sonin.mn
Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүүгээ монголын нийтлэлийн ертөнцөд зөв байрыг нь эзлүүлчих санаатай, бас өөрт нь урам зориг болог гээд, надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад талаагдах мөрүүдээс авч ээлжит нийтэлээ босгов. Таалан соёрхоно уу!
 
Редактор, судлаач проф. Д.Баярхүү                                                           
 
Нэгэн зүйл
 
Сүүлийн жилүүдэд Монгол Улс баялагаасаа сан бүрдүүлж ирээдүй хойч үедээ хадгалан өвлүүлэх талаар санаа зовинож эхлээд буй. Бусдын туршлагаас суралцахыг оролдож эхлээд буй боловч ажил хэрэг болгож чадахгүй л байна. Баялагийн сан гэж чухам юу вэ, яаж түүнийг бүрдүүлэх вэ гэдэг асуудал бидний толгойд эргэлдсээр. 
 
-1-р боломж. Өнөө үед татвараа бүрэн авч чадахгүй байгаа үед баялгийн сан байгуулна гэдэг үлгэр. Татвараар зөвхөн төсөв бүрддэг. Төсвийн зарцуулалтыг Засгийн газар хянадаг, зарцуулдаг. Тэгвэл уул уурхайн 50 хүртэлх хувийн Онцгой татвар бий болгож, бүх орлогыг санд хуримтлуулж болно. Энэ бол нэг бодит гарц.
 
-2-р боломж. Хамгийн гол гарц бол баялгийн эзэмшил, өмчлөлийн асуудал Монголын Төрд хадгалагдах ёстой. Үндсэн хуулиндаа хүртэл энэ заалтыг тод томруунаар тунхагласан байдаг. 
 
Баялаг маань Монголын Төрд хадгалагдаж чадвал борлуулсан орлогоороо баялгийн сан бүрдүүлж болно. Харин төрийн мэдлийн гэх нэрээр Засгийн нэрээр томилогдсон захирлуудын дураар дургилт, хулгайг хатуу хязгаарлах ёстой. Эрх мэдлийн хязгаарыг давбал хатуу ялладаг байх хэрэгтэй. "Эрэг нь усаа хашиж Эзэн нь юмаа мэддэг" гэдэг Монгол ухаан энэ болно.
 
Бодитоор жишээлэхэд Норвег улсад ийм зохицуулалттай байна. 5.4 сая хүн амтай Норвег нь ирээдүйдээ зориулсан маш том санг бий болгож чадсан. Норвегийн хараат бус баялгийн сангийн хөрөнгө 1.5 их наяд ам.долларын босгыг даваад байгаа. Нэг их наяд гэдэг нь нэг триллион буюу 10-ын 12 зэрэгт 1 000 000 000 000 гэсэн тоо. Өөрөөр хэлбэл саяын сая, эсвэл 1000 тэрбyм гэсэн хэмжээлшгүй их тоо юм. Норвегийн баялгийн сан бүрдүүлэх энэхүү бодлого нь байгалийн баялагийн тэгш, зөв, шударга хуваарилалтыг бий болгож чадсан дэлхийн хамгийн үлгэр жишээ бодлого юм. Норвегийн баялагаас олсон бүх орлого Төрдөө очиж төвлөрдөг. Зарцуулах эрхийг нь парлиамент нь шийддэг. Норвегийн баялгийн сангийн нийт хөрөнгө нь Норвегийн нийт ард түмний дундын хөрөнгө бөгөөд ямар нэг хаан, шейх, олигархи, улстөрчид эзэмшдэггүй, дураараа зарцуулдаггүй онцлогтой.
 
 
Засгийн газар нь татвараар цугларсан төсвийн хөрөнгийг л зарцуулах эрхтэй. Засгийн газарт нэмэлт хөрөнгө мөнгө шаардагдвал парламент шийдэж сангийн хөрөнгөнөөс 2-4 хувь хүртэлх мөнгийг гаргаж төсвийн дутууг гүйцээдэг. 1.5 триллионы 1 хувь нь 15 тэрбум ам.доллар болно. Сан өөрөө ашигтай ажиллаж жилдээ 120-130 тэрбум ам.долларын тогтмол ашигтай ажилладаг. Сүүлийн 5 жилд 500 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлттэй байна.
 
 
Норвегийн баялаг төрийн мэдэлд байж ард олныхоо сайн сайхан амьдралын төлөө зарцуулагддаг. Хэн нэгэн албан тушаалтан, эрхтэн дархтан нийтийн баялаг, баялагийн орлого, төсөвт шуналын хүйтэн сэтгэлээр хандаж идэж ууж шамшигдуулах, хээл хахуульд автвал Норвегийн парламент, олон нийтийн шударга хяналт иргэдийн шаардлагаар шууд яллаж Төрөөсөө зайлуулдаг, хатуу ял үүрүүлдэг.  Дэлхийн хамгийн аз жаргалтай 5.4 сая хүн амтай, цаг агаарын таатай бус орчинд оршдог энэ улсын хөгжлийн гол онцлог нь байгалийн баялгийн тэгш хуваарилалт, иргэдийн тэгш эрх, хамгийн гол нь иргэдийнхээ хөдөлмөрийг шударгаар үнэлсэн өндөр цалин хөлс, түүнчлэн өндөр татвар, үнэгүй сургалт, үнэгүй эм, эмнэлэг зэрэг нь энэ улсын иргэдийн аз жаргалтай амьдралын эх үндэс нь болдог. Норвег улсыг баялагийн ивээлээ бүгд хүртэж буй орон гэж тодорхойлоход болно. 
 
Эдийн засаг, улс төрдөө олигархижих, монопольчлохоос эрс татгалздаг, хуулиар хамгаалдаг энэ улсын 5.4 сая иргэд бүгд ам.долларын саятангууд болж бүгд эрүүл чийрэг, эвтэй найртай, баян чинээлэг аж амьдарцгааж байна.
 
Энэ улсад Төрөөсөө том болсон нэг ширхэг ч олигархи байхгүй, Төрөөсөө баян болсон нэг ширхэг ч монополь компани байхгүй. Бүх иргэд хуулиа дээдлэх, Эх орноо хайрлах, үнэнч шударга амьдрах нь норвег хүн бүрийн чин эрмэлзэл нь юм. Hopвeг улсын хөгжлийн онцлог нь дахин хэлэхэд бүх баялаг Төрийн мэдэлд байж бүх орлогыг Төрдөө хуримтлуулж, ирээдүйдээ зориулсан Баялгийн сан бүрдүүлж, хүн бүрийг ажлын байраар хангаж, цалин, тэтгэвэр, халамжийг үлэмж өсгөж, ард иргэдээ эрүүл чийрэг, өндөр наслуулдаг, хүүхэд хөгшдөө асардаг, эмэгтэйчүүдээ онцгойлон хүндэтгэдэг өөрийн гэсэн хөгжлийн загварыг бий болгож чадсан хөгжлийн түүхтэй. 
 
Нэгэн зүйл
 
Монголд нийгмийн хамгаалал, халамжийн хүрээнд баялгийн тэгш хуваарилалтын үндсэн дээр хийгдэх нэг зүйл бол нас өндөр болсон иргэдээ асран хамгаалан, сувилан ачлах асуудал юм. Өндөр настай хүмүүс насны эцэст үр хүүхэд муутай бол бараг л гудамжинд гарч байна. Монгол Улсад маань Настан асрах, сувилах төв (НАСТ) байгуулах, бий болгох цаг болсон. НАСТ гэсэн шинэ нэр томьёо, халамжийн шатлал, хамгааллын бүтцийг бий болгох асуудал албан ёсоор хөндөгдөж эхэллээ. НАСТ бий болгож өндөр настнуудаа хайрлах, хамгаалах, асрах, сувилах асуудал нийгмийн өнөөгийн захиалга болон гарч ирж байна. 
 
Улс болгонд: 
 
1)Ясли, цэцэрлэг, сургууль гэсэн боловсролын шат, 
2)Ажлын талбар гэсэн хөдөлмөр, бүтээлийн шат, 
3)Тэтгэвэр, тэтгэмж гэсэн гавьяаны амралтаа эдлэх шат гэсэн гурван шатлалыг хүн төрөлхтөн дамжин өнгөрч байна. Өглөө дөрвөн хөлтэй, өдөр хоёр хөлтэй, орой гурван хөлтэй ч гэдэг дээ.
 
Норвег улсын дундаж наслалт 83-84 жил, нас дээр гарч ядраад ирвэл бүгд Настан асрах, сувилах төвүүддээ очдог. Тэндээ яг яслийн хүүхдүүд мэт асруулдаг. Настан асрах тохилог төвүүд хот болгонд байна. Хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хэмжээнд л авч үздэг.
 
Жилдээ нэг настанд 800 000 крон зарцуулахаар төсөвлөж өгдөг. 800 мянган крон гэдэг нь 80 мянган евро жилдээ нэг настанд зарцуулж байна гэсэн үг. Манайхаар хэдэн ч төгрөг юм? Энэхүү төсөвлөсөн 800 мянган кроноос уг настан хэдэн хувийг нь өөрийн орлогоос хамааран төлдөг. Ер нь бол ихэнхийг нь Норвегийн төр даадаг. 
 
Ахмадуудаа ингэж л бодит утгаар нь баярлуулж, жаргаадаг, диваажинд нь үддэг болох юмсан даа. Уул нь боломж, бололцоо бас бидэнд байж л байна. Олигархиуддаа хамаг олигтой баялагаа шавхуулчихаад өөрсдөө хоосон царайлаад л явцгааж байна даа. Баялагаа татвараар үнэлж мөнгөжиж чадсан төр өөрийн ард түмнээ дэндүү жаргааж байна. Монголд НАСТ-ийг бий болгож өндөр настнуудаа хайрлах, асрах, хамгаалах цаг иржээ. Идэр залуу насандаа хөлс, хүчээ зарцуулан хөдөлмөрлөж, татвар төлбөрөө төлсөн хүмүүс шүү дээ. Бид тоолж дийлэхгүй олон настангуудтай улс орон биш билээ.
 
 
Yргэлжлэл бий
 
 
М.Найданхүү