sonin.mn
Есдүгээр ангийн хэвлүүхэн хүү уран зургийн дугуйлангаа орхин байж гэрэл зурагчин болохоор сэтгэл шулуудан зорьж, бас ч үгүй тухайн цаг үеийнхээ хэвлэлийн түүчээ “Үнэн”, “Хөдөлмөр” сонинуудад авсан зураг нь нийтлэгдчихдэг болсноос хойш 30 гаруй жил өнгөрчээ. Эхний 20 жил нь өдөр тутмын сонины ээлж халаа, цаг наргүй тэгсэн атлаа сонирхолтой, адал явдлыг туулан ирсэн бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тэр бээр чөлөөт уран бүтээлч, гэрэл зурагчин, каллиграфич болж, цаг хугацаа, сэтгэлгээний эрх чөлөөг эдлэн бүтээн туурвиж явна. Өдөр тутмын үйл явдлуудтай өрсөж явахдаа тэр “Монголын нэг өдөр”, “Сайхан монгол наадам” хэмээх гэрэл зургийн хоёр ч ном хэвлүүлж, “Монголын алдартнууд” хэмээх үзэсгэлэнгээ гаргажээ. Сүүлийн жилүүдэд каллиграф буюу уран бичлэгийг сонирхон оролдсоноор богинохон хугацаанд чамгүй амжилтын эзэн болсноороо олны анхаарлын төвд байгаа нэгэн юм.
 
Сүүлийн үеийн амжилтаас нь сонирхвол, Чой.Лувсанжав агсны нэрэмжит “Монгол бахархал” улсын XVIII уралдаанд “Удам”, “Бичиг соёл-2018” үзэсгэлэнгийн “Бийрийн эрдэм” уралдаанд “Намар”, “Хүмүүн бичиг” сонины нэрэмжит “Монголын сайхан бичигтэн-2020” улсын XXIV уралдааны бүтээлийн төрөлд “Бэлгэдэл” бүтээлээрээ тус тус тэргүүн байр, “Мөнх тэнгэрийн бичиг-2021” үзэсгэлэнд “Тамга” бүтээлээрээ тусгай байрын шагнал хүртээд байгаа уран бүтээлч билээ. Ингээд бид гэрэл зурагчин, каллиграфич Ш.Гэрэлсайханы урланд түр саатаж, хөөрөлдсөнөө уншигч танаа толилуулъя. 
 
 
90 шахам жилийн түүхтэй Монголын гэрэл зургийн нэгэн төлөөлөл таны цахим хуудсаар аялахдаа нэгэн амлалтыг тань харсан юм. Энэ жилийн ойгоор шинэ бүтээл-шинэ номтой уулзъя аа хэмээсэн байсан. Шинэ номынх нь бэлтгэл хэр байна даа? 
 
-Би 1990 оноос хойш гэрэл зураг авч байгаа гэж тооцвол 30 гаруй жил болжээ. Энэ хугацаанд “Хөдөлмөр”, “Улаанбаатар”, “Өдрийн сонин”, “Ардын эрх”, “Монголын мэдээ” гээд таван сонинд 20 жил ажилласан болохоор миний хувийн архив, уран бүтээл, гэрэл зургийн дийлэнхийг баримтат гэрэл зураг, судалбар эзэлж байна. 
Цахим хуудсандаа өөрийн архиваас харамгүй тавьдаг ч тэдгээр гэрэл зургуудаа он цагийн шалгуурыг давж, түүхэнд үлдэх ном болгон баринтаглая гэж зориг, сэтгэл шулуудан төрөлжүүлж, түүвэрлэж гурван боть ном хэвлүүлэхээр бэлдэж байна. Өмнө нь гаднын жуулчдад Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, хүн ардын ахуй амьдрал, монгол өв соёл, үндэсний баяр наадам, нүүдэлчин ахуй зэрэг онцлогийг илэрхийлэх хоёр ном гаргаж байсан бол энэ удаа баримтат гэрэл зургуудаас гадна Монголын алдартнуудын хөрөг, хүмүүс-аж амьдрал, “Монголын сайхан бүсгүй”, “Гоёл” зэрэг томоохон соёлын үйл ажиллагаануудын үеэр дарсан гэрэл зургуудаараа төрөлжүүлэн гаргах санаатай ажиллаж байна. 
 
 
Та гэрэл зурагчны карьераа 9 дүгээр ангийн сурагч байхаасаа эхэлжээ. Насан туршийн энэ мэргэжлээ сонгоход тань чухам юу нөлөөлөө вэ?
 
-Үнэндээ би дүрслэх урлагаас гэрэл зураг руу урвасан хүн. Дүрслэх урлагийн дунд сургуулийн зургийн дугуйланд явж байгаад ангийн найзуудаа дагаад Залуу техникчдийн станцын Гэрэл зургийн дугуйлан руу сэтгэлийн дуудлагаар урваж, зургийн дугуйлангаа орхисон доо. Залуучуудын соёлын төвд Мэргэжлийн зэрэг олгох сургалтад хамрагдаж, 3 дугаар зэргийн үнэмлэх аваад 10 дугаар ангидаа гэрэл зурагчин, тэр дундаа сонины гэрэл зурагчин болно гээд аль хэзээний мэргэжлээ сонгочихсон байсан. 1990 он буюу 9 дүгээр ангид байхад хичээлийн эрхлэгч найз Бүүвэйбаатарын маань хамт өрөөндөө дуудаад “Хөдөлмөр” сониноос утасдаж байна, та хоёрыг ирж шагналаа ав гэж байна” гэлээ. Гайхаад очвол одоогийн “Оюун ухааны музей”-н захирал доктор З.Түмэн-Өлзий гуайн үзэсгэлэнгээр авсан зургуудыг маань сурагчдын анхны сурвалжилга гээд нийтэлсэн төдийгүй 26 төгрөгийн шагнал өгч, тэнцүү хуваагаад аваарай гэсэн.
 
Тэр үед 9х12-ын хэмжээтэй зураг угаадаг цаас 13 төгрөг байлаа. Анхныхаа шагналаар 100 цаас аваад тухайн үедээ нэрд гарч байсан эстрадын болон кино оддын зургийг угаагаад Сүхбаатарын талбай дээр ширхгийг нь 1 төгрөгөөр зарлаа. 20-иод ширхгийг зараад овоо урам орж байтал цагдаа ирээд бүх зургийг минь хураагаад авчхаж билээ. Есдүгээр ангийн хүүд ажлын байр ч гэж юу байх вэ, ванны өрөөгөө гэрэл зургийн лаборатори болгож, өсгөгч, нэг хоёрдугаар хороо тавьж байгаад л үзэж тардаг байлаа. Тэгээд 10 дугаар ангиа төгсөөд шууд “Хөдөлмөр” сонинд дагалдан хийж байгаад лаборант, гэрэл зургийн сурвалжлагч болж жинхэлж ажил амьдралын гараагаа эхэлсэн. 
 
 
Анхны зураг, анхны шагнал, ажлын гараа гээд юм бүхэн сэтгэлд тодхон байдаг даа. Таны барьсан анхны аппарат гэвэл ...
 
-Анх гэрэл зураг сонирхож эхлээд дугуйлангийнхаа Смена, Зенит аппаратуудаар зураг их дарсан. Ээжийгээ нэлээд шалж байж, 508 төгрөгөөр Фэд-3 аппарат авхуулж, өөрийн зургийн хэрэгсэлтэй болж байлаа. Ээжийн минь цалин 800 орчим л байсан байх. Тэгэхдээ л хүүгээ дэмжээд аваад өгч билээ. Аав ээжийнхээ итгэлийг дааж, өнөөг хүртэл гэрэл зурагчнаараа ажиллаад, сэтгэл хангалуун яваа болохоор тэд маань баяртай байдаг. Тэднийхээ ачийг бага ч гэсэн хариулж байгаа юм шиг санагддаг.  
 
Өдөр тутмын сонины гэрэл зурагчин гэдэг цаг хугацаатай өрссөн, нийгмийн үйл явдал дундуур туучсан ачаалалтай байсан нь мэдээж. Ажиллаж байсан сонин болон хамт олныхоо талаар онцлон хэлэх байх ... 
 
-Монголын үйлдвэрчний эвлэлийн төв хэвлэл “Хөдөлмөр” сониноос миний ажил, амьдралын гараа эхэлсэн. “Улаанбаатар” сонин надад сэтгэлгээний эрх чөлөөг олгосон. Гудамж талбай, хогийн цэг, оршуулгын газраас авхуулаад хотын бүхий л амьдралд оролцох үнэхээр сонирхолтой байсан. “Улаанбаатар” сонин, Ү.Хүрэлбаатар эрхлэгч Монголын хэвлэлийн түүхэнд анхдагч маш олон зүйлийг санаачлан хийсэн. Тухайлбал, 16, 32, 64, 128 нүүр сэдэвчилсэн сонинууд гаргаж, гаалийн “Алтан босго”, цагдаагийн “Нүгэл буян” зэрэг салбарын сонин, “Утга зохиол урлаг”, “Шатрын нүүдэл”, “Санчир”, “Улаанбаатарын үдэш” зэрэг хамгийн олон дагуул сонинтой, бас бүх аймгийн сониныг хэвлэдэг оюуны маш том уурхай байсан. Тэнд би үе тэнгийн чадварлаг залуучуудтай мөр зэрэгцэн хамтран ажиллаж, өөрийгөө багагүй хөгжүүлсэн. “Өдрийн сонин”-д хэвлэлтийн дэвшлийг мэдэрч, улс төрийн амьдрал, улс төрчийн хөрөг давамгайлж авч байсан.
 
Харин “Ардын эрх” сонин үнэхээр сайн аппарат хэрэгсэлтэй, офсет хэвлэлт нь тухайн цаг үеийнхээ дэвшил болж байсан. Ер нь хаа ч явсан сайхан хамт олон дунд, мэргэжил мэдлэгээ хөгжүүлсээр явахыг хичээж байсан минь миний амьдралд үр өгөөжөө өгсөн гэж боддог. Тэр үеийн бүхий л сонинуудад миний зураг нийтлэгдэж байсан нь өнөө ч хайчилбар, тайлбартайгаа хувийн архивд минь байдаг. 
 
Та бол хальсны болоод дижитал гэрэл зургийн аль алиных нь төлөөлөл. Аль алинд нь давуу бөгөөд дутагдалтай тал бий л байх даа ... 
 
-Яаж ч бодсон дэвшил л дээ. Дижитал бол үнэхээр хурдан шуурхай, боломжийн хувьд хязгаар байхгүйгээрээ давуу. Хальс нь ажиллагаа ихтэй, анхаарал их шаарддаг, эрсдэл ихтэй ч хальсаа гамнах, чанартай угаах зэргийг хичээсээр илүү нягт нямбай, агшныг алдахгүй авах дадал туршлага, мэдрэмжтэй болгож, илүү чадваржуулсан юм болов уу гэж боддог. 36 кадраас ядаж 25-ыг нь ашигтай байхаар тооцож зургаа дардаг байлаа. Одоо бол шүршиж шүршиж хэрэгтэйгээ сонгоно. 
 
“Монголын сайхан бүсгүй”, “Гоёл” наадмуудыг алгасалгүй зураг авдаг байсан гэсэн. Үнэхээр ч сайхан бүсгүйчүүдийн зургаар нэг үе сонин хэвлэлүүд нүүрээ чимдэг байсан сан ...
 
