сонин mn
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 1924 онд “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” нэртэйгээр байгуулагдсан нь Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага байв.   Тус  байгууллага бий болох угтвар нөхцөл  бүрэлдсэн түүхийг авч үзвэл 1924 онд МАХН-ын гурван жилийн ойн хурал дээр Д.Пагмадулам “Намын хамгийн том гавьяа бол Монголын эмэгтэйчүүдийг өөд татсан явдал мөн” гэж хэлсэн байдаг. Түүний хэлсэн үг тэр үеийн “Ургинская газета” сонинд хэвлэгдсэний  дараахан  1924 оны гуравдугаар сарын 8-нд Монгол Ардын намын Төв хорооноос  чухал шийдвэр гаргасан нь эмэгтэйчүүдийг бурангуй ёсноос гаргаж, соёл гэгээрлийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагатайгаар хийхээр  шийдвэрлэжээ.
Ингээд Монгол Ардын намын Төв хорооны үзэл суртлын хэлтсийн дэргэд “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг”-ийг байгуулж, анхны даргаар  нь  Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн  гэргий Д.Пагмадуламыг  сонгосон байна. Энэ тасаг таван хүний бүрэлдэхүүнтэйгээр төрөөс эмэгтэйчүүдийн талаар явуулах бодлогыг боловсруулж,   эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилгыг нэн тэргүүнд тавин ажиллах болжээ. Үүний үндсэнд эмэгтэйчүүдийг  богтлох,  сүй  тавих нэрээр боол мэт худалдах, зарц хамжлага болгох ёсыг халуулсан байна.
 
Д.Пагмадулам
 
Д.Пагмадуламын удирдсан тус тасгаас бүсгүйчүүдийн анхны сургуулийг нээж, намын гишүүн эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, улс төрийн оройн сургууль  байгуулж, Монголын түүх, намын түүх, дэлхийн түүх, хэл бичиг, дөрвөн аргын тоо, хүүхдийн боловсрол хүмүүжлийн асуудал зэрэг хичээлүүдийг зааж эхэлжээ. Анх эхлэхдээ 20 орчим суралцагчтай байснаа 1925 он гэхэд 80 гаруй суралцагчтай болж, багш хүрэлцэхгүй болсноор Д.Пагмадулам өөрөө хичээл заагаад зогсохгүй,  өөрийн нөхөр, их зохиолч Д.Нацагдоржийг зарим үед дайчлан туслалцаа авч байсан гэдэг. 1931 онд  Монгол Улсын хэмжээнд 2000 эмэгтэй бичиг үсэгтэй  болж, 1963 онд 509 мянган эмэгтэйчүүдийн 90 хувь нь бичигтэн болсон тоо баримт бий.
 
 
 
Монголын Эмэгтэйчүүдийн  анхны их  хуралд \1931 онд\  хөдөөнөөс ирсэн төлөөлөгч эмэгтэйчүүд хувцас хунар муутай, харц ядуу бүсгүйчүүд байсан бөгөөд  улсаас  хувцаслаж, бүгдэд нь  ижил ногоон дээл оёулж, савхин гутал олгосон гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.
 
 
 
Хурлын дараа зарим эмэгтэйчүүдийг шууд бичиг үсгийн бүлгэмд суулган анхан шатны сургалтанд хамруулж  сайн суралцсан  эмэгтэйчүүдийг сувилагч, багшийн сургалт дамжаанд шилжүүлжээ.
 
 
Тухайн үед  их хүрээнд зорьж ирсэн, бурангуй ёсыг сөрж тэмцсэн бүсгүйчүүд хаа газраас Их зохиолч Д.Нацагдоржийнхыг зорьж очдог. Их төлөв  Д.Пагмадуламыг бараадан  тус дэм эрж,  зарим нь орох оронтой болтлоо  тэдний гэрт амьдарч, их зохиолчоор бичиг, үсэг заалгаж байсан түүх  бий. Түүний  тод жишээ  нь  Эрүүлийг хамгаалах яамны анхны тэргүүн сайд Долгорын  Пунцаг  юм. Тэрээр Сэцэн хан аймгийн нутгаас  богтлогдон айлын эхнэр нэртэй зарц болж   хүнд хөдөлмөрт нухлагдан  гэмтэж бэртээд замын хүн дагаж  оргон   Их хүрээнд ирээд Д.Пагмадуламтай учирч их зохиолчийнд амьдарч, бичиг үсэг заалган боловсролын мөр хөөсөн байдаг.  Улмаар С.Буяннэмэхийн  удирдаж байсан намын үүрт  гишүүнээр элсч 1930-1933 онд Эрүүлийг хамгаалахын анхны сайдаар томилогдон  ажилласан түүхтэй. 
 
 
Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг үндэслэгч, анхны дарга Д.Пагмадулам ороо бусгаа цагийн эрхээр  1924- 1925  онд ганцхан жил тус байгууллагыг удирдсан ч  олон ажлыг эхлүүлж суурийг  тавьсан юм. Түүний дараачаас  тус байгууллагыг хамгийн олон жил удирдсан хүн бол их жанжин Д.Сүхбаатарын гэргий Нэмэндэйн Янжмаа юм. Тэрээр 1925-аас 1949 он хүртэл, Сономын Удвал 1949-1954 онд удирджээ. 1956-1962 онд Нэмэндэйн Янжмаа дахин эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдсан бол  1962-1982 онд Сономын Удвал удирдсан юм. Түүнээс хойш  1982-1990 онд Лувсанчүлтэмийн Пагмадулам, 1990-1992 онд Доржийн Мөнхөө, 1992-1993 онд Гончигийн Дашаа, 1993-2000 онд Нансалжавын Гэрэлсүрэн, 2000-2018 онд Жамбалдоржийн Эрдэнэчимэг, 2018 оноос Батнасангийн Оюунгэрэл Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
 
 
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин