sonin.mn
Сүүлийн үед нийгэмдээ гадуурхагдаж, төрдөө шоовдорлогдох хандлагатай болж байгаа малчдынхаа тухай хэдэн мөр хэлхэе хэмээн шийдлээ. Ус бэлчээрийн хомсдолд нутаг орноороо өртөж, уурхай хайгуулын эрэлчдэд уугуул нутгаа алдаж, хамсан эсэргүүцвэл хамгаалагчдад нь бороохойдуулж, үйлдвэр сул зогсоосон хэрэгт буруутгагдаж, үсээ зулгартал зүтгэсэн ч төлж эс чадах торгууль хүлээж, хотод ирж бохир заваанаа түгээлээ, холд зайл гэж хөөгдсөн, орк тэнэгээрээ дуудуулсан одоогийн хэдэн малчдаа өмөөрч хэлэх үг байна надад.
 
Хотын хүн та мах идэж, сүү уухаа байгаад машин техник шигээ бензин тосхоноор өөрийгөө аргалдаг болж "соёлжсон" бол таны зөв өө, уучлаарай. Малыг нь хашаад, малчдаа түгжээд, газар нутгийг нь гадныханд 100 жилээр түрээслүүлж "хөгжих" том том төлөвлөгөөтэй  "ухаантнууд" хууль санаачилж, баяр наадмын ар хударгаар башир арга хэрэглэн түүнээ зүтгүүлэх гэж үзсэн ч гэх шиг, найман ишигний асуудал өндөр аваад 80 настай буурал эмгэн мөнгө угаасан хэргээр шийтгэгдэхэд хүрээд байгаа ч гэх шиг, хохирогчгүй энэ хэрэгт хөхүүл нялх хүүхдийг хөсөр хаяж, эхийг нь хорьж зовоож байгаа ч гэх шиг Монголд минь халгаатай хэцүү хэцүү мэдээнүүд сүүлийн үед шил даран цувраад сэтгэл тайван байж чадахаа болилоо. Юуны түрүүнд дөрвөн уулын дунд багтаж ядан шавааралдаж, утаа, түгжрэлдээ дарагдаж, үер усанд автаж, баас шээстэйгээ хутгалдаж, өвчин зовлонд нэрвэгдэж, уур уцаартай яваа хотын хүн та 1 500 000 илүү хавтгай дөрвөлжин км нутагтай сайхан монгол орон бүхэл бүтнээрээ таных гэдгийг ухаарна уу. Энэ уудам нутгийг эрт дээр үеэс улирлын араншин, бэлчээрийн аясаа даган нүүдэллэж, он жилийн уртад гэршүүлж, гаршуулж өөрсдөдөө дасгасан таван хошуу малаа алдах үедээ алдаж өсгөх үедээ өсгөж ирсэн хэдэн малчид минь дүүргэж амьдарсаар, эзэн нь байж, мянга мянган жилийг давуулан та бидэнд авчирсан гэдгийг ойлгогтүн.
 
Зундаа +50 хэм, өвөлдөө -50 хэм хүртэл хэлбэлздэг, эх газрын эрс тэс уур амьсгалтай энэ газар нутагт эргэх дөрвөн цагийн ая дагаж, хоногийн хорин дөрвөн цагт анхаарал сэрэмжээ эс сулруулж, хэдэн малынхаа төлөө өдөр шөнөгүй сэтгэл бие чилээж явдаг  малчид минь Монголын оршин тогтнохын үндэс суурь, ар тал нь байж, өөр бусад газарт байнга сонсогддог өлсгөлөн, үхэл зовлон, гуйланчлал гээчийг монгол хүнд үзүүлээгүй өдийг хүргэсэн нэргүй гавъяатнууд билээ. 
 
1970-аад оны эхээр улс бодлогоор, дунд сургуулиас хөдөө мал дээр илгээлтээр бөөнөөр нь гаргасан хүүхдүүд монгол малчдын гол цөмийг бүрдүүлж явсаар эдүгээ 70 нас хүрцгээж, ертөнцийн жамаар бие тэнхээ нь хүрэхээ байлаа. Д. Цоодол найрагчийн хэлсэнчлэн " Цаасан дээр "А" үсэг бичихээс Цасан дунд адуу элдэх"ийг дээрд үзсэн хөдөөгийн, сурргууль завсардсан хүүхдүүдээр алдаг оног нөхөгдсөөр өдийг хүрсэн малчдын өнөөгийн бүтэц чухам ямар байгааг нухацтай судалж, хойшдын төлөвийг тооцоолсон газар гэж байна уу?  Хүүхдүүдийг нь малтай харьцах дөр суух нь бүү хэл морь ч унаж сураагүй шахам балчир, зургаахан настайгаас нь сургуульд хөөж оруулаад, аав ээжийг нь сумын төв сахиулж малаас нь холдуулаад, арай том малаа маллахаар болсон залуучуудыг нь сурлага, чадвар үл харгалзан Улаанбаатар хотоор дүүрэн бараг зуу давсан олон Хувийн Дээд сургууль нэртэй хулхи, зальтнуудын мөнгө хийдэг нэгэн төрлийн гаж бизнесийнхний золиос болгон хэдэн малыг нь нядлуулан байж төлбөр аван дөрөв таван жил "оюутан" болгож хөдөөгөөс нь хөндийрүүлж, баар цэнгээний газрыг бол барж "шоудна" гээчийг сургаж эцэст нь хаана ч хэрэг болдоггүй диплом нэртэй алга цаасаар хуурч, ажилгүйчүүдийн арми бий болгож эх орны ирээдүйг хорлож байгаа бус уу?
 
Өнөөдрийн зарим "ухаантнууд" бэлчээрийг хашаад,  эрчимжсэн мал аж ауй хөгжүүлээд, үлдсэн газрыг нь гадныханд олон жилээр түрээсэлж башийх юм ярьж байгаа нь шуудхан хэлэхэд монголыг устгах аюул юм. Газраа хашаад эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлж болох боломж нь байсан бол малчид та нараар хэлүүлэлтгүй хэдий нь түүнийг хийчихсэн байх байлаа. Байгалийн шалгарлаар шигшигдэж он жилийн удаанд бүрэлдсэн монгол малчны амьдралын энэ хэвшил барагтай нэгэн дураа хүрэхээр солиод сайжруулчихдаг хялбархан зүйл биш ээ. Монголын газар нутгаас малыг эрчимжсэн суурин аргаар өсгөхөд шаардлагатай өвс тэжээлийн нөөц бэлтгэх боломжтой юу? Ус далайн нөөлөгтэй, хур бороо элбэгтэй, зөөлөн улиралтай, жилдээ хоёр гурван удаа ургац хураах боломжтой орнуудад хэрэглэж болдог энэ аргыг шууд хуулаад монголд хэрэглэхэд боломж хомс. Үүнд байгалийн хууль, биологийн хууль гэж хүмүүн бидний хүсэлд захирагддаггүй нэгэн бэрх даваа хөндөлдөж байдаг юм. Сүүлийн үед дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгалийн аюулт үзэгдлийн давтамж олширч, гал усны аюул газар газарт байнга гарч байгааг бид харж байна. (Монголд бүр гэгээн цагаан өдөр тас харанхуйлж  шороогоор боссон түнэр шуурга байгалийн аюулын шинэ үзэгдэл болж давтагдан Дундговийн 9 малчны амийг авч одсон) Алдарт Сибирийн их хүйтний доод хормойд байгаа Монголын нийслэл Улаанбаатар өвөлд дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгддэг байх аа.
 
Найман цагийн ажилтай хотынхон түлээ гэрлээр тасарч хөлдчихгүйг хичээн түгжрэн, хальтран, утаандаа хордон санд мэнд өвлийг давдаг байхад малчид минь цас шуурга, жавар хүйтний эсрэг хэдэн малаа авч үлдэх гэж 24 цаг тэмцэн, хүйтэн дулаан аль ч  өдөр малаа бэлчээрт гарган хариулж, хотынхноос хэд дахин илүү хатуу хүтүүг давж, зарим үед амь насаараа дэнчин тавьж байж хавартай золгодог билээ.
 
Энэ бүгдийг нь эс тоон тэдэндээ хүйтэн хандах аваас бэлчээргүй, усгүй малаа тогтвортой өсгөх боломжгүй болсон хэн бүхний эцсийн шийдвэр төв бараадах явдал болно. Хөдөө эзгүйрнэ, Монгол эзгүйрнэ. Тэр орон зайг магадгүй хятад хүн эзэлнэ. Хүнсний хомсдол үүсэж бид өөр газраас хараат болно. Өнөө та нарын тамга дарсан алга цаас үзүүлж, малчдаасаа булаан байж ухсан газрын чинь нөөц дуусаад, (ус нь хор болоод, нутаг нь цөл болоод) хоосон нүх үлдэнэ. Зудтай үед үхэж үрэгдэж байсан ч гайгүй жилүүдэд байнга нөхөгдөн үржиж монгол түмнээ тэжээж байсан малаа эргээд өсгөе гэтэл чадах хүнгүй болсон байна. Хөдөөгөөс хот руу орж ирж байгаа урсгал бол ганцхан чиглэлтэй. Үсээ гельдэж, зүсээ тольдсон, хувцсаар гоёж, цэнгэлээр хооллосон хотын булбарай цагаан залуучууд цусаар уйлсан ч хөдөө явахгүй, очсон нь гологдоно. Ингээд морио унаад хилээ манах эр хүнээр дутагдана. Монгол хэцүү байдалд орно... Ийм муухай хар бараан зураг ирээдүйнхэндээ үлдээмээргүй байна. Интернэтээр орж олон газрын нээлттэй мэдээ олж уншсанаа ухаантай боллоо гэж андуурч, бусдыг дууриан салбаганаж, улс эх оронд нэмэр болохоос нэмээс болох хууль санаачилж, хорлонт ажиллагаа явуулахгүй байхыг эрхэм гишүүдээс гуйя.
 
Ийм байдалд хүргэхгүйн тулд  оройтоогүй дээр нь одооноос хүн бүр үгээ хэлж, үргэлжийн сонор сэрэмжтэй байхыг ухаант монголчуудаасаа хүсээд   
 
 
   "Цээжиндээ эс авсан, судраар мэдэх ухаан ба
    Чинээнд хүртэл бясалгаж эс бүтээсэн тарни ба
                                                           
       Чадалгүй, мартамхай хүнд захисан хэргүүд
      Чухал хэрэглэх цагт тус үл болох олон"  гэсэн Субашидийн мэргэн бадгаар энэхүү бухимдлаас үүдсэн бичвэрээ өндөрлөе. Өршөөтүгэй       
                                  
                                                                                                              
 
 
 Т. Батмэнд