-Сайхан бүсгүй шалгаруулах уралдаан тэмцээн нь тухайн нийгмийн шинэлэг уур амьсгал байсан болохоор олны анхаарлыг яахын аргагүй татаж байсан. Анхандаа хүмүүс ойлголгүй маш шүүмжлэлтэй ханддаг байлаа. Олны хандлагыг эерэг болгоход би өөрийнхөө авсан гэрэл зургуудаараа хувь нэмрээ оруулсан гэж боддог. Үнэхээр ч сайхан бүсгүйчүүд, миссүүдийн зураг хэвлэгдсэн сонин сайхан өнгө зүстэй болохоос гадна борлуулалт ч сайтай байдаг байсан. “Гоёл”, “Монголын сайхан бүсгүй”, “Монгол туургатны мисс”, “Улаанбаатарын мисс” зэрэг наадмын он оны архив надад бий. Өөрийн авсан гэрэл зургуудаа олонд хүргэхээр зориглож, Монголын сайхан бүсгүйчүүдийн зураг, ярилцлага бүхий “Дагина” хэмээх сониныг эрхлэн гаргаж байлаа.
 
Ааваасаа хэвлэлтийн зардал болох 26 мянган төгрөгийг зээлэн анхны дугаараа гаргаж, 10000 хувь хэвлүүлж, 10 төгрөгөөр зарж байлаа. Тухайн үед сонин 3-5 төгрөгийн үнэтэй байсан гээд бод доо. Усны хувцастай гурван миссийн зургаар нүүрээ чимсэн, “Би чамд хайртай” киноны гол дүрийн жүжигчин С.Пүрэвмаатай хийсэн ярилцлага, сайхан бүсгүйчүүдийн тухай мэдээ мэдээлэлтэй анхны дугаар маань амжилттай болж, эхний гурван өдрийнхөө орлогоор аавынхаа өрийг төлж байлаа. 80 шахам мянган төгрөгийн ашигтай ажилласан даа. 
 
 
Хувиараа бизнес эрхлэх алхмаа хийж байжээ дээ ...
 
-“Монголын мэдээ” сонинд ажиллаж байгаад компьютер ч үгүй, аппарат ч үгүй байж хувиараа юм хийхээр зориглож гарсан. Тэгтэл “Хана хэрэм” гэдэг гэрэл зургийн уралдаан зарлагдахаар нь бүтээлээ илгээтэл дэд байр эзэлж, 400 мянган төгрөгөөр шагнуулав аа. Түүгээрээ компьютер аваад, эгчээсээ мөнгө зээлж аппарат аваад, өрөө түрээслээд зураг авч эхэлсэн дээ. Удалгүй студи болж өргөжөөд бүх төрлийн гэрэл зургийн үйлчилгээ явуулсан. Зурагчин, шог зураач найзуудтайгаа хамтарч “Ил далд.мн” гээд гэрэл зураг, шог зураг хосолсон нийгмийн асуудлыг хөндсөн уран сайхны сайт ажиллуулж үзсэн. Дараа нь “Дагина” сониноо эмэгтэйчүүд, гоо сайхан, урлаг уран сайхны сэтгүүл болгон өргөжүүлсэн. 1993 онд “Монголын хөөрхөн бүсгүй” анхны фото миссийн уралдааныг зохион байгуулж, 100 гаруй бүсгүйн гоо сайхан зүс, царай төрх, залуу насыг мөнхлөн үлдээж байсан хөгжилтэй, бас сургамжтай явдал ч болж байлаа.
 
Гэрэл зураг гэдэг агшин хормыг алдалгүй буулгадагтаа үнэ цэнтэй байдаг юм болов уу. Тиймдээ ч гэрэл зурагчид биеэсээ аппаратаа салгадаггүй байх ... 
 
-Үргэлж байлдааны бэлэн байдалд байхтай зүйрлэж болох юм даа. Санаандгүй үед сайхан агшин таардаг, аппаратгүй үедээ харамсах тохиолдол гарна. Саяхан даа, Оросын элчингийн урд замд өлгийтэй хүүхдээ тэвэрчихсэн, амандаа шүгэл үлээж буй бүсгүй School police хийж байхтай таарсан. Эргэн тойрон түгжрээ, бөөн утаа...маш их өгүүлэмжтэй зураг авч болохоор байсан. Тэр жил аппаратаа орхиод гарсан нэг өдөр автобусны буудал дээр зогсож байтал Төв шуудангийн уулзвар дээр гэнэт сүрэг адуу ороод ирсэн. Эргэн тойронд машин сигналдаад, адуучин нь адуугаа туугаад, нөгөөдүүл нь эргэж хургаад, бас дунд нь азарга нь харайгаад сонин содон үйл явдал болсон, гоё л зураг гарах байсан даа. Манайд сэдэв бол мундахгүй шүү дээ.
 
Нэгэн цагт уран зургаас гэрэл зураг руу урваж байсантайгаа адил төдхөн уран бичлэг рүү хальтарчихсан уу?
 
-Би арван жилийн дунд сургуульд байхдаа гурван жил монгол бичиг заалгасан. Бусад хичээлүүдэд тийм сайн байгаагүй ч монгол бичгийг бүр дурлан байж, гүнзгийрүүлэн бие дааж сурсан. Хичээлээ тараад 42 дугаар цэцэрлэгт манаач хийдэг байсан, 1939, 1945 оны дайнд оролцож явсан авга ах дээрээ очиж үргэлжлүүлэн заалгадаг байлаа. Тэгээд 2016 оноос каллиграф сонирхож, өнөөг хүртэл уран бичлэгээ хөгжүүлж явна. Морины Мо буюу зураач Г.Мөнхбаатарт хадаг барьж шавь орсон. Багадаа зургийн дугуйланд явж байсан, гарын дүй маань ч нөлөөлсөн. Гэрэл зурагчин байгаад гэнэт уран бичлэг хийгээд эхлэхээр хүмүүс гайхаж, “Та чинь зурагчин юм уу, зураач юм уу” гэж хүртэл асууж л байлаа. Монгол бичигтээ элэгтэй хүний хувьд урлагийн хэмжээнд хөгжүүлэхэд нь хувь нэмрээ оруулъя хэмээн бодож зорьж л явна. 
 
Таныг уран бичлэг сонирхогчид гэнэт гарч ирсэн битүү морь гэхийг сонсож байлаа. Шууд л оролцсон уралдаан тэмцээнүүдээ өнгөлөөд эхэлсэн гэдэг ... 
 
-Хамгийн анхных нь 2016 онд Гандантэгчинлэн хийд, Монгол бичгийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан Монгол бичгийн уралдаанд “Судар” бүтээлээрээ дэд байр эзэлсэн. Дараа жил нь АУЗ Т.Галсангийн “Монгол соёлын алтан ганжир” шүлгээр бүтээл хийж, тэргүүн байр эзэлсэн. 2017 онд Чой.Лувсанжавын нэрэмжит “Монгол бахархал” уралдаанд хоёр мөр уянга үг сугалаад шууд бичлэгийн төрөлд “Удам” бүтээлээрээ тэргүүн байр, “Бичиг соёл” уралдаанд мөн шууд бичлэгийн төрөлд “Намар” бүтээлээрээ тэргүүн байр эзэлсэн. 2020 онд “Хүмүүн бичиг” уралдааны бүтээлийн төрөлд “Бахархал” бүтээлээрээ тэргүүн байр, 2021 онд “Мөнх тэнгэрийн бичиг” уралдаанд хоёр дахь удаагаа оролцоод “Тамга” бүтээлээрээ тусгай байр эзэллээ. Улсын чанартай томоохон уралдаануудад чамгүй амжилт үзүүлжээ.  
 
Гэрэл зураг бол явж хийдэг, харин каллиграф бол сууж хийдгээрээ мөн чанарын ялгаатай баймаар юм. Энэ хоёрыг хэрхэн хослуулаад, амжуулаад байна аа, та?
 
-Аль алийг нь дуртайдаа хослуулаад явж байна. Миний хайртай мэргэжил болохоор гэрэл зургаа хаяна гэж байхгүй. Гэрэл зургийн номуудаа гаргана. Уран бичлэгээрээ ч гоё бүтээлүүд хийнэ. Хийх арга барилын хувьд явж, суух гээд ялгаатай ч сэтгэх, зохиомжлох, уран бүтээл болгох цаад агуулгаараа утга нэг юм. Нэг нь гэрлээр бичдэг, нөгөө нь бийрээр бичдэг, хоёулаа зохиомжийн урлаг юм даа.
 
 
Гэрэл болон бийрээр бичих урлэг хоёулаа миний бахархал.
 
 
 
Бид 2025 оноос монгол бичигт шилжинэ. Манай батлан хамгаалах салбарт ч монгол бичигтэн болох хөдөлгөөн эрчимтэй өрнөж байна. Багаасаа монгол бичиг сурсан, уран бичлэгээр тодхон нэг өнгө болж яваа хүний хувьд монгол бичгийг анхлан сурч байгаа, сурахыг хүссэн хүмүүст юу зөвлөх вэ?
 
 
-Монгол бичиг сурахад үг, дүрэм цээжлэх, гарын дадлага хийх нь чухал. Галиг, тийн ялгал, нөхцөл, дагаврыг цээжлэн тогтоох,  ижилхэн бичигддэг хийгээд дүрс ялган бичих, адил төстэй үгс зэргийг цээжлэн тогтоож, толь бичигтэй сайн ажиллах хэрэгтэй.Бөх-бөө, сурагч- сорогч зэрэг адилхан бичигддэг үгс, билгэ, бэлэг, бэлгэ зэрэг харилцан адилгүй утгатай үгсийг цээжилж тогтоох нь чухал.
 
 
 
Түүнээс гадна бийрийн бичлэгийг монгол хүн бүр сурчихвал хэрэгтэй сэн. Өв сайхан монгол бичгээ суръя гэсэн чин сэтгэл өвөрлөж, цаг заваа зориулаад, төвлөрч хичээгээд, тууштай байж чадвал хэн ч дороо л сурна.   
 
Босоо монгол бичгээ сурахаас л соёлын өв тээгч төдийгүй эх оронч нэгэн болох бус уу. Энэ ташрамд, эх оронч сэтгэл ер нь юунаас, хаанаас эхэлдэг юм бэ?
 
-Энэ асуулт чинь их энгийн хэрнээ аугаа том ойлголт л доо. Жишээлбэл, байгаль орчин, гудамжинд хог хаяхгүй байна гэдэг чинь бас л улс орноо гэсэн сэтгэл мөн л дөө. Одоо цагт хүн бүр буу бариад эх орноо хамгаалж, бүтээн байгуулалт өрнүүлээд эх орноо хөгжүүлнэ гэх биш. Хувь хувьдаа хичээгээд, зөв үйлдэлтэй байх нь л чухал байна даа. Монгол Улс бол тусгаар тогтносон, энэ гараг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн биеэ даасан улс. Тийм учраас өв уламжлал, бичиг соёл, уламжлалт ахуйдаа тулгуурлан бодлогоо тодорхойлох ёстой гэж боддог. Эндээс л үндэсний бахархал юу вэ гэдэг нь харагдах байх. Түүнээс биш хөгжилтэй орнуудыг дуурайх хэрэггүй, улс орон болгон өөр өөрийн онцлогтой. Гэрлээр зурж, бийрээр урладаг хүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлсэн болгоныг харж бахархдаг. Улс орон минь амар амгалан, хүн ард сайн сайхан амьдраасай гэж боддог доо.
 
 
Д.ГҮНЖИЛМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин