сонин mn
ЛОНДОН. /CNN/. Их Британийн хатан хаан II Элизабет нас дээр гарч байгалийн жамаар таалал төгссөн болохыг түүний нас барсны гэрчилгээнд тэмдэглэжээ.
 
Шотландын Үндэсний бүртгэлийн газрын мэдээлснээр, хатан хаан есдүгээр сарын 8-ны өдөр 3:10 цагт Шотландын Балморал цайзад таалал төгссөн байна. Түүний таалал төгссөн шалтгааныг нас дээр гарсны улмаас хэмээн бүртгэсэн бөгөөд тус баримт бичигт хатан хааны охин, гүнж Анна гарын үсэг зуржээ.
 
Их Британийн түүхэнд хаан сэнтийд хамгийн удаан буюу 70 жил заларсан хатан хаан 96 насандаа амар тайвнаар хорвоог орхисон юм. II Элизабетыг нас барсны дараа түүний ууган хүү Чарльзыг есдүгээр сарын 10-ны өдөр Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын хаанаар албан ёсоор өргөмжилсөн билээ.
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг