sonin.mn
ЦЭРГИЙН ХҮН ТАМИРЧИН БАЙХ ЁСТОЙ
 
Булган аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Х.Золзаяа:
 
-Миний хувьд хоёр Золоогоо албандаа үнэнч, манлайлагч, зөв сэтгэлтэй хүмүүс гэж ойлгодог. Биеийн тамир бол мэргэжлийн салбар бүхэнтэй наалдаж явдаг учир хоёр Золоотойгоо, ялангуяа чуулгын Золоотой эртнээс хамтран ажилласан. Тэр бээр анги, байгууллагад захирагчийн орлогчоор олон жил ажилласан болохоор тэр биз. Зүүнбаянд байхаас нь мэднэ дээ. Тэр үед би МАА-ийн 131 дүгээр ангид биеийн тамирын дарга, манай хүн чинь 126 дугаар нэгтгэлд дивизийн ухуулах ажлын зааварлагч байлаа. Нийгэм хүнд байсан цаг даа. Цэргүүд тураалд их орно. Ер нь бол тураалд орсон цэрэг биеийн тамирын даргад л очдог байв. Тэд нарыг чинь хөдөлгөж гүйлгэнэ, дасгал хийлгэнэ, манай Золоо сэтгэл санаагаар нь дэмжинэ гээд ажил их.
Холбооны Золоог ч мөн олон жилийн өмнөөс мэднэ. Би чинь Зүүнбаянгаас БХИС-д биеийн тамирын багшаар томилогдож, долоон жил ажилласан. Энэ хугацаанд одоо ажиллаж байгаа олон ч генерал, хурандаа, офицер, ахлагчид хичээл заажээ. Ингээд 1999 оны 1 дүгээр сарын 8-нд ЗХЖШ-т Биеийн тамир, спорт хариуцсан офицероор томилогдож байлаа. Тэр өдөр миний төрсөн өдөр байсан юм. Тухайн үед ЗХЖШ-ын орлогч дарга байсан Бороо генерал (хошууч генерал М.Борбаатар) намайг дуудаад Зэвсэгт хүчний биеийн тамирыг хариуцаж ажилла гээд тэр дор нь албан тушаалын зэрэглэлийн дагуу дэд хурандаа цол олгож байлаа. Тэр цагаас хойш 2013 он хүртэл ЗХЖШ-т ажилласан. Манай холбооны Золоо ч мөн ЗХЖШ-т хамгийн олон жил ажилласан хүний тоонд орох байх шүү. 
 
Ер нь биднийг их андуурна. Ялангуяа бид гурвыг хурандаа болсноос хойш. Одоо ч гэсэн заримдаа хүмүүс залгаад -“Хурандаа Золоо юу?”, -“Тийм байна” гэхээр учиргүй өөдөөс урлаг уран сайхны асуудал, эсвэл холбоо, зангилгаа яриад унана. Энэ мэт андуурах явдал зөндөө дөө.
Миний хувьд Зэвсэгт хүчиндээ 36 жил ажиллахдаа биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд бараг бүх цаг хугацаагаа зарцуулжээ. Тухайн  үед хугацаат цэргүүд ч ангийн биеийн тамирын дүнд ордог байсан учир бүгдээс нь шалгалт авдаг байлаа. Тухайн үед албан тушаалын ангиллын норматив гэж хийсэн юм. Офицеруудад их зохиж байсан. Салааны дарга, батальоны захирагч, ротын захирагч гээд бүгд өөрсдийн биелүүлэх нормативтай. Харин энэ нь ахлагч нарт хүнд байсныг нуух юун. Албан тушаалын ангиллаар учир ээж, охин хоёрыг нэг нормативаар шалгах тохиолдол ч байсан. Дараа нь шинэчлээд Америкийн нормативтай ойртуулсан байдлаар насны ангиллаар гэдэсний таталт, суниах, гүйх зэргээр шалгадаг болсон.
 
