
1991 онд Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа Төв Азид авторитар засаглалтай таван тусгаар тогтносон улс бүрэлдэн бий болсноос хамгийн хатуу дэглэмтэй нь Туркменистан болов. Шинээр тусгаар тогтносон Туркменистаны улс төрийн орчны суурийг уламжлалт Коммунист намын тогтолцоо, Афганистантай хиллэдэг геополитикийн онцлог, Тажикстан дахь иргэний дайн, Узбекистаны Исламын хөдөлгөөний бослого, Киргизийн хувьсгал, үндэстэн хоорондын мөргөлдөөн зэрэг Төв Азийн бусад орнуудад болсон үймээн самуунууд бүрэн тодорхойлжээ.
Дэглэмийн үндэслэгч – Сапармырат Ниязов
Туркменистаны анхны ерөнхийлөгчөөр тухайн үеийн Коммунист намын Нарийн бичгийн дарга байсан Сапармырат Ниязов иргэдийн 98.3%-ийн дийлэнх олонхын саналаар сонгогдов. 1991 онд Туркмений анхны ерөнхийлөгчөөр сонгогдсон Ниязов 1992 онд Үндсэн хуулиа шинээр баталж засгийн газар болон парламентад нөлөөтэй хүчирхэг ерөнхийлөгчийн засаглалыг бойжуулах ажлаа эхлүүлэв. Ийнхүү тусгаар тогтнолоос хойш ердөө 1 жилийн дараа Туркменистаны улс төрийн ирээдүйн замнал зурагдлаа.
Тогтолцооны төвд өөрийгөө бэхжүүлсэн Ниязов цаашид бүрэн эрхийн хугацаагаа сунгах замаар эрх мэдлийн хан хэрмээ бэхжүүлсээр насан туршдаа ерөнхийлөгчөөр өөрийгөө мөнхлөөд амжив.
Ийнхүү Туркменистаны анхны ерөнхийлөгч Сапармырат Ниязовын төмөр хан хэрэм гадаад бодлогод бүрэн зургаараа тодорч бүс нутгийн хамтын ажиллагаанд улс төрийн хувьд оролцоогүй, тусгаарлагдсан улс болж хувирав. Улмаар 1995 оны Үндсэн хуульдаа Туркменистаны гадаад бодлогын үзэл баримтлал ямагт байнгын төвийг сахих болно хэмээн хуульчилснаар “Төв Азийн Швейцарь” хэмээх нэрийг авчээ[1]. Тэр жилдээ НҮБ-аас Туркмений төвийг сахисан байдлыг А/50/80 тогтоолоор албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсэн.
Өөрийн босгосон хатуу дэглэмийн цайздаа ямар ч нөхцөлд дотоод, гадаадаас гал алдахгүй байх түүний стратеги цаашдын эрх мэдэлтнүүдэд дотооддоо эрх мэдлийг бэхжүүлэх, эрх мэдлээ гаднын нөлөөллөөс үр дүнтэй тусгаарлах улс төрийн шалгарсан арга бүхий гарын авлага болсон. Ийнхүү Туркменистан бусад Төв азийн улсуудаас өөрийгөө бүрэн тусгаарлаж Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл[2], Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евразийн эдийн засгийн холбоо зэрэг бүс нутгийн бүхий л хамтын ажиллагааны санаачилгад оролцохоос татгалзав. Товчхондоо бүс нутгаасаа өөрийгөө тусгаарласан хуурай газрын арал болсон аж.
Дэглэмийг бататгагч – Гурбангулы Бердымухамедов
Туркменистаны анхны ерөнхийлөгч Ниязов 2006 онд өвчнөөр насан өөд болсны дараа түүний суудлыг Гурбангулы Бердымухамедов эзлэв. Төв азийн орнууд дунд дараагийн Туркменистаны удирдагч бүс нутгаасаа өөрийгөө бүрэн тусгаарласан гадаад бодлогоо эцэс болгоно хэмээх найдвар талаар болж Гурбангулы Бердымухамедов өмнөх ерөнхийлөгчийн цайз хэрмийг нураалгүй авч үлдэв.
Чингэхдээ тэрбээр байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эл чиглэлээр гадагшаа багахан ч болов гар даллах цонхыг нээх ёстойг хүлээн зөвшөөрчээ. Ингэхдээ гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны суурь болзол болох аюулгүй байдлыг урьтал болгов.
Бүс нутгийн тогтвортой байдалд үүрэг гүйцэтгэх зайлшгүй шаардлагатайг ухамсарласан Гурбангулы нийслэл Ашхабад хотноо НҮБ-ын Төв Азийн урьдчилан сэргийлэх дипломат ажиллагааны бүс нутгийн төв (UNRCCA)-тэй идэвхтэй хамтран ажилласнаар урьдчилан сэргийлэх дипломат ажиллагааг эхлүүлсэн. 2007 онд Ашхабад хотод байгуулагдсан UNRCCA нь өдгөө усны нөөцийн менежмент, терроризмын эсрэг тэмцэл, хилийн аюулгүй байдал, Туркменистан болон түүний хөрш орнуудад шууд нөлөөлж буй сорилт зэрэг чухал асуудлаар хамтран ажиллах үндсэн платформ болж ажилладаг.
Ийнхүү Ниязовоос хойш Туркменистаны гадаад бодлогод эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах ганц эрмэлзэл дор зөвхөн НҮБ-ын хүрээнд бүс нутгийн аюулгүй байдлын яриа хэлэлцээнд оролцох жижиг цонх нээгджээ. Энэ ч үр дүнгээ өгч НҮБ-аар дамжуулан бүс нутгийн аюулгүй байдлын олон улсын хамтын ажиллагаанд хязгаарлагдмал байдлаар оролцон гадаадын хөрөнгө оруулагч нарын итгэлийг олж эхлэв. Улмаар 2008 онд БНХАУ-тай 30 жилийн хугацаатай, 30 тэрбум куб метр байгалийн хий нийлүүлэх нүсэр том гэрээг амжилттай зурсан[3] нь томоохон амжилт юм.
Энэ бодлого нь маш болгоомжтойгоор бүс нутгийн түншүүд болон олон улсын байгууллагуудтай хязгаарлагдмал түвшинд хамтран ажиллаж, дотоод дахь эрх мэдлийн тогтолцоог бүрэн хадгалахад чиглэдэг.
Дэглэмийн гуравдугаар хамгаалагч Сердар Бердымухамедов
Гурбангулы Бердымухамедов залгамж халаагаа өөрийн хүү Сердар Бердымухамедовд үргэлжлүүлэх шийдвэрийг гарган, хүүгээ 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүй ялалтаар гуравдагч ерөнхийлөгч болгон ёсчлов. Банкир, эдийн засагч мэргэжилтэй харьцангуй залуу ерөнхийлөгчөө олон нийт “60 тэрбум ам.долларын ДНБ-тэй, нэг хүнд ногдох ДНБ 8,232 ам.долларт хүрсэн[4] Төв Азийн хүчирхэг эдийн засагтай” улсынхаа гадаад бодлогыг нөлөөгөө тэлэх нээлттэй зам руу чиглүүлж, чөлөөт эдийн засгийг нэвтрүүлнэ хэмээн найдвар тавьж байв.
Гэсэн ч шинэ, залуухан ерөнхийлөгчийн шинэ зуунд өмнөх үеийн авторитар засаглал, төрийн оролцоотой эдийн засаг, бүс нутгийн болон олон улсын харилцаанд идэвхгүй тусгаарлагдмал байх үндсэн бодлого үргэлжлэх болно гэдэг нь төд удалгүй хүн бүхэнд тодорхой болсон. 2022 оны Сонгуулийн дараа 2023 онд Сердар Бердымухамедов эрх мэдлээ нэгтгэхийн тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулж өөрийн эцэг Гурбангулы Бердымухамедовыг Туркмений төрийн дээд байгууллага Ардын зөвлөлийн даргаар томилж, түүнийг дахин улсынхаа хамгийн хүчирхэг хүн болгов. Тэр ч бүү хэл эцгийнхээ нэрийг Аркадаг (Үндэстний баатар) хэмээн хуульчилж, анхны ерөнхийлөгч Туркменбаши (Үндэстний удирдагч) Ниязовтай эн зэрэгцүүлэв.
Дүгнэлт: Төв Азид хамгийн удаан үргэлжлэх авторитар, төрийн оролцоотой эдийн засаг бүхий тогтолцоо
ЗХУ задран унаснаас хойш Төв Азийн орнуудад улс төр, эдийн засаг, гадаад бодлогын нөхцөл байдал хувьсан өөрчлөгдөж Туркменистанаас бусад улсуудад томоохон өөрчлөлт болж өрнөжээ. Эргээд харахад Киргизстанд өнгөт хувьсгалууд болж, Узбекстан, Казахстаны 2 дугаар үеийн ерөнхийлөгчид чөлөөт эдийн засгийг бүрэн дэмжиж, улс төрийн реформыг хэрэгжүүлж бүс нутагт илүү оролцоотой байх бодлого баримталж байна.
Тажикстаны хувьд 2 иргэний дайныг үзэж, бүс нутгийн аюулгүй байдлын санаачилгуудад идэвхтэй оролцож байна.
Ганцхан Туркменистанд томоохон өөрчлөлт гарсангүй. Өдгөө гурван Ерөнхийлөгчийн нүүрийг Туркмений ард түмэн үзсэн боловч тогтолцоонд өөрчлөлт бүү хэл сэвэлзэх салхи ч орсонгүй. Нэгэнт Туркменистанд “Авторитар дэглэм, эдийн засаг байгалийн баялгийн худалдааны харилцаанаас бусад талаар өөрийгөө бүрэн тусгаарласан гадаад бодлого, төрийн оролцоот эдийн засаг” уламжлалт тогтолцоо болж бэхэжсэн тул ирэх жилүүдэд Туркменистан ТӨВ АЗИЙН ХУУРАЙ ГАЗРЫН АРАЛ хэвээр байх дүр зураг харагдаж байна.
Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв
Сэтгэгдэл1
Сапармырат биш Сапармурат!