sonin.mn
Хүнд мэдэгдэлгүй, нохой хуцуулалгүй аваарай
 
Би 1945 оны 5 дугаар сард Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, өнөөгийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Тавангийн толгой хэмээх газар төрсөн хүн. Намайг нялх байхад аав минь түр цэрэгт дайчлагдан Өвөр Монголын нутагт үүрэг гүйцэтгэхээр явжээ. Ээжид минь гурвын гурван хүүхэд өсгөж торниулах амаргүй байсан байх, төрөөд удаагүй намайг нутгийн айл Ш.Банзрагчийнд өргүүлэхээр шийдсэн гэдэг. Өргөж авах ижий, аав маань нутгийн үзмэрч ламаас зам мөрөө асуутал "Харшлах зүйлгүй юм байна. Хүнд мэдэгдэлгүй, нохой хуцуулалгүй аваарай" гэжээ. Төрүүлсэн хийгээд өргөж авсан аав ээжийнх маань сумын төвөөс өмнө, хойно гурван өртөө зайтай байснаа хоёр талаас нүүж нэг зусланд буужээ. Тус тусдаа гэр орноо барьж дуусаад, өргөж авсан ээж минь миний эгчид "Тэр дөрвөлжинд дүү чинь унтаж байгаа, очоод тэврээд ир" гэж хэлснээр хорвоод хүн болж төрөөд хоёрхон сартайгаа золгож байсан миний бие айлд өргүүлсэн түүхтэй.  
 
Өргөж авсан ижий, аав хоёр маань угаас хүүхэдгүй учир миний өмнө нэг охин өргөж авсан нь намайг ирдэг жил 13 нас хүрч байсан аж. Аав ээж минь эгч бид хоёрыг ёстой л хүний дайтай хүмүүжүүлж, гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэнд туйлын их баярлаж, сүсэглэн шүтэж явдаг юм даа. Буянтай хоёр буурлаа өнөөдөр би л дурсахгүй бол өөр хэн үгүйлэн санагалзаж, дурсан өгүүлэх билээ дээ, хөөрхийс. Бага нас минь ердийн л нэг хөдөө нутгийн малчин ардын хүүгийн амьдралаар өнгөрсөн. Нэг сонин тохиол байдаг нь, найман насандаа сургуулийн босго алхсан би 1-3 дугаар ангиа сумын дунд сургуульд, 4 дүгээр ангиа Улаанбаатар хотын 11 дүгээр сургуульд, 5, 6 дугаар ангиа сумандаа эргэн ирж суралцсан бөгөөд 7 дугаар ангиа аймгийн төвийн дунд сургуульд суралцаж төгссөн байдаг юм. Ингэж явахдаа дотуур байранд сууж үзээгүй, байнга л ижий, аавын таньдаг айл, ах дүүсийнхээрээ амьдардаг байсан. Тэр үед 8 дугаар анги гэж байгаагүй учир сургуулиа төгсөөд Багшийн сургуулийн хуваарь өвөртлөөд хот руу хүлгийн жолоо залж билээ. Уг нь би хүүхэд байхаасаа хөдөө аж ахуйн агрономич болно гэж боддог байлаа. Ямар сайндаа л, сумын сургуульд байхдаа эрдэнэшишийн үр олж ирээд гэрийнхээ хажууд суулгачхаад ургуулна гээд арчилдаг хөдөлгөөнтэй нэгэн байх вэ дээ. 
 
 
Зургаахан хоногийн багш
 
Амьдралын хувь тохиолоор Багшийн сургуулийн оюутан болж, дөрвөн жил суралцав. Тэр үед сургууль төгссөн залуучуудыг шуудхан л орон нутагт томилдог байлаа. Дипломыг нь ажиллах газар руу явуулж, бүр аймгийн эвлэлийн хэлтсээс нь машинтай ирээд аваад явдаг байлаа шүү дээ. Харин улаан дипломтой төгссөн намайг ийш тийш нь томилсонгүй. Аав маань бурхан болоод, ээж минь хотод суурьшаад төвхнөчихсөн байсан цаг. Тэгээд хичээлийн шинэ жил эхлэхээр нь 14 дүгээр сургууль дээр улаан дипломоо бариад очив. Эрэгтэй багш харьцангуй цөөхөн байсан болохоор сургуулийн захирал эмэгтэй олзуурхан надад шуудхан бага анги өгчихлөө. Ажилд орсон долоо хоногийн Бямба гарагт захирал  гэнэт өрөөндөө дуудлаа. Яваад ортол захирлаас гадна нэг залуухан эмэгтэй багш зогсож байв. Захирал над руу хараад "Чи энэ хүнд бушуухан ажлаа хүлээлгэж өгчхөөд буцаад ороод ир" гэх нь тэр. Пал хийгээд л явчихсан. Аймгийн сургуулиас дуудаж дээ гэсэн бодол төрөв. Тэгтэл харин ч эсрэгээрээ, сургуулийн пионерын ахлах удирдагчийн албан тушаалд томилж байгааг дуулгадаг байгаа. Ингэж би багш мэргэжлээрээ ердөө зургаахан хоног ажилласан түүхтэй. Пионерын удирдагч гэдэг маань өнөөгийн дунд сургуулийн нийгмийн ажилтан гэсэн үг л дээ.
 
Сурагчдын дунд олон хэлбэрийн соёл хүмүүжлийн ажил зохион байгуулах нь бидний гол ажил байлаа. Тэр үед 1-3 дугаар ангийн хүүхдүүдийг “Баатарчууд”, 3-8 дугаар ангийн хүүхдүүдийг “Пионерууд”, харин ахлах ангийнхныг “МХЗЭ-ийн гишүүн” болгодог байлаа. Чухамдаа ЗХУ-ын боловсролын тогтолцоог л нутагшуулж байсан хэлбэр байх. Бид баатарчуудыг пионер, пионеруудыг эвлэлийн гишүүн болгоход бэлдэж, тэднийг зөв бие хүн болгон төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажилладаг байлаа. Жишээлбэл, би пионерын удирдагч байхдаа ЗХУ-ын эвлэлийн байгууллагын туршлагаас санаа авч, армийн залуу үеийг бэлтгэх зорилгоор "Монголын Ардын Армийн Залуу халаа отряд" гэж байгуулж байсан. Мөн хүүхэд залуучуудад жолооч, авто механикчийн мэргэжил эзэмшүүлэх зорилгоор Ардын Армийн 026 дугаар ангийн эвлэлийн байгууллагыг түшиглэн “Авто сонирхогчдын клуб" гэгчийг санаачлан, дугуйлангийн хэлбэрээр хичээллүүлж байлаа. Тэр үеэс би цэргийн ангиуд болон армийн эвлэлийн байгууллагын дарга нартай холбоо тогтоож эхэлсэн. Хожим бодоход армид алба хаах шалтгаанаа өөрөө гаргачихсан хүн дээ, би. 
 
 
Алтан үеийн дарга нартай ажилласан азтай хүн шүү 
 
Нэг өдөр Ардын Армийн эвлэлийн байгууллагын нэг дарга надад ажлын санал тавиад, “Офицер болох уу” гэж асуудаг юм байна. Цэргийн хүнийг хүндэлдэг, цэргийн салбарыг сонирхдог байсан хүн чинь уг саналыг дуртай нь аргагүй хүлээн авлаа. Удалгүй Армийн улс төрийн газраас хуралд дуудлаа. Тал талаас цугласан залуус хурлаар орж, алба тушаалд томилогдож байна. Хамгийн сүүлд намайг дуудлаа. Ширээ тойрч суусан хүмүүсийн дундаас нэг генерал "Энэ хүүхдийг яах гэж байна" гэтэл өөдөөс нь хараад суусан н.Намдаг хурандаа "Энэ залууг бид ЦЕДС-д Улс төрийн орлогчоор авах гэж байгаа" гэв. Генерал үргэлжлүүлэн "Цэргийн алба хаагаагүй юм байна. Ер нь чи чадах юм уу, нөхөөр" гэж над руу харахад би чадна аа гэж сулхан дуугарлаа. Өнөөх генерал нөгөө хэдтэйгээ зөвшилцөж байгаад "Энэ хүүхдийг батлах уу" гэхэд бусад гишүүд "Баталъя" гэснээр миний бие энэ салбартайгаа эргэлт буцалтгүй хувь заяагаа холбосон доо. Тэр өдөр миний сүрдэж зогссон тэр генерал бол хожмын манай Улс төрийн газрын дарга дэслэгч генерал Д.Ёндондүйчир байсан юм.   
 
 
Энгийн хүн цэргийн сургуульд ажиллахаар очиж байгаадаа бяцхан айдастай байтал ЦЕДС-ийн захирал, сургалтын хэлтсийнхэн болон бусад офицер, дарга нар "Нөхөр бага дэслэгчийн амрыг эрье" гэж биш харин "Сайн байна уу, багшаа" хэмээн угтан авсан нь сайхан санагдаж, нөгөө айдсыг минь үргээж билээ. Учир нь, тэдний хүүхдүүд бүгд 14 дүгээр сургуульд сурдаг, би хүүхдүүдийнх нь багш байсантай холбоотой ажээ. Энгийнээс шууд офицерын албанд шилжихэд багагүй бэрхшээл байсан ч сайн хамт олон, шилдэг дарга нарынхаа ачаар ажилдаа түүртсэн удаа үгүй ээ. Цэргийн хэргийн шалгалт өглөө гэхэд дунд хавьцаа л жагсана. Ийнхүү би сургуульдаа 1970 оноос эхлээд зургаан жил ажилласны дараа Ардын Армийн 016 дугаар нэгтгэлийн 036 дугаар танкийн хороонд намын байгууллагын даргаар томилогдов. Тэнд жил гаруй ажиллаад Монголын Ардын Армийн Улс төрийн газрын Батлах, тоо бүртгэлийн тасгийн даргаар томилогдон очсоноосоо хойш 1991 онд Улс төрийн газрыг татан буугдтал нь 14 жил ажиллаад тэтгэвэрт гарсан юм даа.  
 
Намайг Улс төрийн газарт ирэхэд ёстой л нэг алтан үеийн дарга нар ажиллаж байв. Тэдгээр эрхэм хүмүүстэй нэг үйлсийн төлөө хамтран зүтгэж явсан азтай хүн дээ, би. Газрын дарга дэслэгч генерал Д.Ёндондүйчир, нэгдүгээр орлогч дарга хошууч генерал С.Гомбосүрэн, орлогч дарга, намын байгууллагын хэлтсийн дарга хурандаа (сүүлд хошууч генерал болсон) Т.Алтангэрэл зэрэг олон шилдэг дарга нартай хамт ажиллаж байв. Тэр дундаас Д.Ёндондүйчир даргын талаар дурдахгүй байхын аргагүй. Хүн дуугарахад зэрэгцэж дуу нийлүүлээд байхгүй, хүний үгийг дуустал нь сайн сонсоно. Хамгийн сүүлд нь өөрийн дүгнэлтээ хэлж, зөв тал руу нь чиглүүлдэг байсан. Аливаад их ухаалаг ханддаг зан нь бидний хүндлэлийг хүлээнэ. Би намын батлах, тоо бүртгэл хариуцаж, намд гишүүн, орлогч гишүүнээр элсэгчдийн намын батлах, бат илэрхийлэх, бүртгэх дэвтрийг бичиж бүрдүүлэх ажлыг гардан хийж, хянаж нягтлаад даргаар гарын үсэг зуруулан, тусгай тэмдэг дарж, МАХН-ын Төв хороонд хүлээлгэн өгдөг байлаа. Даргаар гарын үсэг зуруулсан эхний тохиолдолд надад энэ ажлыг цаашид яаж алдаа дутагдалгүй, цэвэр, нягт нямбай хийх талаар нэг бүрчлэн зааж өгөөд батлах, бүртгэх дэвтэр зэргийг бүгдийг нь тулган үзэж, нэг бүрчлэн лавлан асууж, тоо, бичгийн хэвийг минь нэлээд өөлж, голсон. Хоёр дахь удаа арай хөнгөн үзэж, гарын үсгээ зураад, цаашид сайн шалгаж байгаарай гэсэн. Харин дараа нь шууд гарын үсгээ зурдаг болсон юм. Энэ нь хүнийг ажилд сургах, нэгэнт сурсан байна гэж үзвэл тэр хүндээ итгэж чаддаг даргын онцгой чанар байсан юм даа. Нэгэнт л итгэлийг нь олж авсан хүн цаашид тэр итгэлийг дааж, ажилдаа сэтгэлээсээ хандаж, алдаа мадаггүй ажиллах ташуур болдог юм байна лээ.
 
Генералаа муу хэлэхгүй ээ...
 
Эх орны дайны он жилүүдэд армид комиссарын систем гэж байсан нь хожим улс төрийн байгууллага болж өргөжсөн юм. Намайг ажиллаж байхад намын нөлөөг цэрэг дайчдын дунд хангаж ажиллах ёстой гэдэг гол зарчим баримталж байв. Хаана намын байгууллага байхгүй байна, тэнд нь очиж ажиллах, хүмүүсийг намд элсүүлэх, гишүүдийг бүртгэхийг зорино. Тэдгээрээр дамжуулж, нам бусчууддаа нөлөөлөх ажлыг зохион байгуулна. Жишээлбэл, байлдааны буудлага хийлээ гэхэд намын гишүүнтэй тоот илүү сайн буудахад тэднийхээ үлгэр жишээгээр бусад цэргүүдийг уриалан дуудах гэх мэт. Цаашлаад цэргүүдийнхээ дунд манлайлал үзүүлж байгаа нэгнийг намд элсүүлэх талаар онцгой анхаардаг байсан. Хэрвээ намын гишүүн ямар нэгэн байдлаар ёс зүй, сахилга зөрчлийн асуудал гаргахад хатуу арга хэмжээ авдаг нь залуучуудын зан, ёс суртахуунд том нөлөө үзүүлдэг байлаа. Харин эсрэгээрээ шилдэг нь байж, амжилттай байгаа хүмүүсийг ихээр сайшаан урамшуулдаг байсан. 
1990-ээд оноос өмнө нэг намын тогтолцоотой байсан учир улс төрийн байгууллага хүмүүст нөлөөлөх чадвар нь өндөр байж. Харин олон намын тогтолцоотой өнөөгийн нийгэмд тэр үеийн аргаар үйл ажиллагаа, ажил хэрэг өрнүүлэх боломжгүй юм. Гэхдээ энэ байгууллагыг Зэвсэгт хүчинд сэргээнэ гэвэл соёл хүмүүжил, сэтгэл зүй, соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгаа гэсэн чиглэлүүдээр ажиллах нь зүйтэй болов уу. Хамгийн гол нь үзэл сурталжсан зүйл байх ёсгүй. Хүүхэд залуучуудад эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлж, монгол цэргийн баатарлаг уламжлал, цэргийн амьдралыг сурталчлан таниулах, зааж зөвлөх чиг үүрэгтэй байгууллага байвал одоо сонсогдоод байгаа элдэв сөрөг үзэгдэл гарахгүй болов уу гэж ахмад улс төрийн ажилтны хувьд бодох юм даа. 
 
Хүмүүс Л.Пүрэвдорж генералыг Монголын Ардын Армийн Улс төрийн газрыг татан буулгасан, устгасан, үгүй хийсэн гэж буруутгаж ярьцгаадаг. Би харин генералаа муу хэлэхгүй ээ гээд тоглоом, шоглоомоор хэлдэг. Хүмүүс учрыг нь асуухаар "Би чинь хам хэрэгтэн шүү дээ" гээд л маазарч суудаг юм. Энэ нь ч учиртай. Би хамгийн анх Өмнөговь аймгийн цэргийн ангийн намын байгууллагыг аймгийн намын хороонд шилжүүлэх ажлыг томилолтоор очиж хийж байлаа. Дараа нь Улаанбаатар хот дахь цэргийн салбарын 100 гаруй намын байгууллага, 1500 гаруй гишүүнийг орон нутгийн намын байгууллагад шилжүүлэх ажлыг гардаж хийсэн хэрэг л дээ. Тэгээд л нэгэнт үгүй болсон улс төрийн байгууллагаас өөр хаана ажиллах вэ дээ гэж бодоод тэтгэвэрт гарч байлаа. Тэтгэвэрт гарсныхаа дараа найз нарынхаа хүсэлтээр авто худалдааны “Да хүрээ” захын дэд захирал, тамгын хэлтсийн даргаар 2017 оныг хүртэл ажилласан. Түүнээс хойш Батлан хамгаалах яамны Ахмадын хороондоо ажиллаж байна даа.
 
 
Дэслэгч Т.ИДЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин