сонин mn
ЖАКАРТА. /AP/. Даваа гарагт хүчтэй газар хөдлөлт болсон Индонезийн Ява арал дээр аврах албаныхан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
 
Чианжур хотын Байгалийн гамшгийн уршгийг арилгах хорооны мэдээлснээр, газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 268-д хүрч нэмэгдэж, олон зуун хүн гэмтэж бэртжээ. Одоогоор 150 гаруй хүн сураггүй хэвээр байна.
 
АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр, 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Чианжур жижиг хотод байжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл тус хотоос ойролцоогоор 70 км зайд орших нийслэл Жакарта хотод мэдрэгдсэний улмаас өндөр барилгуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна. Газар хөдлөлт үе үе болдог Индонезид даваа гаргийнхаас хүчтэй газар газар хөдлөх нь олонтаа байдаг. Гэвч энэ удаа харьцангуй бага гүнд газар хөдөлсөн нь ноцтой хохирол дагуулсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Газар хөдлөлтийн голомт 10 км гүнд байжээ.
 
Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо мягмар гарагт Чианжурт очиж нөхцөл байдалтай биечлэн танилцахдаа дэд бүтэц, тэр дундаа Чианжурыг бусад хоттой холбодог гол гүүрийг сэргээн босгож, орон гэр нь нурж сүйдсэн хүмүүст тусламж үзүүлэхээ амласан байна.
 
 
Индонез нь Номхон далайн “Галт цагираг” гэж нэрлэдэг бүсэд оршдог тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, цунамийн гамшигт үе үе нэрвэгддэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гэхэд, Баруун Суматра мужид 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 25 хүн амиа алдаж, 460 хүн гэмтсэн бол Баруун Сулавеси мужид 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 100 гаруй хүн амиа алдаж, 6500 орчим хүн гэмтэж бэртсэн байна.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг