сонин mn
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Су Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой Токио хотноо лхагва гарагт уулзах үеэрээ хоёр орны харилцааг сайжруулахыг уриалжээ.
 
БНСУ, Япон улс нь ардчиллын үнэт зүйл, зах зээлийн эдийн засгийн зарчмууд нийтлэг ойр дотно хөрш, хамтын ажиллагааны чухал түншүүд гэдгийг Хан Док Су Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог үдэх төрийн оршуулгын ёслолд оролцсоноос нэг хоногийн дараа болсон уулзалтын үеэр хэлсэн байна.
 
Мөн БНСУ-ын энэ оны тавдугаар сард эмхлэн байгуулагдсан шинэ Засгийн газар Солонгос-Японы харилцааг сайжруулан хөгжүүлэх нь нийтлэг ашиг сонирхолд нийцэж буйг цохон тэмдэглэж байгааг уламжилжээ.
 
К.Фүмиогийн хувьд БНСУ болон Ерөнхийлөгч Юн Сок Ёл нар А.Шинзог таалал төгссөнд эмгэнэл илэрхийлсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн байна. БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй Солонгосын олон иргэн эмгэнэл илэрхийлсэн гэдгийг тэрбээр онцолжээ.
 
Токиод болсон энэхүү уулзалт нь Юн Сок Ёл, К.Фүмио нар өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Нью-Йорк хотноо уулзах үеэрээ тулгамдаж буй асуудлуудыг зохицуулахад хоёр орны харилцааг сайжруулах хэрэгтэй байгаад санал нэгдсэнээс хойш долоо хүрэхгүй хоногийн дараа болж байна. Юн Сок Ёл, К.Фүмио нарын уулзалт нь 2019 оны 12 дугаар сараас хойших хоёр орны удирдагчдын анхны ганцаарчилсан уулзалт болсон бөгөөд түүхэн маргааны улмаас сэв суугаад буй хоёр талын харилцаа сайжрах найдвар төрүүлсэн юм. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг