sonin.mn

6-р сарын 24-нд ХКН-ын улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Аббас Арагчи нар утсаар ярилаа.


Арагчи бүс нутгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар танилцуулаад, Израиль, Америк Ираны цөмийн байгууламжид агаараас цохилт өгсөн аюултай үйлдэл нь олон улсын хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл учраас Иран хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй гэж онцолжээ. Иран, Израиль саяхан гал зогсоох хэлэлцээр байгуулсан ч нөхцөл байдал тогтворгүй байна. Израиль түрэмгийллээ зогсоосон цагт л хоёр тал жинхэнэ тохиролцоонд хүрэх болно гэжээ.


Ван И хэлэхдээ, "Хятад Улс Ойрхи Дорнодод энх тайван, тогтвортой байдлыг дэмжигч байсаар ирсэн. Ши Жиньпин дарга одоогийн нөхцөл байдалд зориулан гал зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангах, яриа хэлэлцээг эхлүүлэх, энхийн хүчин чармайлтыг дэмжих зэрэг дөрвөн санал санаачилгыг дэвшүүлсэн нь Хятад улс шударга ёсыг тууштай баримталж буйг харуулж байна. АНУ Иран руу агаараас цохилт өгсний дараа Хятад улс хамгийн түрүүнд энэ үйлдлийг буруушаасан. Олон улсын атомын энергийн агентлагийн хамгаалалт дор байгаа цөмийн байгууламж руу халдах нь НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа тул олон улсын хамтын нийгэмлэг энэхүү үйлдлийг эрс эсэргүүцэх ёстой " гэсэн байна.


Г.Бямба