сонин mn
ПАРИС. /DW/. Дэлхийн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал ирэх таван жилд 75 хувиар өснө гэж Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/ мягмар гарагт мэдээллээ.
 
Украины дайнаас үүдэн гарсан эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой болгоомжлол улс орнуудыг импортын олборлодог түлшнээс хамааралтай байдлаа бууруулж, нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ рүү шилжихэд түлхэц болж байна.
 
ОУЭХА-ийн тайлангийн төсөөллөөр, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр 2025 он гэхэд нүүрсийг гүйцэж түрүүлэн дэлхийн цахилгаан эрчим хүчний хамгийн том эх үүсвэр болж, ирэх таван жилийн хугацаанд дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг эзлэх төлөвтэй байна. Тус байгууллагын тооцоолж буйгаар, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал 2400 гигаваттаар өсөх төлөвтэй байгаа нь жилийн өмнөх төсөөлөлтэй харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Түлш, цахилгааны үнэ өсөж байгаа нь хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдийг сэргээгдэх эрчим хүчний салбарт илүү анхаарлаа хандуулахад хүргэжээ.
 
“Сэргээгдэх эрчим хүчний салбар хэдийнээ хурдацтай өргөжин тэлж байсан хэдий ч дэлхийн эрчим хүчний хямрал шинэ үе шатанд орууллаа. Дэлхий нийт ирэх таван жилийн хугацаанд сүүлийн 20 жилд бүтээсэнтэйгээ тэнцэх хэмжээний сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмж бий болгохоор төлөвлөж байна” гэж ОУЭХА-ийн гүйцэтгэх захирал Фатих Бирол ярьжээ.
 
Украины дайн Европын сэргээгдэх эрчим хүчний салбарын хувьд шийдвэрлэх түлхэц болж, Засгийн газар болон бизнес эрхлэгчид Оросын хийг аль болох түргэн хугацаанд өөр хувилбараар орлуулахыг эрэлхийлж байна. Үүний зэрэгцээ, АНУ, Хятад, Энэтхэг улсууд сэргээгдэх эрчим хүчийг урьд нь төлөвлөж байснаасаа илүү хурдан нэвтрүүлэх бодлого, зах зээлийн шинэчлэлийг хэрэгжүүлж байна гэж тайланд дурджээ. ОУЭХА-ийн мэдээлснээр, ирэх таван жилд бий болох сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлын тэн хагас орчмыг Хятад улс дангаараа эзэлж магадгүй байна. Энэхүү өсөлтийг дэлхийн хэмжээнд авч үзвэл Парисын гэрээгээр тохиролцсон дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд тогтоон барих зорилгодоо хүрэх боломжоо хадгалж авч үлдэх хандлагатай байна.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг