сонин mn
Монголын анхны эсктрим, экспо, энтертайнментыг хослуулсан “Power expo festival”-ийг  Авто худалдааны цогцолборт зургаадугаар сарын 1-4-нд зохион байгуулна.
 
Фестивалийг НЗДТГ, Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны дэргэдэх “VIP auto club”, “VEP entertainment productions”, “Монгол телевиз” ХХК хамтран зохион байгуулж байна.
 
11 дэх жилдээ болж байгаа тус фестиваль өмнө нь хоёр өдөр үргэлжилдэг байсан бол энэ жил анх удаа эсктрим, экспо, энтертайнментыг хослуулан дөрвөн өдөр зохион байгуулна. Түүнчлэн дэлхийд алдартай тамирчид, уран бүтээлчид оролцож, манай улсыг сурталчлахын чацуу тамирчдын авьяас, чадварыг сорих юм. Тухайлбал, дрифтийн спорт сонирхдог 100 гаруй залуус тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
 
“Power expo festival”-ийг үүсгэн байгуулагч Б.Жигмэддорж, “Улаанбаатар бол залуусын хот. Гэвч Монгол гэхээр морь л унадаг мэт ойлголт бий. Тэгвэл энэ ойлголтыг өөрчлөх, монголчууд дэлхийн хэмжээний спортоор хичээллэдэг, дэлхийн хэмжээний шоуг зохион байгуулж чаддаг гэдгийг харуулах зорилготой” хэмээн онцлов. Фестивалийн талаар БНСУ, Япон, Хятад, Бразил зэрэг улсад мэдээлэл хүргэжээ. Түүнчлэн үзэгч хийгээд оролцогчдын аюулгүй байдал, тав тухыг хангасан байна. Мөн Авто худалдааны цогцолбор руу нийтийн тээврийн чиглэл явахаас гадна нисдэг тэргээр ч фестивалийг зорин очих боломжтой байдлаар зохион байгуулжээ. Нийслэлээс зохион байгуулалт болон бусад шаардлагатай зүйлсээр дэмжлэг үзүүлж, залуучуудын сонирхлыг дэмжиж, хамтран зохион байгуулагчаар оролцож байна.
 
“Power expo festival” 2023 шоуны нүүр царайгаар реппер Гинжин, Mrs.M нар ажиллаж байгаа бөгөөд Монголын амьд хөгжмийн домгууд “Никитон”, “Нисванис” зэрэг хамтлагаас гадна шинэ, залуу уран бүтээлчдийн бүтээлүүд эгшиглэнэ. Энэ үеэр дэлхий дахинаа танигдсан  "The HU" хамтлагийн тоглолт болох юм. Мөн дэлхийн томоохон фестивалиудад оролцдог RayRay, "Planet Hip Hop"-ын DJ Famous, Cross Cutz, Nekbrace, Marcus Aurelius нар өөрийн хөгжмийн сетээ сонсгож, үзэгчдийн сонорыг мялаана. Фестивалийн зохион байгуулагчид нийгмийн хариуцлагын хүрээнд соёл урлаг, спортоор дамжуулан хөгжих, өөрийгөө нээх, цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрөөх, дуртай зүйлээ хийхэд хөшүүрэг болох зорилгоор “Ub salsa club”, бүх насныханд зориулсан хүний хөгжлийн “Хатун” агентлагтай хамтарсан соёлын хөтөлбөрүүдийг ч мөн зохион байгуулах юм.
 
“Power expo festival”-ын хөтөлбөрийг танилцуулж байна.
 
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хөтөлбөр
 
“Power expo festival” Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр нээж байгаа тул хүүхдүүд тоглох, зугаалах, агаарлах тусгай хөтөлбөрийг зургаадугаар сарын 1-4 нд 11.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна. Тухайлбал,
 
-“Миний хүчирхэг машин” гар зургийн уралдаан
-HOTWHEELS city
-Шулуун замын тэмцээн
-GO-carting
-Surron тэмцээн
-Удирдлагатай машины тэмцээн
-Creative Bamboo
-ECO LIFE Хүүхэд бүр бүтээлч байж чадна
-Гүрүн Академи англи хэл сурах ASTRID 2.0 апп
-Монголын Үндэсний зуслангуудын холбоо
 
Экспо хөтөлбөр
 
Авто болон мото спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын бүх төрлийн үйлчилгээ, орчин үеийн тоног төхөөрөмж, технологи, инженерчлэлийн дэвшлийг танилцуулсан нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулна. Мөн хөдөлгөөнт хэрэгслийн хөгжлийг дэмжих хэлэлцүүлэг хийнэ. Түүнчлэн үндэсний цорын ганц автомашин үйлдвэрлэгч “Барс моторс” компани МОZO автомашиныг танилцуулна.
 
Экстрим хөтөлбөр
 
Монголд үйл ажиллагаа явуулдаг автомашин болон мотоциклийн клуб, нэгдлүүдийг хамарсан тэмцээн уралдаан, үзүүлбэрүүдийг зохион байгуулна. Тодруулбал,
 
-Мэргэжлийн
-Сонирхогчдын
-Ур чадварын төрлийн drift show, bike, cross, цахилгаан, чоппер, ATV төрлийн moto show, бартаат болон бартаат бус замын үзүүлбэрүүд болох юм.