sonin.mn
Тэртээ хорин жилийн өмнө цэнхэр малгай, үзэг цаасаа гартаа бариад дэлхийн хамгийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж, монгол цэрэг-дэлхийн цэрэг болох анхны шанг татаж явсан бэлтгэл хурандаа Р.Даваадоржийг баярын дугаартаа урьж ярилцлаа.
 
Олон зуун аавын хөвгүүдээс онцгойрч, Зэвсэгт хүчний анхны энхийг сахиулах ажиллагаанд явахаар сонгогдоно гэдэг хэн бүхэнд тохиогоод байхгүй боломж. Энэ тухай түүхээсээ бидэнтэй хуваалцана уу?
 
-2002 онд “Цэрэг цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд боловсруулж, УИХ-аар батлуулсан. Ингээд тав нь Зэвсэгт хүчнээс, хоёр нь цагдаагаас нийтдээ 7 офицерыг сонгов. Удалгүй биднийг НҮБ-аас санхүүжүүлээд Иран Улсын Тегеран хот руу илгээдэг юм байна. Тэндээс бид Ардчилсан Конго Улсад явагдаж байгаа НҮБ-ын ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг авсан. Онцолж хэлбэл, тухайн үед яг ажиллагааны газар орноос бидэнд сургалт явуулахаар ирсэн Оросын ажиглагч офицер Юрийгээс мань мэт нь тухайн үед ажиглагч офицер ямар байх талаар их ч зүйл сурсан даа. 
 
НҮБ-ын ажиглагч офицерын дамжаанд суралцаж байхдаа Конгод явагдаж байгаа "MONUSCO" ажиллагаа нь цагийн байдлын хувьд хэчнээн хүнд хэцүү болох талаар ойлголт авч байлаа. Гэтэл таны ч бус Монгол Улсын цэнхэр дуулгатны харгуй тийм бэрх замаас эхэлж байжээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө ...
 
-Тухайн үед тус ажиллагааг "MONUC" гэж нэрлэдэг байсан. Түүхээс нь цухас дурдвал, 1960-аад оноос Африк даяар Европын колоничлолыг эсэргүүцэх хөдөлгөөн идэвхэжсэн. Ардчилсан Конгын хувьд олон жил Белгийн колони байсан юм билээ. Ингээд генерал Жосеф Кавасубу гэгч нөхөр 1960 онд гарч ирээд улсдаа цэргийн дэглэм тогтоож, АНУ, ЗХУ-ын аль алинтай нь харилцаагаа сайжруулж, 1980 он хүртэл улс орноо удирдаад нэлээд хөгжүүлсэн байдаг. Тэгтэл ард түмэн нь тэмцэж, дэглэмт Засгийн газраа унагаснаас болж, иргэний эцэс төгсгөлгүй дайн дэгдсэн. Хоорондоо шашин шүтлэг, үндэс угсаагаараа хуваагдаж, нэгнийгээ хядаж эхэлсэн. Энэ хямрал нь хөрш зэргэлдээ Руанда Улсаас авхуулаад олон оронд халдварласан гэж ойлгож болно. Одоог хүртэл үргэлжилж байгаа энэхүү иргэний цуст дайнаар ойролцоогоор 8 сая гаруй хүн үхсэн гэсэн тоо бий.
 
 
Энэ бол Дэлхийн II дайнаас хойших хүн төрөлхтний түүхэнд хар толбо үлдээж буй аймшигт үйл явдал. Маш олон геноцит үйлдлүүд энэ үеэр болж, охид, эмэгтэйчүүд хэрхэн хүчирхийлүүлж нас барж байгааг нь сонсоход ч бэрх байдаг. 
 
Уул нь Ардчилсан Конго бол байгалийн асар их нөөц баялаг, алт, алмаз ихтэй. Зүсэн зүйлийн ширэнгэн ойн ургамал, амьтны орон гэр болсон улс юм. Монголоос газар нутгаараа хоёр дахин том, хүн ам нь 55 сая. Томоохон суурьшлын бүсүүд ихтэйн дээр ширэнгэн ойгоор тусгаарлагдсан тосгод, суурингууд ч их.
 
Тухайн үеийн удирдлагууд цэргийн эмч хүнийг тийм хүнд газар руу итгэл хүлээлгэж илгээсэн нь  гайхалтай ...
 
-Үнэхээр тийм. Гүрийн Рагчаа генерал АНУ дахь Монголын Элчин сайдын яаманд цэргийн атташегаар ажиллаж байхдаа Монгол Улсын Зэвсэгт хүчнийг НҮБ-ын цэргийн ажиллагаанд оролцуулах боломж нөхцөлийг сайтар судалж үзсэн юм билээ. Тэгээд эх орондоо ирээд НҮБ-д ажиглагч, эмнэлгийн бүлэг, эсвэл II шатны эмнэлэг илгээх боломж нөхцөлийн талаар тухайн үед АНУ дахь НҮБ-ын Байнгын төлөөлөгчийн газар суугаа Баатар гэж хүн рүү илгээсэн байдаг. Баатар гуайгаас Рагчаа генерал руу илгээсэн хариу захидал нь одоо ч миний архивт хадгалаастай бий.
 
 
Тус захидалд “... Цэргийн ажиглагч оролцуулах нь хамгийн боломжтой юм байна. Гэхдээ НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын Хүчин бүрдүүлэх хэлтэст бүртгүүлэх ёстой. Эхний ээлжид хоёр хүн илгээж болно...” гэсэн байдаг. 
 
Миний хувьд яагаад тоогдчихов гэвэл, Рагчаа генералыг Америкт атташегаар ажиллаж байх үед тус улсад академид суралцаж байсан юм. Тэр үед би Рагчаа генералтай танилцаад хэд хэдэн удаа уулзсан. Дараа нь сургуулиа төгсөж ирээд нэг уулзалт дээр Рагчаа генералтай тааралдаж, цай уух зуураа бид хоёр малария буюу хумхаа өвчний талаар нэлээд ярилцсан. Би Африкийн бүс нутагт дэгдэж байгаа бүх халдварт өвчний талаар “А-Я” хүртэл нь цээжээрээ ярьж чаддаг байлаа. Одоо ч чадна. Ерөнхийдөө би өвчнүүдийнх нь гарал үүсэл, халдварын онцлог, вирусийн шинж тэмдэг, судалгаа гээд маш дэлгэрэнгүй ярьж өгсөн. Түүнээс хойш Рагчаа дарга ер нь нэг эмч явуулъя, тэгээд ч англи хэлтэй учир боломжтой гэж харсан байх. 
 
Бидний төдийлөн сайн мэдэхгүй хар тивийн зүг, тэгээд бүр Конго Улс руу жолоо залах гэж байхдаа хэр түгшүүртэй байв?
 
-Надад бол тухайн үед тийм хүнд газар очно, яах бол гэсэн айдас төрөөгүй. Ч.Ерөөлцэнгэл та хоёрыг сонголоо, бэлтгэлээ базаа л гэсэн. Харин очсон хойно байдал үнэхээр өөр байсан. Кинчаса (Конго Улсын нийслэл)-ийн онгоцны буудалд газардаад л ямар гэгчийн аймшигтай газар хүрээд ирэв ээ гэж өөрийн эрхгүй бодогдсон. Бид хоёрыг буухад ажиллагааны Төв штабаас хоёр офицер тоссон. Тэгээд машинд суугаад Төв штаб орох 45 минутын турш цонхоор хаа сайгүй сүйрсэн, нурсан барилга байшин, ядуурал, өвчин зовлонг олж хараад үнэхээр сэтгэл эмтэрч байлаа. Мачата сэлмээр гар, хөлөө тайруулчихсан, сохор, доголон хүмүүс ямар их гээч. Үнэхээр иргэний дайн гэгч аймшигт зүйлээс болж ард түмэн улс даяараа яаж сүйрэн нурж болдгийг тэндээс л харсан даа
Таныг байхад цагийн байдлын эгзэгтэй үе тулгарч байсан уу?
 
-Бид хоёр эхлээд Төв штабт танилцуулах сургалтад өдөр бүр хамрагддаг байлаа. Тэгээд өдөр цайны цагаар ойролцоох кафед сууж, орон орны цэргүүдтэй буу хална.ингээд хагас сар сургалтдаа сууж байхад ажиллагааны хуваарилалт явагддаг юм байна. Гэтэл намайг Икала суурин руу томилсон тушаал гарав. Үүнийг мэдсэн бусад улсын цэргүүд үнэхээр хэцүү газар томилогдлоо, амь насаа бодоорой, болгоомжтой байгаарай гэж хэлцгээж эхэлсэн. Учир нь тэнд багийн ахлагчаар үүрэг гүйцэтгэж байсан Алжирын дэд хурандаа минийн дэлбэрэлтэд өртөөд нас барчихсан юм билээ. Би бас дэд хурандаа цолтой үхсэн алжирын оронд очих гээд байдаг. Уг явдлаас болоод  4 сарын хугацаанд тэр сууринд багийн ахлагчаар хүн томилогдоогүй.
 
Төв штабт орос, энэтхэг, пакистан, хятадууд хүний нөөцийн офицероор ажилладаг учир өөрсдийн орны хүмүүсийг цагийн байдал намжмал бүс рүү томилчихно. Тэгээд “хаширууд” харж байгаад ямар ч арын хаалга байхгүй, хэн ч танихгүй болохоор намайг тийш нь томилж байхгүй юу.
 
Тэгсэн Төв штабт нэг гаргүй энэтхэг цэрэг яваад л байдаг байв. Кафед нэг ажиглагч офицертой ярилцаж байхдаа тухайн энэтхэгийн талаар санаандгүй сонссон. Тэр цэрэг өнөө нас бардаг алжиртай хамт үүрэг гүйцэтгэж байсан юм билээ. Машин нь танк эсэргүүцэх минад өртөхөд алжирын дэд хурандаа бүсээ зүүгээгүй учир машин нь дээшээ шидэгдээд унахдаа хамаг биеийг нь бяцалчихсан. Харин ард нь сууж явсан энэтхэг золоор машины цонхоор шидэгдээд амьд үлдсэн нь тэр аж. Энэ талаар сонсоод битүүхэн болгоомжлол төрж л байсан. Гэхдээ тангараг өргөсөн цэргийн хүн учир бүх зүйлд бэлтгэлтэй байх ёстой гэсэн зарчмаа л барьсан даа. 
 
Та хоёрыг үүргээ гүйцэтгээд ирэхэд хүмүүс баатар мэт хүлээж авсан уу?
 
-Ямар сансарт нисээд ирж байгаа биш. Тийм сүртэй зүйл болоогүй. Харин нэг онцлог болгоод ярьчих зүйл нь гэвэл, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Н.Багабанди биднийг явахаас өмнө хүлээж авч уулзсан. Ерөнхийлөгчийн өрөөнд бид хоёртой хамт ЗХЖШ-ын дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ЗХЖШ-ын энхийг сахиулах хэлтсийн дарга нар хамт орсон. Бид хоёрт маш их итгэл хүлээлгэж байгаа тухайгаа хэлсэн. Намайг “Цэргийн эмч байх аа, хумхаа өвчний талаар хэр мэдлэгтэй вэ, сайн судалж ирээрэй. Гвиней гэдэг улсад 1970-аад онд манай улс Элчин сайдын яамаа нээсэн юм. Тэнд ажиллаж байсан 8 дипломатчаас дөрөв нь хумхаа өвчнөөр нас барсан.
 
Тэнд ажиллаж байсан хүмүүсээс виски уудгууд нь амьд гарсан юм шиг байна лээ” гэж хошигнон хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Гэтэл саяхан Анхдагч энхийг сахиулагчдын уулзалтаар уригдсан Н.Багабанди гуай үг хэлэхдээ, над руу хараад “Би чамд хэлж байсан даа, виски бас зүгээр гэж. Миний зөвлөгөө үр дүнгээ өгсөн үү” гэж хошигносон шүү.
 
2003 оны 8 дугаар сарын 15-нд бид эх орондоо ирсэн. Яг онгоцны буудалд ирэхэд угтаж авах хүн байгаагүй. Нэг хоног гэртээ амраад ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайд руу орж, илтгэлээ өгсөн. Харин 5 хоногийн дараа Ерөнхийлөгч Н.Багабанди биднийг дахин хүлээн авч “Ямар ч гэсэн эсэн мэнд хүрээд ирлээ. Дараа дараагийн хүмүүстээ маш том боломж, үүд хаалга нээж өглөө. Баяр хүргэе” гэж хэлээд бид хоёрыг Цэргийн хүндэт медалиар шагнаж байлаа. 
 
Та хамт үүрэг гүйцэтгэсэн Ч.Ерөөлцэнгэлийнхээ талаар дурсан яривал ... 
 
-Ерөөлцэнгэл бол зан төлөвийн хувьд маш тайван,  өндөр боловсрол, мэдлэгтэй хүн. Маш хашир, ер нь л аливааг долоо хэмжиж байж нэг огтолно шүү дээ. Харин би бол нэлээд хөдөлгөөнтэй. Бид хоёр зан төлөв, насны хувьд зөрүүтэй. Би Ерөөлцэнгэлээс 10 насаар ах. Рагчаа генерал ер нь зан төлөв, насны хувьд зөрүүтэй хүмүүс сонгож явуулдаг байсан. Бид хоёрын дараа Конгод үүрэг гүйцэтгэсэн тухайн үед дэд хурандаа байсан Д.Нарантулга агсан, хошууч Д.Ганхуяг нар ч мөн хоорондоо 10 насны зөрүүтэй байлаа. Сүүлд Рагчаа генерал надтай ярьж суухдаа “Чамайг ямартаа ч хумхаагаар өвдчихгүйн дээр Ерөөлцэнгэлдээ зөвлөөд залуу хүнийг удирдаад сайн яваад ирнэ гэж итгэсэн. Ямар ч гэсэн би алдаагүй” гэж хэлсэн нь саяхан мэт санагдаж байна. 
 
Дарфурт үүрэг гүйцэтгэсэн цэргийн хээрийн II шатны эмнэлгийн анхны багийг дэлгэн байрлуулахад таны оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл их гэж сонссон юм байна ...
 
-Энэ талаар яривал сонирхолтой зүйл их. 2005 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш манай улсад ирээд Ш.Самбуу-Ёндон, Г.Аззаяа нартай уулзаж баяр хүргээд манай улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны чадавхыг 2015 он хүртэл дээшлүүлэх хөтөлбөрт зориулж, 11 сая ам.долларын тусламж үзүүлсэн юм.
 
Түүнээс өмнө НҮБ-д цэргийн хээрийн II шатны эмнэлэг оруулах тухай асуудал яригдаж, АНУ-ын ЭСЯ манай уг сонирхолд дэмжлэг үзүүлэхээр болсон. Ингээд тухайн үеийн УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Хангай, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Баясгалан зэрэг 8 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг 2004 онд АНУ-ын зардлаар Зүүн Тиморт байрлах Тайландын II шатны эмнэлгийг үзэж, туршлага судлахаар явсан.
 
Бид эхлээд Тайландын БХЯ-нд айлчилж, мэргэжилтнүүд нь бидэнд хүний тоо, зэвсэглэл, техник, нойтон, хуурай түрээсийн талаар онолын сургалт орсон. Дараа нь Зүүн Тиморыг зорьж, 68 хүнтэй II шатны эмнэлэгт очиж үйл ажиллагаатай нь танилцсан. Дараа нь АНУ-ын тусламж орж ирэх үед би II шатны эмнэлгийн төслөө биччихсэн байсан. Ийм эмнэлэг авах хэрэгтэй байна гээд тухайн үед ЗХЖШ-ын даргын энхийг сахиулах асуудал эрхэлсэн орлогч дарга хурандаа Я.Чойжамцад төслөө танилцуулсан. Барилга байшин, танк авснаас хүнээ явуулаад сургаад, түрээсийн орлого олоод явах боломжтой тал талын үр ашигтай ийм төсөлд хөрөнгө зарцуулъя гээд 4,2 сая ам.доллараар Америкаас хамгийн сүүлийн үеийн иж бүрэн II шатны эмнэлэг авч байлаа.
 
НҮБ-аас экспертүүд ирж, манай эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шалгасан. Дараагаар нь би Нью-Йорк хотноо очиж НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны төв штабын “force generation” буюу Хүчин бүрдүүлэх газрын мэргэжилтнүүдтэй Харилцан ойлголцлын санамж бичгээ байгуулсан. Сарын дараа Хойд Суданы Дарфурт газраа сонгохоор эмнэлгийн анхны цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэх Н.Сүхбаатар хошуучийг аваад явсан. Бид байрлах газраа сонгохдоо олон талыг бодолцож үзсэн.
 
Үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний дийлэнх нь эмэгтэй цэргүүд байх болохоор Африкийн улсуудын цэргийн ангитай ойр байлгахыг хүсээгүй. Тэгээд урд хашаа нь Египетийн батальонтой ойр байхаар сонгосон. Эхний цэргийн баг бүтээн байгуулалтын ажил их хийсэн. Юм гэдэг чинь залгамж чанартай байх ёстой. Миний шавь Н.Сүхбаатар миний төгссөн сургууль, дамжаануудыг төгсөөд албан тушаалуудад томилогдоод явж байгаа нь бидний залгамж халаа, бэлтгэгдсэн боловсон хүчин гэж боддог. Цэргийн хээрийн II шатны эмнэлэгт 8 удаагийн ээлжээр, нийтдээ  544 эрүүл мэндийн ажилтан үүрэг гүйцэтгэж, Зэвсэгт хүчний хөгжлийн санд 32 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг. Нөгөөтэйгөөр цэргийн эмч нар маань Африкийн хүнд нөхцөлд хүнийг яаж эмчлэх талаар маш их "дата" цуглууллаа.
 
Хорин жилийн тэртээ таны гаргасан жимээр эдүгээ 20 мянга гаруй цэрэг замнажээ. Энэ хугацаанд тантай хамт мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэн хүмүүстээ хандаж баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?
 
-Нэг мэдэхэд 20 жилийн хугацаа ард хоцорчээ. Энэ бол Монгол төрийн Батлан хамгаалах бодлого зөв явж ирсний гавьяа гэж боддог. Монгол цэргийг энхийг сахиулах боломжоор хангахын тулд олон ч хүн бодлоо чилээн зүтгэсэн. Үүний дүнд эрх зүйн орчин бүрдэж, бидэнд төр засгаас итгэл хүлээлгэсэн. Би өөрийгөө анхдагч гэж ярихыг хүсдэггүй. Миний оронд өөр хүн байсан ч бас хийх л байсан. Цэрэг хүн тушаал, үүрэг даалгавраа л биелүүлсэн гэж боддог. Ингээд үе үеийн БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, хамт мөр зэрэгцэн алба хаасан офицер, ахлагч нартаа чин сэтгэлээсээ баярлаж, талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд баярын мэнд дэвшүүлье. Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай. Цаг гарган ярилцсанд баярлалаа.
 
 
Ахмад М.Мөнхзориг
"Соёмбо" сонин