sonin.mn
Нэлээд хэдэн хоногийн өмнө Америкийн цэрэг-тагнуулын нууц мэдээллүүд асар их хэмжээгээр задарч, нийтэд ил болсон нь сүүлийн 10 жилд дэгдээгүй дуулианыг тарилаа.   
Тэр тусмаа Пентагоны нууц баримтыг 21-хэн настай бага тушаалын албан хаагч задруулсан нь гайхшрал төрүүлсэн билээ. Гэтэл эл хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан АНУ-ын Үндэсний гвардын цэргийн нисэх хүчний кибернетикийн системийн ажилтан Жэк Тэйшейрагийн талаар хэвлэлүүд хэдхэн хоног шуугиад өнгөрсөн нь бүр ч хачирхалтай.
Харин одоо “цэрэг, тагнуулын нууц мэдээллүүд яагаад ингэж амархан задраад байна вэ” гэдэгт мэргэжилтнүүд дүн шинжилгээ хийж байна. Нууц мэдээлэлд нэвтрэх эрх гарын таван хуруунд багтахаар цөөн хүмүүст байдаг хэмээн бид төсөөлдөг. Гэтэл хэтрүүлж хэлэхэд, АНУ-д тагнуулын мэдээллийн бүхэл бүтэн “Википедиа” ажилладаг ба түүнд 1 сая гаруй хүн нэвтрэх эрхтэй гэдгийг сонсвол алмайрах буй за. Хүн амын тоонд харьцуулваас, манай улсын цэрэг-тагнуулын нууц мэдээллийг 10 мянга гаруй иргэн мэдэж байдаг гэвэл хэний ч ой тоонд буухааргүй.
 
 
 
Харин дөнгөж 21 настай залуу Пентагоны нууц мэдээллийг найзууддаа тарааж, зугаагаа гаргаж байгаа нь АНУ-д бол гайхах зүйл биш бололтой. Тэгээд ч Америкийн армид цэргийн жинхэнэ алба хааж буй хүмүүсийн 50 орчим хувь нь 25 ба түүнээс доош насныхан байдаг.
 
 
 
Тагнуулын мэдээллийн "Википедиа"
 
 
 
Өмнө нь АНУ-д мэдээллийн нууцлалтай холбоотой албан хэрэгцээний зарчим (need-to-know basis) үйлчилж байв. Тодорхой хэлбэл, бүх мэдээллийг нэг дор бус харин олон тооны виртуал “хайрцагнуудад” хадгална. Эдгээр хайрцагнуудын аль нэгэнд нь нэвтрэхийн тулд тухайн ажилтан нь ажлын хэрэгцээ шаардлагын үүднээс тухайн хайрцаг дахь мэдээллийг авах шаардлагатай гэдгээ үндэслэлтэйгээр тайлбарлаж нотлох ёстой.  Ийм журам үйлчилснээр хэн нэгэн хүн бүх мэдээлэлд нэвтрэх эрхгүй болж, зөвхөн өөрийнх нь ажилд шууд хамаатай хэсгийг л үзэх боломжтой байлаа. Харин 11/IX-ний халдлагын дараа энэ журам өөрчлөгджээ.  
2001 онд террористууд Нью-Йоркийн хоёр ихэр цамхагийг нисэх онгоцоор мөргөж сүйрүүлсэн хэргийг мөрдөн шалгах тусгай комиссын дүгнэлтэнд дурдсанаар, хэрвээ тагнуулын байгууллагууд өөр хоорондоо мэдээллээ солилцдог байсан бол дээрх халдлагыг таслан зогсоох боломжтой байжээ. Тодорхой хэлбэл, хоёр террористын тухай мэдээлэл АНУ-ын Тагнуулын төв газарт ирсэн хэдий ч “Аль-Каида”-гийн үйл ажиллагааг мөрдөж байсан Холбооны мөрдөн товчоонд уг мэдээллийг дамжуулан өгөөгүй байж. 
Үүнээс сургамж авч, тагнуулын мэдээллийг солилцох үйл явцыг хялбаршуулахыг холбогдох бүх байгууллагад Тусгай комиссоос зөвлөмж болгосон байна. Үүний дагуу мэдээлэл солилцох (need-to-share) цоо шинэ зарчим үйлчилж эхэлснээс хойш өдгөө 1 сая гаруй хүн нууц мэдээлэлд нэвтрэх эрхтэй болжээ.
 
 
 
 
Багцаа тоймоор төсөөлбөл, мэдээллийг хамгаалах тогтолцоо интеграцлагдсанаар бүхэл бүтэн “Википедиа” буюу нэвтэрхий толь, лавлагаа авдаг цахим хуудас бий болсон гэсэн үг. Товчхондоо, хэдийгээр маш өндөр нууцлалын зэрэглэлтэй байсан ч гэлээ Тэйшейрагийн задруулсан мэдээллүүдийг олон мянган хүн мэдэж байжээ.
 
 
 
АНУ-д тагнуулын олон байгууллага ажилладаг бөгөөд байгууллага тус бүр өдөр тутам хамгийн сүүлийн мэдээнүүдээс бүрдэх тусгай товхимлуудыг гаргадаг байна. Эдгээр товхимлыг АНУ-ын Зэвсэгт хүчний Штабын дарга нарын хороо зэрэг байгууллага хүлээн авч, хамгийн чухал мэдээллүүдийг шилж сонгосны дараа өөрийн гэсэн товхимлыг гаргадаг бөгөөд үүн дотор нууц гэхээр мэдээлэл төдийлөн байдаггүй аж. Тейшейрагийн задруулсан баримт бичгүүд нь чухамдаа Штабын дарга нарын хорооны мэдээлэл байсан бөгөөд түүн дотор маш олон нууц мэдээлэл байсан нь хачирхалтай.
 
 
 
Харин нууц мэдээлэл бүхий товхимлуудыг  “супер хэрэглэгчдэд” илгээдэг бөгөөд ийм ангилалд багтах хэрэглэгчид АНУ-д 20-иос хэтэрдэггүй аж. Тэд бол ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, үндэсний аюулгүй байдлын зөвлөх, төрийн нарийн бичгийн дарга, штабын дарга нарын хорооны дарга зэрэг хэдхэн хүн юм.
Гэтэл 21-хэн настай жирийн нэгэн IT-гийн мэргэжилтэн ийм файлуудыг хэрхэн олж авсан нь ойлгомжгүй байгаа бөгөөд мөрдөн шалгалт явагдаж байна.
Албаны зарим хүмүүсийн тайлбарласнаар бол, Тэйшейрагийн алба хааж буй Үндэсний гвардийн анги нь нөөц хүчний салбар анги бөгөөд онцгой нөхцөл байдал үүссэн эсвэл цэргийн ажиллагаа явагдсан тохиолдолд бусад анги нэгтгэлүүдийг тагнуулын мэдээллээр хангах үүрэгтэй аж. Иймээс IT-гийн мэргэжилтэн Тэйшейра нууц мэдээлэлд нэвтэрч, Умард Солонгос, Хятад, Иран болон Орос-Украины дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг авч байсан гэнэ. Нөөц хүчний ангиуд нэг хоногийн дараа, долоо хоногийн дараа хэзээ хаана байх нь тодорхойгүй байдаг тул дэлхийн янз бүрийн бүс нутгуудын талаарх мэдээллийг байнга авч байх ёстой аж. Гэхдээ анги нэгтгэлийн бүх албан хаагчид, тэдний дотор IT-гийн мэргэжилтнүүд нууц мэдээлэлд нэвтрэх зайлшгүй шаардлагатай юу гэдэг нь тодорхойгүй байсаар иржээ.
 
 
 
Бүгдээрээ бүхнийг мэдэж байх ёстой
 
 
 
9 дүгээр сарын 11-ний халдлагын дараа нууц мэдээллийг хадгалах тогтолцоог өөрчилснөөс хойш нууц материал алдагдсан хоёр ноцтой хэрэг гарсан билээ.
Эхнийх нь Америкийн армийн тагнуулын шинжээч асан Челси Мэннингийн задруулсан мэдээллүүд бөгөөд тэрбээр 750 мянга орчим баримт бичиг, дүрс бичлэгийг WikiLeaks цахим хуудсаар дамжуулан тараажээ. Тухайлбал, нэгэн дүрс бичлэгт Багдад хотод Америкийн нисдэг тэрэгнээс энгийн иргэд рүү гал нээж байгааг харуулсан нь дуулиан тарив.Хоёрдахь тохиолдол бол АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагаас улс орны дотоодод төдийгүй хилийн чанадад явуулж буй өргөн хэмжээний тагнаж чагнах ажиллагааны тухай нууц файлуудыг   техникийн мэргэжилтэн Э.Сноуден задруулсан явдал юм.
 
 
 
Энэхүү хоёр тохиолдлоос сургамж авсан Ерөнхийлөгч Барак Обама “бүх байгууллагууд нууцлалын зэрэглэлээ ахиулж, хэрэглэгчдийн зүй бус  үйлдлүүдийг илрүүлэхийн тулд сүлжээг тогтмол хянаж байхыг даалгаж байв.  
 
 
 
Үүний дагуу мэдээллийн аюулгүй байдлын салбарын шинжээчид 47 удаа зөвлөмж гаргаж, албан хэрэгцээний зарчмыг буцаан нэвтрүүлэх, ингэснээр Сноуден зэрэг IT-гийн мэргэжилтнүүд нууц файлуудад нэвтрэх боломжийг хаах саналыг дэвшүүлж байжээ.
Ийм систем бол цоо шинэ зүйл биш бөгөөд үүнийг нэвтрүүлэхэд техникийн нарийн шийдэл, шинэ программ огт шаардлагагүй. Тухайлбал, банкуудад ийм системийг аль хэдийнэ нэвтрүүлсэн бөгөөд техникийн мэргэжилтэн бүр файлуудад нэвтрэх боломжийг хаах байдлаар компьютеруудын тохиргоог хийдэг. Харин 21 настай залуугийн хийсэн үйлдэл нь “шинэ дүрэм журам үр дүнгээ өгөхгүй байна, техникийн асуудлаас бүх зүйл шалтгаалдаггүй” гэдгийг тод томруун харууллаа.
 
 
 
Энэ тухай ерөнхийлөгч Рейган, бага Буш нарын үед Үндэсний аюулгүй байдлын шинжээчээр ажиллаж байсан Ричард Кларк-ийн дүгнэн хэлснээр бол “9 дүгээр сарын 11-ний халдлагаас хойших 10 гаруй жилийн хугацаанд хүмүүс одоо хэрэгжиж буй дүрэм журамд нэгэнт дасжээ. Өөрсдийнх нь эрхэлж буй ажилд ямар ч хамаагүй байлаа ч гэсэн “бид нар бүгдийг мэдэж байх ёстой” гэдэг итгэл үнэмшил тэдний тархинд суусан байна”.
 
 
 
Мэдээлэл алдагдсаны хор уршгийн тухайд шинжээч ярихдаа “мэдээллийн эх сурвалжууд нууц байдалд орсноор мэдээлэл цуглуулах механизм мухардалд орно. Хэн нэгэн мэдээлэгч баривчлагдаж таарна, харин энэ тухай Ерөнхийлөгч эсвэл ТТГ-ын захиралд илтгэх байх, харин олон нийт энэ талаар хэзээ ч мэдэхгүй өнгөрнө” гэлээ.
Нэг талаас нууцыг хадгалж, мэдээлэл солилцохыг хязгаарлах, нөгөө талаас 9-р сарын 11-ний халдлагаас сэргийлэхийн тулд нууц мэдээллийг солилцох гэсэн хоёр зарчим нь хоорондоо логик зөрчилдөөнтэй байна. Энэ хоёрын аль нь илүү тохиромжтой вэ гэдэг дээр одоогоор тогтсон ойлголт алга.Ямартай ч, Ж.Тэйшейра Пентагоны нууцыг задруулсан нь ихэр цамхагийг нураасан халдлагын дараа бий болсон аюулгүй байдлын шинэ тогтолцоонд сул талууд байна гэдгийг харууллаа.
 
 
 
Эх сурвалж: ВВС   
 
Б.Адъяахүү