sonin.mn


Үс унах, хугарамтгай болж өнгөө алдах зэргээс хүний гадаад өнгө үзэмж шууд хамааралтай байдгаас стресс, бухимдалд хүргэдэг болохыг сэтгэл судлаачид судалж тогтоосон байдаг. Тиймээс ч бид үсээ аль болох сайн шампуниар угааж, элдэв янзын тос, түрхлэгийг харамгүй хэрэглэн, үнэтэй салонд хамаг мөнгөө үрдэг.

Гэхдээ бидний үс арчилгааны арга зөв юм уу, сайн шампуниар угаагаад л болоо юу? Энэ болон өөр олон асуултанд хариулья.

Бидний толгойтой үсний ширхэг бүр амьдралын тодорхой хугацааг туулдаг. Дөнгөж төрсөн нялх үс эрчимтэй ургалтын шат буюу анагенд шилжинэ. Энэ нь 5-7 жип үргэлжлэх бөгөөд үүний дараа завсрын шат болох катагенд шилжээд боловсорч дуустлаа 10-14 хоног амьдраад телоген шатандаа шилжиж унадаг. Дараа нь тэр уутанцраас нь шинэ үс ургана. Эрүүл хүний үсний 80-90 % нь анаген, 1-2 % нь катаген, 10-15 % нь телоген шатанд байдаг байна. Хэрвээ таны үс мэдэгдэхүйц хэмжээгээр унаад эхэлвэл энэ нь дээрх 2 үе шатыг алгасаад шууд телоген шатандаа шилжиж байгаа буюу үс чинь гэмтэж муудсаны шинж тэмдэг юм.

Гэхдээ гялалзсан, намирсан торгомсог үстэй байхын тулд ердөө л дараах 8 дүрмийг баримтлахад хангалттай ажээ.

Дүрэм 1: Шампуниа зөв сонгох

Шампунийн гол үүрэг нь үснээс хир тоос, бохирдлыг цэвэрлэх болохоос үсийг зөөлөн, торгомсог болгох биш юм. Хамгийн гол нь шампуниа хуйхныхаа онцлогт тохируулж сонгох хэрэгтэй. Парабен болон отдушек агуулаагүй бол сайн. Ийм шампунь бага хөөсөрдөг, шингэн тунгалаг өнгөтэй байдаг. Хол зайтай угаавал тослогтох нь бага болох байх гэж найдаад бохир үстэйгээ яваад байхын хэрэггүй. Үсээ бохирдсон даруйд нь угааж байх хэрэгтэй. Учир нь ялгарч хуримтлагдсан тос нь хуйхны нүх сүвийг хааснас үсэнд тэжээл очих явцад саад болж хугарч гэмтэх, цаашлаад унахад хүргэдэг байна.

Үсийг нэг дор наад зах нь хоёр удаа угаах хэрэгтэй. Эхний удаад өнгөн хэсгийн тоос шороо, бохирдлоос, харин дараагийн удаад тосны булчирхайгаас ялгарсан тос шүүрлээс цэвэрлэх юм. Эхлээд шампуниа алган дээрээ дусааж хөөсрүүлээд нойтон үсэндээ угаас нь үзүүр хүртэл нь түрхэнэ. Дараа нь хуруугаараа / хумсаараа биш/ иллэг хийх маягаар 3-5 минут угаана.

Дүрэм 2: Үсний тос, ангижруулагч заавал хэрэглэ

Үсний тос болон ангижруулагч нь үсний ширхэг бүрт бүрхэвч үүсгэж торгомсог болгон, цахилгаанжихаас сэргийлэн самнаж янзлахад хядбар болгодог. Түүнчлэн найрлаганд нь агуулагдах бодисууд нь бага зэргийн гэмтлийг эмчилж, гадна орчны таагүй нөлөөллөөс хамгаалж, торгомсог, гялалзсан болгодог. Ихэнх хүмүүс үсний тос, ангижруулагч хоёрыг ижил үүрэгтэй гэж боддог. Тэдний үсэнд үзүүлэх үйлчилгээ адилхан боловч гол ялгаа нь найрлагандаа байдаг. Үсний тос буюу бальзам нь ангижруулагчийг бодвол тосыг их хэмжээгээр агуулдаг учраас хуурай, гэмтэлтэй үсэнд , харин ангижруулагч тослог үсэнд илүү тохиромжтой байдаг.

Хуурай хугарамтгай үсэнд протеин буюу уураг, аминхүчил, тос, керамид, кератин, Omega 3 агуулсан тэжээлийн тос, будагтай үсэнд силикон агуулсан тос түрхэх хэрэгтэй. Харин тослог ус их арчилгаа шаардах бөгөөд тос ихээр ялгарах нь микроциркуляцийг алдагдуулж, үсний угийн хүчилтөрөгчийн хангамж, тэжээлийг багасгаснаар үс өнгөгүй бүрзгэр болж унах нь ихэсдэг. Ийм үсэнд хэрэглэх тэжээлийн тос юмуу ангижруулагчийн үүрэг нь тос ялгаралтыг багасгах учраас тосны булчирхайн үйл ажиллагааг зохицуулагч чухал элемент болох цайрыг агуулсан байх шаардлагатай.

Тэжээлийн тос болон ангижруулагчийг хуйхандаа түрхэж болохгүй, учир нь хуйхны нүх сүвийг хааж бүрхэвч үүсгэснээр үсэнд тэжээл дутагдаж хугарч гэмтэх аюултай. Тиймээс тэдгээрийг иллэг хийх маягаар үсний угаас 3-5 см-ийн зайтай үзүүр хүртэл нь түрхэж өгнө. Ашигтай бодисууд нь үсэнд үйлчилэхэд 3-4 минут шаардагдах бөгөөд үүний дараа бүлээн усаар сайтар зайлна.

Дүрэм 3:Үсийг тэжээж, чийгшүүлэх хэрэгтэй

Бидэнд амьдрахын тулд хоол унд хэрэгтэй байдаг шиг үсэнд ч гэсэн эрүүл сайхан байхын тулд тэжээл, чийг хэрэгтэй. Тиймээс үсийг сэргээх зориулалтгай маск хэрэглэх хэрэгтэй бөгөөд түүний найрлаганд агуулагдаж буй ашиг тустай бодисын хэмжээ нь тэжээлийн тосныхоос даруй 2-3 дахин их байдаг байна. Ялангуяа малгай их өмсдөг, паартай байранд удаан хугацаагаар ажиллаж, амьдардаг бидний үс чийгээ хурдан алдаж хуурайшдаг.

Маскийг угааж, алчуураар чийгийг нь авсан үсэнд түрхэх бөгөөд ингэхдээ мөн л хуйхандаа түрхэхээс зайлсхийх хэрэгтэй. Заавар дээр нь 3 минут болго гэж бичсэн байсан ч 15 минут заавал байлгаж толгойдоо нийлэг малгай өмсөж, гадуур нь алчуураар ороож бигнэх хэрэгтэй.

Дүрэм 4: Нойтон үстэйгээ болгоомжтой харьц

Ус үсийг хүнд болгосноос нойтон үсийг алчуураар үрэх болон самнах явцад гэмтэж угаараа тасарч унах эрсдэлтэй. Тиймээс угаасны дараа шууд самнах хэрэггүй, усыг нь алчууранд шингээх маягаар зөөлөн арчих хэрэгтэй. Тэгээд аль болох өөрөөр нь хатаах хэрэгтэй.

Дүрэм 5: Халууны хамгаалалт!

Индүү, сэнс гэх мэтчилэнгийн зүйлс нь үсний чийгийг шавхаж, хуурайшуулдаг. Гэсэн ч үсээ сайхан хэлбэрт оруулахын тулд бид тэднээс татгалзаж чадахгүй нь мэдээж учраас гэмтээхгүйн тулд халуун зохицуулагч спрей хэрэглэх хэрэгтэй. Тэрээр найрлагандаа глицерин, пропиленгликоль, тос зэрэг үсэн доторх чийгийг хамгаалагч бодис агуулдаг учир үсийг индүүдэх, сэнсдэх явцад хуурайших, хугарч гэмтзхээс сэргийлдэг. Тиймээс сэнс, индүү хэрэглэхийн өмнө ийм төрлийн спрейг үсэндээ шүршиж өгөөрэй.

Дүрэм 6 : Самаа зөв сонго

Төмөр шүдтэй сам нь үсийг зулгаадаг учир татгалзах хэрэгтэй. Хуванцар, модон самнуудын шүд нь бөөрөнхийдүү байвал сайн. Хуйхны цусны эргэлт, улмаар үсний тэжээлийг сайжруулахын тулд үсээ өдөрт дор хаяж 4 удаа 3-5 минутын турш самнах хэрэгтэй.

Дүрэм 7: Зөв зохистой хоолло

Хоолоо сойсноор бидний бие организм, цаашлаад эрүүл сайхан үсэнд шаардлагатай амин дэм, эрдэс бодисыг авч чаддаггүй. Сайхан үстэй байхын тулд аль болох амьтны гаралтай уураг ихтэй хоол хүнс хэрэшэх шаардлагатай бөгөөд ялангуяа үсний 60 %-ийг бүтээдэг уургийн нийлэгжилтэнд оролцдог цайр энд юу юунаас илүү чухал юм. Цайраар баялаг хүнсэнд өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд, байцаа, овьёос, хар чавга ордог. Түүнээс гадна эрүүл сайхан үстэй байхад төмөр, кальци ч бас чухал бөгөөд эдгээр нь буурцагны төрлийн ургамал, загас, шувууны мах, элэг, улаан буудай, гурвалжин будаа, самранд ихээр агуулагддаг.

Дүрэм 8: Эрүүл мэнддээ анхаар!

Үс унах болон гэмтэж салаалах нь заримдаа ходоод гэдэс, бамбай булчирхай, бэлгийн замын өвчин, стресс, чихрийн шижин зэрэг өвчинтэй холбоотой байх тохиолдол бий. Тэгээд ч үс хамгийн сүүлд тэжээл авдаг эрхтэн болохоор түүний гэмтэл яь мэргэжлийн эмчид үзүүж шинжилгээ хийлгэх цаг болсныг чинь танд сануулж буй дохио юм.

Эх сурвалж: "Санхүүгийн мэдээ" сонин