sonin.mn
ДУБАЙ./Reuters/. Иран-Афганистаны хилийн харуулын постын ойролцоо буудалцаан болж, Ираны хоёр хилийн цэрэг, "Талибан"-ы нэг дайчин амь үрэгдсэн талаар талибуудын хэвлэлийн төлөөлөгч болон Ираны төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.
 
 
 
Түүнчлэн хэд хэдэн хүн шархадсан уг буудалцаан чухам юунаас болсон нь тэр даруй тодорхой болоогүй ч, ус ашиглах эрхийн асуудалтай холбоотой хоёр орны хооронд хурцадмал байдал үүсээд байгаа үед гарсан байна. 
 
 
 
Иран улс Афганистаны "Талибан"-ы удирдагчдыг 1973 оны гэрээг зөрчиж, хуурайшилт ихтэй Ираны зүүн бүс нутаг руу урсдаг Хелманда голын усны эргэлтийг хязгаарласан хэмээн буруутгаж байгаа юм. Харин талибууд үүнийг үгүйсгэсэн байна.
"Өнөөдөр Нимроз мужид Ираны хилийн цэрэг Афганистаны тал руу гал нээж, бид  хариу гал нээсэн" гэж "Талибан"-ы Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Абдул Нафи Такор мэдэгджээ. "Одоо нөхцөл байдал хяналтад ороод байна. Исламын Эмирт улс хөршүүдтэйгээ дайтахыг хүсэхгүй байна" гэж тэрбээр хэлсэн байна.
 
Д.Одон
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг