. Харин хүүхэд ахуй цагийн үйл явдал бол хэзээ ч мартагддаггүй юм байна.  Өнөөдөр энэ дууг алс холын Африк тивд энхийг сахиулах  алба хашиж буй Монгол цэргүүд орон орноос ирсэн үе тэнгийнхэндээ заагаад өгчихсөн тэд нар нь монголоор тун цэвэрхэн дуулан алхаж явааг харахад үнэхээр бахархууштай. Үнэхээр бид ямар их хувь заяагаар энэ агуу орны эзэн нь болж төрөв өө..
 
За тэгээд Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэггүй концерт гэж бараг байхгүй дээ. Концертын төгсгөлд  “Дархан хил” аялгууг Тогтох багшийнхаа удирдлагаар Алтай, Дамиран бид хэд гоцлон гуулин хөгжим хангинуулан  дуусгадаг байлаа. Биднийг хар багаас нь  ийм маягаар л эх орон ард түмэн, ахмад үеээ хайрлах үзлээр хүмүүжүүлдэг байж. Багаасаа “номны өвчтэй” намайг сургуулийн пионерийн бүлгэмийн дарга УИХ-ын гишүүн асан Төмөр нэг удаа дуудан үүрэг өгсний дагуу би “Нацагдорж тэмдгийн” болзол хангахаар сумын жижиг номын санд ихэнх цагаа өнгөрүүлж, сүүлдээ нөгөө номын хэнээ тусна гэдэг нь болсон уу яасан бүү мэд багын найз Иванов бид хоёр энд байсан бараг бүх номыг уралдаж уншиж дуусгасан даа.  
Цэвгээ захирал 
Хааяа нэг цуглаж нийлэх үед Цэвгээ захирлыг дурсахгүй өнгөрнө гэж миний үеийнхэн дотор л бараг байхгүйдээ. Хаврын өглөө Бухын голын эрэг дээр түүгээр командлуулан марш алхаж байснаа, эсвэл арван нэгэн сарын сүүлчээр дотуур байрны хүүхдүүдийн идэшний малыг хөвгүүд нь нядалж, охидууд нь гэдэс дотрыг нь цэвэрлэдэг байснаа, түүний шүглийн дуу өглөө бүр тачигнаж намрын хяруу буусан зэврүүхэн өглөө биеийн тамирын талбайг тойрон гүйдэг байснаа хүн бүр л ам уралдан ярих дуртай.
Хагас сайны өглөө болгон 7.30-д улс төрийн эсвэл хичээл хүмүүжлийн сэдэвт яриа ахлах дунд ангиудын дунд явагдаж түүнийг нь захирал өөрөө голдуу удирдан явуулах “хоббитэй” байлаа.  1966 онд Хятадад “соёлын хувьсгал” гарч Мао Це Дуны улаан хамгаалагчид улс орноо яаж түйвээж байсныг бүр манай элчингийн жолоочийг хүртэл нэвширтэл зодсон тухай яриаг захирлынхаа амнаас бид алмайран сонсоно. 1973 оны намар хичээл эхлээд нэг их удаагүй байсан санагдана, захирал биднийг хичээл дундуур бүгдийг нь сургуулийн зааланд шавдан оруулж Чилид төрийн эргэлт болж Пиночет гэх фашист эр Чилийн ард түмний удирдагч Сальвадор Альендегийн амь насыг хөнөөсөн тухай түгшүүрт мэдээг хоолой нь зангиран нүдэндээ нулимс хуруулан байж дуулгалаа. Тэгэхэд бид Чили гэж хаа байдгийг ч мэдэхгүй төрийн эргэлт гэж юу яриад байгааг ч ойлгох чадваргүй балчирхан амьтад мөртлөө харин Вьетнамын хотуудыг Америкийн онгоцууд бөмбөгдөж байсныг сайн мэддэг байсан юм. 
  Өвлийн амралтаар багш нараа дайчлан сургуулийн хөлдүү жорлон ухуулна, намар ахлах ангийн бүх сурагчид бүгдээрээ сургуулийн түлшний мод бэлтгэхээр ууланд явна, САА-н хадлан, тариа, ногооны бүх ажилд дайчлагдана. Намар намартаа дотуур байрны найз нарынхаа идшинд авчирсан хонийг төхөөрч янзлах гэж нэг том ажил болно. Есдүгээр ангиас дээш ангийн эрэгтэй хүүхэд бүр хоёр хонь төхөөрч, өвчиж янзалж, охидууд нь гэдэс дотрыг нь цэвэрлэнэ. 11 сарын сүүлээр явагддаг байсан энэ компанит ажлаас хойшоо суух зугатах эрх хэнбугайд ч байгаагүй. Бид ингэж нухлуулснаар муудсан юм байгаагүй, харин ч  багагүй ажлын дөр амьдралын туршлагатай болсон юмдаг.  
 
    Захирлын маань хамгийн ад үздэг хувцас бол монгол гутал, орос бахиал хоёр байлаа. Яагаад гээч, Монгол гутал нь монголчуудын хоцрогдлын илэрхийлэл, орос бахиалыг болохоор  сургуулийн хана, шал харлуулдаг, түүнийг нь угааж  зүлгээд  арилна гэж байдаггүй учраас тэр.  
    Гуравдугаар цагийн завсарлагаа болгоноор багш шавь ялгалгүй хөхөө өвлийн хүйтэнд бүгдийг нь хөөж гаргаж байгаад гимнастик хийлгэнэ, өрөөсөн хөл дээр нь босгож суулгана. Сууж босож чадахгүй нэг нь   салтаа руугаа өшиглүүлнэ. Өөрөө тэрээр махлаг тарган, тавь хол гарсан хэрнээ  өрөөсөн хөл дээрээ хэд л бол хэд сууж босож чадна. Захирлын хэлдгээр  “нялцгай биетнүүд” бидэнд  бол тэр нь ёстой давахгүй даваа байлаа.    Бидний үеийнхний хамгийн өрсөлдөөнтэй хичээл бол математик байсан. Дамдинхүү, Рашзэвэг бид хэд сэтгэлгээний бодлогын зангилааг бие биенээсээ түрүүлж тайлах гэж мөн ч их ач тач үзэлцсэн дээ. Аймагт болох математикийн олимпиадад бэлтгэж байгаа нь гэж гуравдугаар улирлын амралтаар хэдүүлээ сургууль дээрээ үлдэж, тоо бодохоосоо өмнө дотуур байрны жижиг өрөөнд тоос манартал барилддаг байлаа. Ээжийн хийж өгсөн сэгсүүргэн дээлнээс өөр олигтойхон солих хувцасгүй байж, “ганц дээлт барилдаач, ганц морьт уралдаач” гэдэг шиг  хормойг нь шууж байгаад нөгөөдүүлтэйгээ үзээд явчихна. Ээж маань энд тэндхийн мөн ч олон хүүхдийн суганы ханзархайг нойлын бүдүүн утсаар шидэж торгоож өгсөн дөө.. Бөөрийг нь улайстал галласан дотуур байрны зуухан дээр унаж бие биенийхээ нурууг шарчихаагүй ч, төмөр орны өнцөг юм уу шал мөргөж хөмсгөө задлах, духаа шалбалах бол юу ч биш байлаа. 
  Аравдугаар ангийн нийгэм судлалын улсын шалгалтан дээр Цэвгээ захирал надаас –Фридрих Энгельсийн “Бич хүн болоход хөдөлмөрийн роль” гэдэг алдарт бүтээлийг уншсан эсэхийг лавлав.
–Уншсаан л гээд туучихлаа. –За хө хүн бичнээс үүссэн юм бол үс ноос нь яаж гуужсан юм болоо гэж байна. Тэгэхээр нь би бодож бодож, -Хүмүүс махыг түүхийгээр нь идэхээ больж, шарж, чанаж хэрэглэдэг болсон цагаас л юм болов уу гээд залчихсан чинь хэрэг бишдэж, –Тэсийн Гомбосүрэнгийн эхнэр гэж нэг мах огт иддэггүй авгай байдаг юм. Тэр эмэгтэй чинийхээр бол цул үс ноостой амьтан байж таарлаа гээд тачигнатал хөхрөн намайг даапаалж байж билээ.
 ”Хүнд наад зах нь нусны, хөлсний, амны гээд гурван алчуур байх ёстой” гэнгүйтээ гурван өөр халааснаасаа гурван өөр өнгийн алчуур гаргаж, тус бүрийг нь зориулалтаар нь хэрэглэж үзүүлчихээд “Энэ хар та нар, ийм байдаг юм, гэтэл та нарын заримд нь ганц ч алчуур байхгүй, зарим нь ганц байдгаараа бүгдийг холиод арччихдаг” гэх нь өдөр бүр. “Жорлонд ч зөв суугаад бие засч чаддаггүй, хонгон дээрээ нүхтэй юм шиг банзан дээр нь палийлгадаг эсвэл тонгойж байгаад арын хана өөд нь годгодуулж орхидог гэх юм уу, “яван шээгч” нар зүгээр нэг сарьчихаж чадахгүй бас цасан дээр О-Х, О-Х гэж бичин савируулдаг гэхчлэн үргэлж зандчиж явна.
Ямаа, захирал хоёр хэзээний дайснууд, яг хонь чоно хоёр л гэсэн үг. Тэдгээр зүлэг мод сүйтгэгчдийг сургуулийн хашаанд орж ирэнгүүт манаач Балжив гуайгаар эсвэл бид нараар бариулж аваад гарахын аргагүй гүнзгий нүхэнд хийж эзэн нь ирж олж автал хорин гэсгээдэгсэн. Зуны цагт сургуулийн ойролцоо тааралдсан болгоноо дуудан морин тэргэнд оруулж ус зөөлгөн мод услуулна, ер нь захирлыг харсан хэн боловч тэртээ холоос бараанаар нь бултан зугатдаг байлаа.
Захирлын хэлдгээр “Дотуур байрны давсаг султнууд” шөнө гарч морь харахдаа харанхуйгаас айдаг ч юм уу эсвэл сургуулийн хашааны булан дахь жорлон хүрэхээсээ залхуурдаг ч юм уу байрныхаа ойролцоо хөнгөрч орхидгийг нь болиулах гэж сурагчдын дотуур байрыг гаднаас нь цоожлон коридорт нь юм угаадаг төмөр ванны нь тавьж өгснөөс болж тэрээр аймгийн боловсролын хэлтсээс донго авч байсан удаатай. 
Биднийг их жаргалтай цаг үед төрсөн азтай үр сад гэнэ. Захирлын үед байрны хүүхдүүд дотроо бандааш турсикгүй уртаашаа ганц нэхий өмдтэй байсан юм байх. Тэрнийгээ бөөстчихөөр нь тайлж өвлийн хүйтэнд хашааны толгойд өлгөчихөөд орой нь саваадахад орчны цас тэр чигээрээ харладаг байсан гэх ч юм уу. Тэр өдөр доогуураа юу ч үгүй хичээлдээ ирчихээд босохгүй суугаад байхаар сахилгагүйчүүд “энэ яагаад ийм томоотой болчихов” хэмээн хормой сөхөж үйлийг нь үздэг байсан гэж ярин биднийг муужиртал хөхрөлдүүлдэг байсансан.
 
Далаад оны эхээр Анжела Девис гэх САА-н каракуль хонь шиг буржгар толгойтой нэгэн хар эмэгтэй Америкт хүний эрхийн төлөө яаж мятаршгүй тэмцэж байгаа тухай бас хэн ч билээ нэг нөхөр цагаан ордны гадаа өлсгөлөн зарлаад суучихсан босохгүй байгаа талаар ер нь л Америк гэж ямар аймшигтай империалист мангас биднийг залгихаар бэлтгэж буйг манай захирал нүдэнд харагдаж зүүдэнд үзэгдтэл ярина. Сургуулийн зааланд Намын төв хорооны Улс төрийн товчооны долоон гишүүний зураг өлгөөтэй байх  бөгөөд тэдгээрийн нэрсийг мэдэхгүй байснаас уншиж сураагүй нь бараг дээрд тооцогддог байлаа. 
Эх орны дайны тухай кино суманд хааяа ирэх юм бол сургуулийнхаа бүх багш, сурагчдад зохион байгуулалттайгаар үзүүлнэ. “Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм” гэдэг орос киног бидэнд бүр хоёр удаа үзүүлсэн гээд л бодчих. Багш сурагчидгүй түүнээс айцгаана, сургууль болоод сумынхан дотроос түүнийг эсэргүүцэх зоригтон тун цөөхөн байсан юмдаг. Өвлийн амралтаар багш нараа дайчлан сургуулийн хөлдүү жорлон ухуулна, намар ахлах ангийн бүх сурагчид сургуулийн түлшний мод бэлтгэхээр ууланд явна, САА-н хадлан, тариа, ногооны бүх ажилд дайчлагдана. Бид ингэж нухлуулснаар муудсан юм байгаагүй, харин ч багагүй ажлын дөр амьдралын туршлагатай болсон юмдаг. Биднийг хүүхэд байхад Сталины улаан фен байсан захирал маань сүүлдээ ардчиллынханд яс махнаасаа дургүй нэгэн болж билээ. 2004 онд Бурхан болохоос нь өмнөхөн очиж уулзахад “Эд нар Цэдэнбал даргын маань бүтээсэн бүхнийг устган улс орныг баллаж байна. Гончигдорж, Элбэгдорж, Энхсайхан... тун нэрийг нь хэлэхээс ч дургүй хүрээд байх юм” хэмээн үглэж суусансан.
Цэвгээ захирлаас гадна “химийн” Чулуун, “байрны” Цэрэнсамбуу гэж хүүхэд бүрийг айлгадаг ширүүн багш нар цөөнгүй байлаа. Энэ гараар нэг алгадахад та нараас юу үлдэхэв хэмээн Цэрэнсамбуу багшийг паривгар гарынхаа алгыг харуулахад нь бидний сүнс зайлчих дөхнө. Үнэн хэрэгтээ тэрээр биднийг алгадах нь байтугай хүчтэйхэн няслаж ч үзээгүй дөлгөөхөн хүн. .Ялангуяа зэргэлдээ сумдаас ахлах ангид ирсэн дотуур байрны гүргэр “эрчүүд” Цэрэнсамбуу багшийн жижүүртэй өглөө түүнийг ирэхээс нь өөрсдөө яагаа ч үгүй эрт босчихдог мөртлөө дөнгөж багшийн сургууль төгсөөд ирсэн бага ангийн багш залуухан бүсгүй Пагамжавыг тоодоггүй харин ч эрчүүд нь өглөөд босохгүй нэгийнх нь хөнжлийг хуулах үед орондоо зориуд чармай нүцгэлчихсэн байж байгаад өөрийг нь ичээдэг байсан гэлцдэг. 
Монгол хэл уранзохиолын “Го” багш буюу Гомбожав багшийгаа бид монгол дээл, дэгжин щляпнаас салдаггүй болохоор нь ч тэр үү, эсвэл хааяа “Малчин” сонинд шүлэг өгүүллэг нь нийтлэгддэг болохоор нь ч юм уу “Хөдөөгийн Нацагдорж” хэмээн хүндэтгэдэг бас ч чамгүй хатуу багш байв. Далаад онл нэрд гарч байсан Д.Пүрэвдорж гуайн “Сэгс цагаан богд” найраглалыг бүгдийг нь цээжлээгүй хүн түүнээс дүн авна гэж гонжийн жоо. Цээжлэхдээ гайгүй боловч хэл ам муутай, дольтроодуу, бүрэгдүү эрчүүд пүл пал хийж хамар дотроо пургих, эсвэл нөгөө сүрхий нүүрэмгий охидууд баяд дөрвөд аялгаараа унших гэж ёстой уянгалуулж өгнө дөө. Ангид шивэр авир, заримдаа пис пасхийсэн бөөн инээдэм болно, тэр үед “Го” багш ёстой мэнчийтэл уурлаж, бидний инээд ханиад болох үе ч олон. “Журнал хоёроор дүүргэж, жорлон чацгаар дүүргэдэг та нарыг яаж Бал дарга шиг ном уншдаг болгохов? Тэр хүн хоногт гурав дөрөвхөн цаг унтаад л болчихдог гэнэ лээ. Та нар ядаж эртхэн унтаад өглөө зургаан  цагт босч сураач. Төрийн дуулал эгшиглэж байхад орондоо дугжирч байх нь туйлаас  ёс суртахуунгүй хэрэг... Тархинд ухаан оруулдаг тариа гэж байдаг болоосой, тун нүдийг нь бүлтэртэл гавал руу нь шахах юмсан.” хэмээн захирал маань аашилна. 
Манай сургуулийн галч Гүнчин гэж ганцхан дуу мэддэг болов уу  гэмээр нэгэн өвгөн байлаа. Тэр нь төрийн дуулал. Нойтон модоор галаа асаах гэж зуухны өмнө бөгтийж суухдаа хүртэл нөгөө л аяаа гиншиж суудагсан.   Хөдөөний сумууд дотроос Тэсээс ирсэн баяд хүүхдүүд орос хэлэндээ Хангайн халхуудыг бодвол арай дөмөг. Манай ангийн Нямжав мэтийг хил орчмын Тувачуудтай багаасаа “контрбанд” хийсээр байгаад хэлэндээ сайжирсан ч гэж явуулцгаадаг байв. Орос хэлний Батмөнх багш дотуур байрны жижүүртэй өглөө орондоо хоргодоод босч өгөхгүй нэгнийг хөнжлийг нь сөхөж байгаад харгана шүүрээр нүцгэн гуяыг нь үрэхэд яах ч аргагүй үсрэн босдог байсан гэдэг. Бас л хатуу тоглоом байгаа биз?
 
Дотуур байрны хүүхдүүд үдийн хоолондоо орчихоод ирэхэд нь анги дүүрэн дарсан манжин байцааны үнэр сэнгэнэн сумын төвийн бидний хагас өлсгөлөн ходоодыг хонхолзуулна. Заримдаа тэдний дунд бултан орж амжуулж чадах санаа байвч нөгөө нэрэлхүү зангаа бас тавимгүй байдгийн учир энэ тухай бодох ч шаардлагагүй. Хөдөөнөөс зайдуухан гэртээ хүүхдүүд морь унаж ирээд сургуулийн хашаанаас уяж орхино. Заримынх нь морь ойрхон явах машин трактороос үргэж, цулбуур жолоогоо тасдуулж аваад арилж өгнө өө. Бид нөгөөхийнх нь араас хөөцөлдөж барьж авах гэж бас нэг зугаатай юм болдог байж билээ. Хүүхэд насны мартагдашгүй дурсамжит мөчүүдийг ийнхүү тоочоод баршгүй 
 
                                      Ш.Пүрэвсүрэн
                                       “Турууны хүүхдүүд” номноос