sonin.mn

- Хонхор өртөө хүрэхэд нэг хүнээс 50 мянган төгрөг авч байна -

Нийслэлд хэн дуртай нь такси үйлчилгээнд явдаг. Бараг айл өрх бүр нэг "халтуур"-ны машинтай гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Энэ хэрээр такси үйлчилгээтэй холбоотой гомдол санал, маргаан их гардаг. Гэхдээ энэ удаад өдөр тутам иргэдэд үйлчилдэг таксинаас арай өөр үйлчилгээтэй таксины талаар сурвалжлага бэлтгэсэн юм. Ямар учиртай такси вэ гэхээр галт тэрэг гүйцэж түрүүлж зорчигч суулгадаг такси юм. Үүнийг галт тэргээр байнга зорчдог иргэд андахгүй. Харин бусад хүмүүс төдийлөн мэдэхгүй учраас сэрэмжлүүлэг байдлаар хүргэхийг зорилоо.

Энэ талаар манай сонинд хоёр ч иргэн гомдол мэдүүлж байсан юм. Тэдний нэг болох Хөвсгөл аймгаас оюутан болж нийслэлд ирсэн Э Замын-Үүд дэх хамаатныдаа очихоор тавдугаар сарын 8-нд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний тасалбар авчээ.

Тэрбээр тавдугаар сарын 9-ний өдрийн 16.10 цагийн тасалбар авсан юм байна. Гэрээсээ бүтэн цагийн өмнө гарсан хэдий ч тухайн өдөр цас их орсон учраас замын түгжрэл үүсч, түүнийг төв вокзал дээр ирэхэд галт тэрэг дохиураа хангинуулсаар хөдөлжээ.

Нэг найзтайгаа явахаар тохирч тасалбар авсан байсан тул нөгөө найз нь сууж амжсан байна. Найздаа зарим ачаа бараагаа өгсөн байсан тул яах аргагүй араас нь явахгүй бол болохгүй байдалд хүрсэн аж. Түүнийг хөдөлсөн галт тэрэг рүү гүйж явтал "Замын-Үүдийн галт тэрэгнээс хоцорчихсон уу. Алив, хурдал наашаа суу" гээд нэг залуу дагуулаад гүйсэн байна. Учрыг тодруулбал, Амгалан өртөөн дээр гүйцэж түрүүлээд суулгаж өгнө гэжээ. Ингээд түүнийг сууж байтал өнөөх залуу дахин нэг эмэгтэйг дагуулсаар гүйж иржээ. Хоёр дахь бүсгүй тасалбар аваагүй болохоо хэлэхэд "Зүгээрээ галт тэргэнд ороод бичүүлчихдэг юм. Хурдан суу. Тасалбар бичүүлнэ гээд хамаг цаг авчих юм. Одоо угаасаа бичихгүй. Галт тэрэг аль хэдийнэ хөдөлчихлөө шүү дээ" хэмээн зандарсаар суулгажээ.

Өмнө нь галт тэргэнд сууж үзээгүй оюутан охин "Тасалбар бичүүлсэн хүмүүсээ араас нь ингэж хүргэж өгдөг юм байх даа" гэж бодож явсан гэдэг. Харин нөгөө эмэгтэй "Ямар үнээр хүргэдэг юм бэ" гэж асуухад "Тэр яах вэ. Галт тэрэг гүйцэж суулгаж чадахгүй бол мөнгө авахгүй" гэхээс өөр юм хэлэлгүй бас нэг жолоочоо дуудаж суулгаад шууд л давхисан байна.

Тухайн машин нь УНЭ 2439 дугаартай зуны дугуйтай, сигналь байхгүй, дохио нь ч ажиллахгүй аксент байжээ. Тухайн өдөр цас их орсноос дугуй нь хальтирч чамгүй сандаргасан байна. Гэсэн ч хоёр жолооч "Урд зам битүү байгаа. Түрүү долоо хоногт явахад хойд зам түгжрэл бага байсан. Наад дохио яах вэ, гишгээд бай. Амгалан дээр хоцрох нь тодорхой боллоо. Хонхор оруулж амжих байгаа" гэсээр замын хөдөлгөөний дүрэм, журмыг эс огоорон хурдалсаар байжээ.

Өнөөх хоёр зорчигч битүүхэндээ айж, "Хэрэггүй ч суув уу даа" хэмээн шивэр авир хийж явсан гэнэ. Ингээд тэднийг Хонхорт ирэхэд галт тэрэг мөн л хөдөлсөн байжээ. Харин таксины жолооч "За хөдөлчихлөө. Энэ хүрэхэд нэг хүнээс 50 мянган төгрөг авдаг юм. Гэхдээ одоо дараагийн өртөө болох Баян хүрэхэд 25 мянгыг нэмж төлбөл хүргээд өгье" гэсэн байна. Галт тэрэгнээсээ хоцорсон хоёр ёстой л мэл гайхсан байна.

Гэтэл жолооч "Гайхаад байх юм байхгүй. Угаасаа л ийм ханштай. Цааш явахгүй гэвэл 100 мянган төгрөгөө төлөөд буу" гэсэн байна. Тэрүүхэн хооронд нэлээд маргаан үүсчээ. Ингээд цүнхтэй бичиг баримтаа хүнд өгөөд суулгачихсан оюутан, нөгөө нь чухал ажлаар явж байсан эмэгтэй хоёр цааш хүргүүлэхээр болж нийлээд 120 мянган төгрөг төлөх шаардлагатай болжээ. Дараагийн өртөөн дээр тэд галт тэрэгнээс урьтаж ирсэн байна. Тэднийг ирэхэд мөн хоёр жижиг тэрэг ирчихсэн хүмүүс нь ширүүхэн маргалдаж байсан аж. Мөн л анхнаасаа үнэ ханшаа хэлэхгүй "Хурдал, галт тэрэг чинь хөдөлчихлөө" гээд суулгачихсан гэнэ.

Ингээд эзэнгүй талд таван эмэгтэй дөрвөн жолооч үнэ ханшаа тохироогүйгээс маргалдаж, сүүлдээ жолооч нар нь уурлаж, хоёр ч эмэгтэйг элдвээр хэлж эхэлсэн байна. Хавь ойр хүнгүй учраас байдал бишдэж зодуулж ч магадгүй юм байна гээд бушуухан мөнгөө өгөөд салжээ. Ингээд хээр үлдсэн бүсгүйчүүд галт тэргээ хүлээж байгаад суусан байна.

Хамт яваа хүмүүстээ болсон явдлыг хэлбэл гүйцэж түрүүлдэг таксинуудыг Шанд, Замын-Үүд чиглэлийн зорчигчид андахгүй байна гэнэ. Тэд "Наад таксинууд чинь арай л даварсан үнэ хэлдэг юм. Мэдэхгүй хүмүүсийг ёстой нэг шулж байгаа юм даа" гэсэн байна. Энэ мэдээллийн мөрөөр Төмөр замын вокзал орлоо. Төлбөртэй зогсоолд байрлах машинуудыг чиглээд явж байтал жолооч нар амдаад ирэв.

"Хаашаа явах гэж байгаа юм. Үнэ тохироод явна шүү" гээд булаацалдах маягтай. Тэгэхээр нь би "Өнөө оройны 17.10 цагийн галт тэрэгнээс жаахан хоцрох гээд байна аа. Манай нэг хүн хуралд сууж байгаа юм. Араас нь хүргэж өгдөг унаа байдаг гэж сонсоод ирлээ" гэв. Нэг жолооч намайг сугадаж цааш авч яваад "Болно шүү дээ хө. Өнөөдөр ажлын өдөр учраас галт тэрэг бүх өртөөнд зогсохгүй. Тийм учраас би чамайг шууд Багахангайд хүргэж өгч болно. Зардал нь нэг хүний 120 мянган" гэж байна.

"Хонхорт хүргүүлбэл хэд байх бол гэхэд "Нэг хүний 50 мянган төгрөг" гэж байх юм. Үнэхээр дээрх иргэдийн гомдол үнэн болж таарав. Нөгөө жолооч утасныхаа дугаарыг өгч байна. "Залгаарай ямар ч асуудалгүй хүргээд өгнө" гээд бөхөлзөж гүйгээд энэ ажилдаа дадсан шинжтэй.

Ингээд төв вокзалын дэргэдэх Цагдаагийн хэлтсээс энэ талаар иргэдээс гомдол санал ирдэг эсэхийг тодруулахад "Хувийн такситай холбоотой гомдол санал ирдэг. Гэхдээ иргэд эхнээсээ үнэ ханшаа тохирч суух хэрэгтэй. Тэгэхгүй хөдөө хээр очсон хойноо үнэ ханшаас болж маргаан үүсгэдэг.

Хохирсон иргэд тухайн машиныхаа дугаарыг бичээд манайд өргөдөл гаргасны дагуу шалгадаг.  Өмнө нь ийм асуудал гарч, Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байсан. Дийлэнх иргэд "Анх суулгахдаа үнэ ханшаа хэлээгүй. Тэгээд очсон хойноо их мөнгө нэхдэг гэж гомдол гаргадаг. Ер нь галт тэрэг гүйцэж түрүүлнэ гэдэг аюултай. Магадгүй хурд хэтрүүлж давхиж байгаад осолдвол хэн хариуцах вэ гээд төвөгтэй асуудал их байна" гэв.

Үнэхээр иргэд мэдэхгүйгээсээ болж энэ таксинуудад суувал сурсан зангаараа дээрх хэмжээний мөнгө нэхэх юм байна шүү. Иймд тухайн өдрийн галт тэрэгнээсээ хоцорсон бол дараа өдрөө явах ч юм уу, аль болох эрсдэлгүй алхам сонгохыг сурвалжлагаараа дамжуулж хүргэхийг зорилоо.

Биднийг буцаад гарч явахад "Дорноговь аймгийн Шанд явах таван хүн байвал 60 мянгаар шууд явлаа" гэх жолоочтой ч таарсан юм. Арай л ахадсан үнэ биш гэж үү. Галт тэргээр шанд явахад 7400, Замын-Үүд 9600 төгрөгөөр явж байхад үнэ ханшаа хэлэхгүйгээр иргэдийн яарч сандарсан байдлыг ашиглан суулгаад хөдөө хээр авааччихаад их хэмжээний мөнгө нэхэж байгааг юу гэж ойлгох вэ.

Эдгээр гүйцэж түрүүлдэг хувийн таксинууд дийлэнх нь газ /хий/-аар явдаг гэдгийг жолооч нар хэлж байсан юм. Тэгэхээр шатахуунаар явдаг таксиг бодвол харьцангуй зардал багатай байх учиртай. Дээрх таксинууд галт тэрэгний хөдөлгөөнгүй үед нам гүм байдаг юм билээ. Харин галт тэрэг хөдлөх үед хөл хөдөлгөөн ихэсч, үймээн шуугиан дэгддэг юм билээ.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: