сонин mn
ЙЕРУСАЛИМ. /BBC/. Израил “COVID-19”-ийн вакцины гурав дахь тунг 60-аас дээш насны иргэддээ санал болгосон анхны улс болно гэж тус улсын Ерөнхий сайд Нафтали Беннетт мэдэгджээ.
Түүний мэдээлснээр, вакцины хоёр дахь тунгаа наад зах нь таван сарын өмнө хийлгэсэн хүмүүс “Pfizer”-ийн гурав дахь тунг ням гаргаас эхлэн хийлгэх боломжтой байна.
Ийнхүү ирэх есдүгээр сард 61 насыг зооглох Ерөнхийлөгч Исаак Херцог баасан гарагт вакцины гурав дахь тунг тариулсан анхны иргэн болох ажээ.
Саяхнаас Израилд халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болсноос гадна хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалтад дэлхий дахин санаа зовних болоод буй юм.
 
 
 
“Хүний биеийн дархлаа цаг хугацаа өнгөрөх тусам сулардаг гэдгийг олон судалгаагаар тогтоосон. Вакцины нэмэлт тун нь дархлааг дахин нэмэгдүүлж, халдвар авах, хүндээр өвчлөх эрсдэлийг бууруулах зорилготой юм” гэж Н.Беннетт пүрэв гарагт мэдэгджээ.
 
 
 
Мөн дархлааны тогтолцоо нь суларсан 2000 хүнд хэдийнээ гурав дахь тунг тариад байгаа бөгөөд тэдний дунд ноцтой гаж нөлөө илэрсэн тохиолдол нэг ч бүртгэгдээгүй гэдгийг нэмж хэлсэн байна.
Одоогийн байдлаар дэлхийн өөр ямар ч оронд гурав дахь тунг тарихыг зөвшөөрөөгүй байгаагийн зэрэгцээ шинжээчид энэхүү тун халдварын тохиолдлуудыг бууруулах эсэх талаар ямар нэгэн үр дүнг хараахан танилцуулаагүй байгаа юм.
Өнгөрсөн сард Израилын эрх баригчид халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэх болсонтой холбогдуулан битүү орчинд амны хаалт зүүх журмыг дахин тогтоожээ. Тус улс нь цар тахалтай тэмцэх чиглэлд хамгийн өндөр амжилт гаргасан орнуудын нэгд зүй ёсоор тооцогдож буй билээ.
Тодруулбал, дэлхийн улс орнууд дундаас вакцинжуулалтын хөтөлбөрийг хамгийн хурдтай хэрэгжүүлж, 9.3 сая хүн амынхаа тэн хагасаас илүү хувийг нь вакцинд бүрэн хамруулаад байгаа юм.
Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Израилд цар тахал дэгдэж эхэлснээс хойш халдварын 870 мянга орчим тохиолдол илэрч, 6400 гаруй хүн халдвараар нас баржээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг