сонин mn
Нүүрсний хулгай улс төр, нийгмийн хүрээнд халуун сэдэв болоод байна. Өнгөрсөн 30 жилийн хугацааны “Монголчуудын алдагдсан боломж”-уудыг жагсаавал энэ хулгай хамгийн эхэнд бичигдэнэ. Тэр утгаараа, нүүрсний хулгайн хэрэг дээр Монголын төр болоод хууль хяналтын байгууллагынхан хэрхэн хандаж байгааг олон нийт анхааралтай ажиглаж байгаа юм. Сүүлийн үеийн Засгийн газрын хуралдаан дээр ч нүүрсний хулгайг ямар нэг байдлаар ил, далд ярьдаг болсон байна.
 
Нүүрсний хулгайн баримтуудыг Хятадынхтай нарийвчлан тулгана
 
Мөрдөгч, прокурорууд нүүрсний хулгайн нэлээд олон үйлдэлд хэрэг үүсгээд шалгаж байна. Олон ч хүн холбогдсон. Тэгвэл нэлээд хэдэн хэрэгтэй холбоотой мэдээлэл, нотлох баримтыг Хятадын эрх бүхий байгууллагуудын мэдээлэлтэй нарийвчлан тулгах шаардлага үүссэн байна. Өөрөөр хэлбэл, ямар агууламж, чанартай хэдий хэмжээний нүүрсийг хэзээ экспортолсон зэрэг мэдээллийг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай болжээ. Энэ нь Хятадын импортын мэдээлэл, хамгийн гол нь хууль хяналтын байгууллагуудынх нь мэдэлд байдаг мэдээллүүд гэсэн үг.
 
Нүүрсний хулгайн үйлдлүүд нь Хятад улстай холбогддог. Иймээс манай хууль хяналтын байгууллагын зүгээс Хятадын талд зарим мэдээ, мэдээллийг хүсэх шаардлага үүссэн байна. Гэвч тус улсын холбогдох байгууллагуудын зүгээс манай хэд хэдэн хүсэлтэд “...Мэдээллийг өгөх боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн байна.
 
Тийм учраас хууль хяналтын байгууллагынхан “... Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Хятадын гаалийн болон хил хамгаалах байгууллагатай тодорхой мэдээллүүдийг солилцоход дэмжлэг үзүүлж, тус улсын Хууль зүйн яамтай харилцан тохиролцохыг хүсье” гэсэн хүсэлтийг Засгийн газарт тавьжээ. Монгол, Хятад хоёр улс 1989 онд Иргэний болон эрх зүйн харилцан туслалцах гэрээг байгуулсан. Энэ гэрээнд хоёр талын эрх бүхий байгууллага буюу манай ХЗДХЯ, Хятадын Хууль зүйн яам бие биедээ хүсэлт тавих байдлаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэхээр заасан байдаг байна. Энэ дагуу Засгийн газрын уржигдрын хуралдаан дээр нүүрсний хулгайг шалгахтай холбоотой шаардлагатай мэдээллийг Хятадын талтай солилцох, тус улсаас гаргуулах талаар хамтрах ажлыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт шилжүүлсэн байна.
 
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Анандбазар З.Энхболд хоёр нүүрсний мөнгөөрөө Бага тэнгэрийн аманд байшин барьж, тэндээ хор найруулж суудаг шүү
 
Засгийн газраас 2023-2025 оныг “...Монголд зочлох жил” болгож зарласан. Энэ хүрээнд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Засгийн газрын уржигдрын хуралдаанаар энэ хуулийн талаар хэлэлцжээ. Тэр үеэр онгоцны түлшний үнэтэй холбоотой асуудал босч ирсэн байна. Нэг үгээр хэлбэл, тийзний үнээс эхлээд олон зүйл онгоцны түлшний үнээс шалтгаалж байгааг албаныхан хэлжээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар болон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нийлүүлдэг монопол үнэтэй шатахууны талаар ярьж, нэлээд бухимджээ.
 
Тэрбээр “...Ц.Анандбазар З.Энхболд хоёр Бага тэнгэрийн аманд нүүрсний мөнгөөрөө байшин барьсан. Тэндээ хор найруулж суудаг. Харин төрийг найруулж чадахгүй шүү. Тийшээ нэлээд хэдэн шүүгч байн байн очдог. Нүүрсчид нийлж байгаад гурван шатны шүүхийг зад татаад гараад ирдэг юм байна. Хүчтэй байна. Тэрийг нь харлаа, үзлээ. Гэхдээ олон нийт ийм хуйвалдааныг чинь таашаахгүй байгаа шүү” гэжээ.
 
Энэ “үг”-тэй холбоотойгоор өчигдөр улс төрийн хүрээнийхэн “...Ерөнхий сайд юу гээд хэлчихсэн юм бэ, З.Энхболд нүүрсний хулгайд холбогдчихсон юм уу” гэцгээж байна.
 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин