sonin.mn

Хүүхдийн гийнгоо уянгалж, хурдны морьдын унгалдах чимээ уяан дээрээс аниртуулсан тал нутгийн наадам айлчлан ирлээ. Цэцэгсийн өнгөөр жигдэрсэн номин ногоон талыг ижил зүсмийн морьд, адил өнгийн дээлээр жавхаажуулдаг Жаргын голын наадмыг би бага насныхаа дурсамжтай хамт тодоос тод санаж явдаг юм.

Өдийд аавын минь нойр шөнө дөлөөр хулжиж, өдөр нь саахалтын уяа руу дуран сунган өндөлзөж суугаа даа. Намайг багад манайх цөөн хэдэн адуутай байсан ч "азарган хар", "үүлэн бор", "хурдан бор саарал" гээд унааны хэд нь морь сонирхдог хэний ч атаархлыг төрүүлэм сайхан хүлгүүд байсансан.  Эргээд санахад тэдгээр сайхан ажнай хүлгүүдтэй адилтгах морьдыг өдий хүртэл ер олж хараагүй...

Өглөө нойрноос сэрэхэд аав минь аль эрт босоод явчихсан л байх. Хурдан "бор саарал"-ыг сунгаанд тавих гээд үүр цүүрээр мордох аавыгаа оройн саальны дараахан тэртээх давааны цаанаас торолзон гарч ирэхийг тэсч ядан хүлээнэ. Жаргын гол руу амдав уу, үгүй юу өмнөөс нь хөлийн хурд мэдэн гүйж очоод л "Ааваа өнөөдөр бор саарал хэдэд давхисан бэ?" хэмээн амьсгаагаа дарж ядан дуржигнуулна.

Харин аав минь аядуухнаар "Давгүй давхилаа. Долоод" гэнэ. Заримдаа "10-т" гэнэ. Ямартаа ч бор саарал айраг түрүү авч байгаагүй ч 10-аас буухгүй л давхидаг байсан юм болов уу. Нэг удаа намайг "Миний хүү морио тойруулчих" гээд "бор саарал" дээр мордуулахад гэнэт ухасхийн намайг унагаачихав.

Аав сүрхий уурлаж "Арчаагүй моньд. Үе тэнгийнхнээ хар л даа. Чамтай чацуу хүүхэд их сунгаанд явж байна" хэмээн зэмлэсэнсэн. Тэгэхэд би 3,4 настай л байсан юмдаг. Аавын минь хийморийг сэргээдэг морьдын нэг бол яах аргагүй "үүлэн бор". Хөхөл дэл нь газар шүргэм урт, мордонгуут толгой нь унаж яваа хүнийхээ толгойтой бараг л чацуу явна.

Амыг нь тавьчихвал харвасан сум шиг давхичихдаг болохоор ааваас өөр хүн унаж эс зүрхэлнэ. Хамгийн хачирхалтай нь "үүлэн бор" дээр хүүхэд өвөртлөөд юм уу ямар нэгэн зүйл сугалдаргалан өвөрлөөд мордвол яг л хонины морь шиг лазан болчихдог зантайсан. Дээр цухас дурьдсан "азарган хар"-ын хувьд адуун сүргийн тэргүүн байсан ч морьдоо хасч хөөгөөд болихгүй байсны улмаас "эрхээ хасуулж" морь болсон юм.

"Мордоод явахад арилжаа хатираатай, замын явдал сайн даадаг, аргамжаанд номхон ёстой л эр хүний унаа даа" гэж аав магтдагсан. За тэгээд энэ гурван хүлгээ ээлжилж унаад л явахад гол усныхан ил далд хар, цагаан атаархал нисгэдэг сэн. Хүний санаа гэж муухай юм даа. Нэг удаа энэ гурван хүлэг адуун сүргээсээ зэрэг алга болж билээ.

Аав минь зуныг зусан, намрыг намаржин эрэлд хатсан ч олдоогүй юм. Намрын сүүл сарын алдад харин "азарган хар"-ыг л олж ирсэнсэн. Нуруу нь автаж, бие нь шарх соривоор дүүрсэн азарган хар шөнө усанд орчихоод, өдөр нь модонд бүгээд байсныг олж ирсэн нь тэр... Нөгөө хоёр нь ямар ч сураггүй алга болсон юм.

"Амьд л байвал хаанаас ч гүйгээд л ирэх морьдсон...Эр хүний амьдралд сайн хүлэг ганц л удаа тохиодог юм гэнэ билээ. Хайран морьд минь" хэмээн халаглана. Тэр цагаас хойш аав минь адуунд байнга мордохоо больж, хурдны морьдын уяа руу ойртохоо ч байж, хол ойрын хүнээс "хөх бор", "бор саарал" зүсмийн морьд битүүхэн сураглаж суудаг болж билээ.

Би харамсдаг юм. Хулгайч нар аавын минь хүлгүүдийг хулгайлаад зогсохгүй цог золбоотой идэр залуу насыг нь бас хулгайлчихав уу даа гэж... Гэхдээ аавын минь хурдан шандаст хүлгүүдийн удам хаа нэгтээ Монгол наадамчдаа баясгаж, хурд хүчээ гайхуулсаар яваа гэдэгт би итгэдэг.

Хурдны морьдын уяа руу сэмхэн дурандаж суугаа аавын минь зүрхэнд ажнай хүлгийнх нь төвөргөөн үргэлж амьд яваа гэдгийг ч мэдэрдэг. Тиймээ, Монгол эрийн хийморь морин дэл дээрээ сэргэж. Монгол түмний баясал адууныхаа тоосонд жавхааждаг гэдгийн нэгэн жишээ энэ буюу.

Б.Дэлгэрхишиг

Эх сурвалж: "Ганзам" сонин