sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Samsung Electronics” компани “Galaxy S” загварын шинэ гар утаснуудаа танилцуулах “Unpacked” арга хэмжээг ирэх сард зохион байгуулна гэдгээ лхагва гарагт мэдэгджээ. “COVID-19” цар тахлын улмаас энэхүү арга хэмжээг гурван жилийн дараа уламжлалт хэлбэрээр явуулах гэж буй нь энэ юм.
 
“Galaxy Unpacked” арга хэмжээ АНУ-ын Сан-Франциско хотноо хоёрдугаар сарын 1-нд болно гэж дэлхийн ухаалаг гар утасны хамгийн том үйлдвэрлэгч компани мэдээлээд, “Galaxy” инновацын шинэ эрин ирж байна хэмээн цахим хуудсандаа цохон тэмдэглэсэн байна.
 
Хэдийгээр “Samsung” шинээр танилцуулах гэж буй бүтээгдэхүүнүүдийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч “Galaxy S23” цуврал гар утаснуудаа олон нийтэд танилцуулах төлөвтэй байна. “Unpacked” арга хэмжээг “YouTube” платформ болон компанийн цахим хуудсаар шууд дамжуулна.
 
Өнгөрсөн долоо хоногт “Samsung” санах ойн чип, хэрэглээний электрон төхөөрөмжийн эрэлт саарч байгаатай холбоотойгоор өнгөрсөн оны 10-12 дугаар сарын орлого буурах хандлагатай байгааг мэдээлсэн юм.
 
Тодруулбал, дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны орлого өмнөх оныхоос 69 хувиар унаж, 4.3 их наяд вонд хүрэх төлөвтэй байгааг урьдчилсан төсөөлөл харуулжээ. 
 
 
Э.Хулан
ЭХ сурвалж: "Монцамэ" агентлаг