sonin.mn
БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газраас 13-ны өдөр гаргасан тоо баримтаас үзвэл, энэ оны эхний гурван улиралд тус улсын бараа бүтээгдэхүүний экспорт импортын нийт хэмжээ 28.33 их наяд юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 22.7 хувиар өссөн байна. Үүнд, экспорт болон импорт тус тус 22.7%, 22.6%-иар нэмэгджээ. Улирлын хувьд, Хятадын экспорт, импортын хэмжээ аажмаар нэмэгдэж, өсөлтийн хэвийн хурдаа хадгалж байгаа аж.
Хятад улсын эхний гурван улирлын гадаад худалдааны эдгээр амжилтын гол шалтгаан нь Хятадын дотоодын эдийн засаг тасралтгүй сэргэж буйтай холбоотой гэнэ. Хоёрдугаарт, Хятадын хэрэгжүүлж буй үр дүнтэй бодлого нь аж ахуйн нэгжүүдэд итгэл төрүүлж, гадаад худалдааны урт хугацааны хөгжилд шинэ хүч сэлбэж буй аж. Гуравдугаарт, гадна орчин нөхцөл сайжирч байгаа нь Хятадын гадаад худалдаанд ашигтай нөхцөл бүрдүүлж өгчээ.
 
Дэлхийн барааны хамгийн том орны хувьд Хятад улсын гадаад худалдааны эрүүл тогтвортой сэргэлт нь дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулах ач холбогдолтой.
 
Энэ он гарснаас хойш Хятадын гадаад худалдааны үзүүлэлт дэлхийн эдийн засгийг тэргүүлж, олон улсын зах зээлд эзлэх хувь хэмжээ нь ч мөн нэмэгдсэн. Эдгээр үзүүлэлтүүд нь дэлхийн зах зээлд "Хятадад үйлдвэрлэв" гэх шошготой бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэж буйг илтгэж байгаа юм.
Ерөнхийд нь авч үзвэл, Хятад улсын эхний гурван улирлын гадаад худалдааны үзүүлэлт нааштай байгаа. Гэсэн хэдий ч өнөөгийн цар тахлын нөхцөл байдал тогтворгүй, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан буйгаас шалтгаалж, Хятадын гадаад худалдаанд ч олон  тодорхойгүй асуудал оршсоор байна. Хятадын эдийн засаг урт хугацааны турш тогтвортой байдлаа хадгалж байгаа нь зөвхөн тус улс төдийгүй дэлхийн эдийн засгийг сэргээхэд хувь нэмрээ оруулах нь гарцаагүй.
 
Н.Пүрэвжав