sonin.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар АНУ-аас Монгол Улсад ирсэн “Team Rubicon” байгууллагын багийнхантай уулзлаа. Тус байгууллага нь гамшгийн үед түргэн тусламж үзүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай сайн дурын гишүүдээс бүрддэг, төрийн бус байгууллага юм. Монгол Улсад хүрэлцэн ирсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй баг нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт гамшгийн үед эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр туршлага солилцож, сургалт, семинар зохион байгуулан ажиллаж байна.
 
 
Уулзалтын үеэр талууд Улаанбаатар хот болон АНУ дахь цар тахлын нөхцөл байдлын талаар санал солилцож, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээнүүдийн талаар ярилцав. “Team Rubicon” байгууллагын багийнхан цар тахлыг даван туулахад нийслэлчүүд амны хаалт тогтмол хэрэглэх, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдсан нь давуу тал болохыг онцолсон.
Уулзалтад Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар, НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, Жон Хопкинсийн их сургуулийн Анагаахын сургуулийн яаралтай тусламжийн их эмч Кристина Катлетт, Массачусетс мужийн “Baystates Medical Center” эмнэлгийн их эмч Бенжамин Осборн нарын төлөөлөл оролцсон юм.