Түүнчлэн цэргийн мэргэжлийн зэргийн шалгалт гэж гарлаа. Хамгийн хүнд сорил нь биеийн тамир л байлаа шүү. Тэрийг нь мань мэт нь боловсруулсан болохоор олон ч хүний амны бай болсон байна. Миний хувьд бол шаардлага зарчмын хувьд хатуу байсан нь үнэн. Заавал тухайн нормативыг биелүүлж байж зэргээ ахиулна. Хэрвээ 40 суниах ёстой гэвэл 40 л суниана. Уул нь бол тийм хүнд дасгал биш юм шүү дээ. Тухайн хүн долоо хоног бэлдчихэд л төвөггүй давчихаар дасгалууд байдаг. Манайхан яах вэ дээ, бэлдэхгүй явсаар байгаад орж ирдэг нь асуудал болсоор байна.
Гэхдээ тэгж шахсаны хүчинд манай Зэвсэгт хүчний алба хаагчид хаана ч гологдохгүй бэлтгэл, сургуулилттай болсон гэж боддог. Тэгээд ч цэргийн хүнийг тамирчин байх ёстой. Бид чинь дайн болбол тамирчин хүний үүрдэг зовлонгоос хэд дахин илүү хүнд хүчир ачаалал, дарамтыг мэдэрнэ. Тиймээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад бие бялдрын бэлтгэлжилтийн стандарт гэгчийг мөрдүүлдэг болсон. 
 
ЗЭВСЭГТ ХҮЧИНД ЧАНДМАНИЛСАН ГУРВАН ЗОЛОО БИЙ 
 
ЦДБЭЧ-ын дарга хурандаа Г.Золзаяа:
 
Та хэд дэх жилдээ алба хааж байна вэ?
 
-Сонсогчоос хурандаа хүртэл Зэвсэгт хүчинд 35 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн байна. 1991 онд ЦНДС-ийн улс төрийн ангийг дүүргэсэн. Ажлын гараагаа Зэвсэгт хүчний 167 дугаар ангид салбарын улс төрийн орлогчоор эхэлж байлаа. Тэр цагаас хойш анги, байгууллагын байлдааны бэлэн байдлыг хангах, сургалт, соёл хүмүүжлийг хариуцах, Монгол Улсын соёлын өвийг хадгалах, боловсон хүчнийг бэлтгэх, урлаг уран сайхныг хөгжүүлэх чиглэлд олон ч ажлын ард гарчээ. 
Мэдээж тэр бүхнийг энд ярина гэвэл олон хэвлэлийн хуудас материал болно. Ганц хоёроос нь тодотгож хэлбэл Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид захирагчийн орлогчоор ажиллаж байхдаа 300 гаруй бага мэргэжилтэн бэлтгэж байсан бол  016 дугаар нэгтгэлд байхдаа гавьяат багш Г.Мягмаржаваар удирдуулж, БХЭШХ-ийн эрдэмтэдтэй хамтарч цэргийн мэргэжлийн эрчимжүүлсэн сургалт явуулж байсан нь эдүгээ “Оюутан цэрэг” хөтөлбөрийн эхлэл байлаа. Зэвсэгт хүчний 167 дугаар ангид ажиллаж байхдаа тухайн үед Д.Сүхбаатарын тасалгаа гэж нэрлэгддэг байсныг Зан үйлийн өргөө болгон өөрчилж, түүнээс хойш томилогдож очсон анги бүрийнхээ “Алдрын тасалгаа”-г шинээр тохижуулж, хийдэг байлаа. 
 
Таныг захирагчийн орлогчоор олон жил ажилласан гэж сонссон ...
 
-Би таван ангид алба хаасан. Тэрний гуравт нь буюу Зэвсэгт хүчний 011, 016 дугаар нэгтгэл, 186 дугаар ангиудад нийтдээ 14 жил захирагчийн орлогч хийсэн. Энэ хугацаанд ангийн үйл ажиллагааны бүх л хэсэгт орж ажиллаж байлаа. Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид байхад хүмүүсээ марш тактикийн тэмцээнд бэлтгэж оролцуулж байлаа. Тэр үед ангийн ахлагч нарын дундаж наслалт харьцангуй өндөр байсан учир тэмцээнд оролцох ахлагч нар тун ховор. Ингээд хүн хүрэхгүй болохоор нь эмэгтэй алба хаагчаа оруулчихсан. Гэтэл барианд ороод ирэхтэй зэрэгцэн хувцасны үзлэг хийсэн чинь үс нь задарч унжаад ёстой хөгтэй юм болж билээ. 
 
Та хоёр амьдаатайгаа хэрхэн танилцаж байв?
 
-Зэвсэгт хүчинд Золзаяа хэмээх нэртэй чандманилсан гурван хурандаа бий. Холбооны Золоотой ЦНДС-д байхаасаа өнөөдрийг хүртэл хамт мөр зэрэгцэн алба хааж байна. Намайг анх цэргийн сургуульд орж байхад шавилхан биетэй онц сурлагатай шар залуу угтаж байлаа. Тэр үед Золоо маань миний дээд онд байсан. Харин биеийн тамирын Золоо биднээс насаар арай ах. Түүнийг би 1998 оноос хойш Зүүнбаянд алба хааж байх үеэсээ мэднэ. 
Захирагчийн орлогч хүн бол биеийн тамир, сургалттай салшгүй холбоотой байдаг. Тэр утгаараа Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид захирагчийн орлогчоор ажиллаж эхэлснээс хойш одоог хүртэл хамтран ажиллаж байна.
Бид гуравт төстэй шинж олон бий. Гурвуулаа хурандаа, хоёр шатны цэргийн сургууль төгссөн, цэргийн мэргэжлийн зэрэгтэй, монгол цэргийг дэлхийн цэрэг болоход оруулсан хувь нэмэртэй, гурвуулаа боловсролын тэргүүний ажилтан гэх зэргээр хөвөрч өгнө. Мөн холбооны Золоо “Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан” биеийн тамирын Золоо “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан", би “Соёлын тэргүүний ажилтан” байх жишээтэй. 
 
 
Нэмж хэлэхэд, бид гурав нийгмийн өөрчлөлт шинэчлэлт, хүнд хэцүү цаг үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж албаа нэр төртэй хааж байна. Хаана ч томилогдож очсон бид гурав үргэлж золтой заяатай явдаг нь эцэг эхээс заяасан нэрэнд минь байдаг болов уу гэж бодож явдаг. Тиймдээ ч дуурсах нэрээ сэвтүүлэхгүй, үнэнч шударга байхыг үргэлж эрхэмлэж явдаг даа. 
 
 
 
ОНЦ СУРАХЫН ЦААНА ХӨДӨЛМӨР ШИНГЭСЭН БАЙДАГ 
 
ЗХЖШ-ын Холбоо, мэдээлэл технологийн хэлтсийн дарга хурандаа М.Золзаяа:
 
Хурандаа М.Золзаяа бол 1986 онд ЦНДС-д элсэн орсноос хойш эдүгээ 36 жил Зэвсэгт хүчний холбооны салбарыг хөгжүүлэхэд өөрийн авьяас билгийг зориулж яваа хүн. Мэдээж нэр нэгтэй хүмүүстэй түүнийг андуурах тохиолдол элбэг байсан гэнэ. Тэр бээр хэлэхдээ “ЗХЖШ-т биеийн тамирын Золоо бид хоёрыг дотуур утас, гар утас, бусад холбооны хэрэгслээр андуурах нь элбэг. Нэг удаа бүр манай аав хөдөөгөөс ирчихсэн хүүтэйгээ уулзъя гэхэд нь ямар сайндаа шалганы цэргүүд биеийн тамирын Золоо хурандаа руу хэлчихсэн байх вэ дээ. Мэдээж Архангайгаас аавыгаа ирэхгүйг мэдсэн Золоо над руу утас цохиж байх жишээтэй” гэж хуучилсан юм.
Тэр бээр биеийн тамирын Золоог МАА-ийн 279 дүгээр ангид байхаасаа мэдэх аж. ЦНДС-аа төгсөөд Монголд ганц байсан Монгол Оросыг холбодог шугаман холбооны ангид салааны захирагчаар томилогдоод ажиллаж байхад нь биеийн тамирын Золоо ирж, шалгалт авч байжээ. Энэ тухай хэлэхдээ “Шугамын ангийн биднийг уул өөд гүйлгээд, цаг минутыг нь яг таг гаргаж, бичээд явж байсныг нь санаж байна. Тэр цагаас биеийн тамирын Золоогийн шударга, зарчимч занг нь үнэлж, хүндэтгэж ирсэн дээ” гэв.
 
Харин чуулгын Золоог ЦНДС-д байхаасаа мэддэг бөгөөд хамт нам, эвлэлийн үүрийн ажил хийж явснаа дурсан ярьсан. “Чуулгын Золоо мань мэтийг бодвол менежерийн ухаантай хүн. Багаасаа тэмдэг, бусад зүйлсийг цуглуулж ирсэн нь ч үүнтэй холбоотой байх. Музейн дарга байхаасаа л зохион байгуулах, ажиллаж байгаа орчноо тохижуулах, ажилчдынхаа ая тухтай ажиллах орчноор хангах талд дандаа сэтгэл дэвсэж явдаг хүн дээ” хэмээн өгүүлэв. 
Түүний ярьснаар бусад гурван Золоо бие биеийнхээ сайн чанаруудаас суралцаж, авах гээхийн ухаанаар хандаж явдаг гэнэ. Ингэсээр гурван хурандаа маань ҮБХИС-д ажиллах боломж олджээ.
 
 
“Сургуульд бид гурав хэсэг хугацаанд хамт ажиллах боломж олдсон. Гурвуулаа үзэж туулсан туршлага, мэдлэгээрээ залуу үеэ сурган дадлагажуулах үйлсэд хамтран зүтгэснийгээ бэлгэшээж явдаг” гэсэн. 
 
 
Мөн тэднийг сургуулиа төгсөж байхад нийгэм зах зээлийн тогтолцоо руу шилжиж, ёстой л нөгөө шилжилтийн нийгмийн хүнд хэцүү цаг үед ажил, амьдралын талбарт хөл тавьж байжээ. Тиймдээ ч нийгмийн ороо бусгаа үед Зэвсэгт хүчнээ хаяж явалгүй төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсэн нь тэдний бас нэгэн гавьяа гэлтэй.
 
Холбооны Золоог хүмүүс сурсан сургууль бүрээ онц төгсдөг гэдгийг мэднэ. Тэр бээр дунд сургууль, ЦНДС, ОХУ-д цэргийн академид суралцахдаа ч тэр онц дүнтэй төгсжээ. Түүнээс Та онц сурдаг нууцаасаа хуваалцаач? гэхэд “Нууцсаад байх юм байхгүй. Бүх л цаг хугацаа, хүч хөдөлмөрөө сурахад зарцуулна гэсэн үг. Би чинь сурагч, сонсогч байхаасаа нам, эвлэлийн ажилд идэвхтэй оролцдог. Одоогийнхоор бол нийгмийн идэвхтэй хүүхэд байсан гэх үү дээ. Тийм болохоор ч тэр үү 10 жилд байхдаа Лениний 35 ботийг бүгдийг нь уншчихсан байлаа шүү. ОХУ-д суралцаж байхдаа ч тэр бусад нь хотоор зугаалж байхад мань мэт нь номын санд, бусад нь нойрон дундаа байхад би хичээлээ судлаад л байж байх жишээний. Онц сурахын цаана их хөдөлмөр шингэсэн байдаг” гэж өөрийнхөө “нууц”-аас дэлгэсэн юм. 
Тэрбээр сүүлийн жилүүдэд тоон технологид суурилсан судалгааны ажлуудад анхаарлаа хандуулах болжээ. Энэ тухай хэлэхдээ “Би цэргийн цахилгаан холбооны ашиглалтын инженер мэргэжилтэй. Над шиг аналоги системээр мэргэшсэн хүн цаг үеийн шаардлагаа дагаад тоон технологид суурилсан судалгаа шинжилгээг нэлээд хэдэн жилийн өмнөөс гардан хийж байна. Кибер цэргийн командлалтай болохоос эхлээд Зэвсэгт хүчний хөгжилтэй холбоотой нэлээд олон суурь шинжилгээг гүйцэтгэж, үр дүнд хүрчээ” хэмээн өгүүлсэн юм. Түүний 30 гаруй жилийн турш цэргийн холбооны салбарт хийсэн ажлаас онцлон дурдахад энэ буюу.
 
 
Ахмад М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин