sonin.mn
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй “Цэргийн ралли-2022” олон улсын тэмцээний нэгдүгээр шатны буюу "Нэг бүрийн уралдаан" Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулагдсан аж.  Мэргэжил, туршлага, ур чадвар, авхаалж самбаа сорьсон уг тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид хоёр дахь удаагаа оролцож байгаа хэдий ч олон жил оролцсон туршлагатай баг тамирчидтай эн тэнцүү өрсөлдөж чадсаныг зохион байгуулагчид онцолжээ. 
 
Энэхүү тэмцээнд багийн ахлагчаар Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч хурандаа Ц.Төрмөнх, дасгалжуулагчаар Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч хурандаа М.Батдорж нар томилогдон ажиллаж байгаа юм. Тэмцээний дүнгээр “4х4” ангилалд чиглүүлэгч, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Автотехникийн албаны агрегат засварын хэсгийн дарга, ашиглалтын инженер ахлах дэслэгч М.Шийрэвноров, жолооч Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн тээврийн салааны жолооч ахлах ахлагч Б.Баатархүү нар аваргалж, алтан медалийн эзэд болсон нь бидний бахархал билээ.
 
Мөн тэмцээний “6х6” ангилалд чиглүүлэгч Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтын төвийн хуягт техникийн ашиглалтын багш ахлах дэслэгч Д.Бямбабаяр, жолооч Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтын төвийн автотехникийн жолооны дадлагын багш сургагч ахлагч С.Амартүвшин нар дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн талаарх мэдээг ахлах дэслэгч Д.Бямбабаяр бидэнд ирүүллээ.
 
Сонирхуулахад, олон улсын тэмцээний хоёрдугаар шат ба "Нэхэн хөөх уралдаан", гуравдугаар шат буюу "Буудлага", дөрөвдүгээр шат буюу "Багийн уралдаан" энэ сарын 16-наас 22-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотноо зохион байгуулагдана. Энэхүү олон улсын нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчдадаа болон медаль хүртсэн офицер, ахлагч нартаа баяр хүргэж, дараагийн шатны уралдаануудад амжилт бүхний дээдийг бэлгэдэн ерөөе.
 
Хурандаа Б.Отгонбаяр