sonin.mn
1990-ээд оноос өмнө Монголын дэлгэцээр багачуудын танил болсон “Ну погоди” хүүхэлдэйн киноны цуврал ангийг энэ өвөл гаргахаар болсноо “Союзмультфильм” студи мэдэгджээ. Туулайн дүрд Оросын Дмитрий Хрусталев, чононы дүрд Гарик Харламов нар дуу оруулсан байна.
 
Мөн чоно, туулай хоёрын дүрийг өөрчлөн шинэчилсэн аж.
 
“Союзмультфильм” студийн ерөнхий продюсер Юлия Осетинская “Зөвлөлтийн үед 30 гаруй анги бүтээсэн энэ цувралын орчин цагийн шинэ дүрийг бий болгох талаар бид удаан эрэл хийлээ. Хуучин, шинэ хоёр дүрийн тэнцвэрийг барих, өмнөх дүрийн онцлог шинжүүдийг үлдээх шаардлагатай байсан. Жишээ нь, шинэ туулайны нүдний өнгө хуучин туулайтай адилхан байгаа” гэжээ. Харин тус студийн захирал Борис Машковцев цувралын шинэ дүрүүд илүү зөөлөн аястай болсныг онцолсон байна. Одоогийн байдлаар 52 анги гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд хүүхэлдэйн киноны зорилтот үзэгчдийг 6-8 настай хүүхдүүд гэж үзжээ. Тус хүүхэлдэйн киног 3D форматаар үзүүлэх бөгөөд цувралд шинэ туслах дүрүүд болох Тим дорго, Шу зараа, Улья бор гөрөөс тоглох гэнэ.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин