sonin.mn
УИХ-аас Монгол хэлний тухай хуулийг 2015 оны хоёрдугаар сарын 12-нд баталж тухайн оны долоодугаар сарын 1-нээс уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хуульд зааснаар Ерөнхийлөгчийн дэргэд есөн гишүүнтэй Хэлний бодлогын үндэсний зөвлөл долоодугаар сарын 6-нд байгуулагдан ажиллаж байна. Тус зөвлөл хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд 2018 оны зургаадугаар сард “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг эрхлэн гаргасан.
Энэ толь нь 38000 үгийг багтааснаас гадна нэр үг, үйл үгийн хувилал, түгээмэл хэрэглэгддэг 1000 гадаад үг, дэлхийн улс орнуудын болон нийслэлийн нэрийг кирилл үсгээр хэрхэн бичих журмыг шинээр тогтоосон бүтээл.
Кириллээр үг, өгүүлбэрийг хэрхэн зөв бичих тухайд одоо хэн ч маргах эрхгүй, нөгөө “Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэдэгтэй агаар нэгэн адил тус зөвлөлийн гаргасан Зөв бичих дүрмийн журамласан толины дээр хөх тэнгэр л байх болно. Ингэж бичдэг байсан хэмээн журамласан тольд зааснаас өөр хувилбараар бичсэн хэн боловч шууд “W” үнэлгээ авна гэсэн үг.
 
 
Монгол Улсын иргэн бид бүгдээр кириллээр бичихдээ “А” үнэлгээ авахын тулд тольд журамласны дагуу зөв бичих үүрэгтэй.
 
 
 
Сайн чанарын эд зүйлийг “үнэтэй цайтай” гэж холбоо үгээр тодорхойлдог. Манай улсад үндэсний анхны мөнгөн тэмдэгт төгрөг гараагүй байсан 1925 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс өмнөх үед монголчуудын төлбөрийн гол хэрэгсэл цай байжээ. Тухайлбал, дээлийн сайн торго, бүсний гоё дурдан сонгож худалдаж авъя гэвэл бусад төрлөөс нь илүү олон цайгаар тооцож төлбөр хийдэг байж. Ингээд үнэтэй цайтай торго, дурдангийн тухай яриа гарна гэсэн үг. Үүнтэй агаар нэгэн адил өнгөт металл алт, мөнгөн эдлэлийн үнэлгээний түвшинг “үнэ цэнтэй" гэж холбоо үгээр тодорхойлон үнэлдэг хэллэг монгол хэлэнд байдаг. Цэн нь хятад жинлүүрийн хүндийн хэмжээ бөгөөд 4 граммтай тэнцдэг. Ардын дуунд гардаг “Цэнгийн цэнгийн баавар” гэсэн шад нь дөрөв, дөрвөн грамм алт, мөнгө орсон эмээлийн баавар буюу үнэтэй цэнтэй эдлэл гэсэн утга илэрхийлнэ.
Гэтэл бидний л мэдэх, маш олон хүн сүүлийн тавь, жаран жилийн турш “үнэ цэнэ, үнэ цэнэтэй" гэж буруу бичсээр ирсэн. Харин Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөл 2018 оны зургаадугаар сарын 6-нд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг бүх нийтээр дагаж мөрдүүлэх тогтоол гаргаснаар уг холбоо үгийг “үнэ цэн, үнэ цэнтэй” гэж зөв бичих үүд хаалга нээгдсэн юм.
 
Толиор журамласан, урьд өмнө нь зөв бичихэд маргаантай байсан зарим үгийг толилуулъя. -авхуул /авахад хүргэх/, ажиллавар, -байцай, батажна /баттай болох/, биелгээ /бүжиг/, билиг/оюун ухаан/, бэлгэ /тэмдэг, эрхтэн/, бэлэг /өглөг/, бөгцгөнөх, будилах, будилаан, бүтээгдэхүүн, -вандан, -гарди, гадарга, гайхширал, гараг /өдөр гаргийн/, гариг /нохойн б**с/, голдирол, гоолиг, гуравласан, гэрлүү, -давлагаалах, дугариг дүл /шөнө/, гурав дахь, -ёнхгор, -жирвэгэнэх, -зовуурь, -ирвэгэнэх, иржгэнэх, -маани /шашны/, муруй / хазгай/, мурий /үйл үгийн язгуур/, -налмигар, нижигнэх, нүжигнэх, номхотгох, нурмагар, нэгбүр, нэлмэгэр,
-олонтоо, олонх, олтирог, оношилгоо, оюунлаг, -өнтэй, -саланги, сайх /мөнөөх/, санаачилга, -томьёо, товьёг, төвөг, Төвөд / улс/, төгсөгчдөдөө, төлгө /мэргэ/, түвшин /хэмжээ/дөвшин/төлөвзан/, -увдис, улхганах, урдах, уруй/ус/, 
-үүлдэр /малын угсаа/,
-халтиргаа, харчхаад /харчихыг, харчихаар/, хашхирах, хомстоно /тийм юмтай болох гэсэн утга/, хомсодно /зохисгүйтэх утга/, хошуу/ хоншоор, нутаг, торго/, хоёрдахь, хөврөх, хөврөл, хөөмий, хунтайж, хүрлэгэр, хэвэл /газрын/, хэвлий /хүний/, -цаадах, цагариг /дугариг/, цомхотгох, цээж /бие/, цэн /үнэ/ -шавж /амьтан/, шидэмс, нулимс, шуламс, саримс,
-эзлэхүүн, эмээллэлээ, эмхэтгэл, эрвээхэй, эрмэлзэл, эрих /маани/, эшлэл, - яах вэ гэх мэт.
 
Гадаад үгийн төгсгөлийн ИЯ нь гийгүүлэгч “С”, “Ц”-гийн дараа орсон бол хасч бичнэ
 
• инновация — инновац
• инфляция — инфляц
• комиссия — комисс
• концессия — концесс
Гадаад үгийн төгсгөлийн ИЯ нь “С”, “Ц”-гээс бусад гийгүүлэгчийн дараа орсон бол зөвхөн “Я”-г хасна
• компания — компани
• Колумбия — Колумби
 
Үүсмэл биш үгэнд “Я”, “Ё” үсгийн өмнө зөөлний тэмдэг “Ь” бичнэ
 
• гавьяа, товьёг, харьяа,
• сумьяа, адьяа, сүрьеэ гэх мэт.
 
Журамласан толь гарсны дараа хэвлэгдсэн нэг номоос уншигчдадаа хэсэгчлэн сонирхуулъя.
 
-Агуу авьяастай, нэлээд гавьяатай, Буриад улсын харьяат амарлингуй бодгаль нэгэн эрхэм хотын утаанаас далдиран зугтах эрмэлзэл хүсэлдээ хөтлөгдөн Байгал нуурын бэлчирт бямба, ням гарагт аялж байгаль дэлхийн өв тэгшийг харчхаад шагшран суулаа.
Сартваахь эрдэмтэн хэд хэчнээн эрвээхэй, шавж хорхой, бөжин туулай, дэгдээхэй шувуу улхганах уушги тэлэм агаарын сайханд төвөггүй, төвшин байгааг нэг бүрнээ ажиглах зууртаа нэлмэгэр байцайны орос шөл оочилно.
Түүнд номын багш нь сургаал айлдал, айлдвар, айлдлага хэлж, өөрийн эзлэхүүн ихтэй эмхэтгэл туурвилаас томьёо бүхий товьёг өгөөд эшлэл авахдаа нэрийг нь будилаангүй зөв сонгож будилахгүй байхыг захин “дараагийн зөвлөгөөнөөр бүгд батажна” хэмээн гуалаг биендээ баймгүй бадируун гараараа тэвэрснийг эргэн санахад нулимс нь цийлэлзэв.
Үлгэр дуурайлт багшийн тухай үнэ цэнтэй дурсамж ийнхүү хөврөхөд оюуны цар, хашхирах дуун мөхөстөх, өөрийн санаачилга дутах тохиолдолд халтирах зам, явах буруу дамжлага урьдаас бэлдсэн мэт урд нь бэлэн байсан сургамж дуурьсан цээжинд нь шөнө дүлээр чүдэнзний гал дүрэлзэх мэт боллоо.
 
 
E.Бямбаа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин