сонин mn
ЖАКАРТА. /NHK/. Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо ирэх долоо хоногт коронавирусний цар тахалтай холбоотой хязгаарлалтын дэглэмийг сулруулах санал гаргажээ.
Тус улсад 38.325 халдварын шинэ тохиолдол мягмар гарагт бүртгэгдэж, 1280 хүн нас барсан нь нэг өдөрт бүртгэгдсэн хоёр дахь удаагийн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Энэтхэгт анх бүртгэгдсэн “Дельта” хувилбар тархсаны улмаас халдварын тохиолдлын тоо ийнхүү өссөн гэж үзэж байна.
Нийслэл Жакарта хотын зүүн талд орших Жава болон Бали арлын бүс нутагт 7 дугаар сарын 3-наас хойш хэрэгжиж буй хатуу хөл хорионы дэглэм мягмар гарагт дуусах ёстой байв. Уг хязгаарлалтад онцын шаардлагагүй тохиолдолд зарим бизнесийн салбарын ажилтнуудыг гэрээсээ ажиллах нөхцөлийг тусгажээ. 
 
Цар тахалтай холбоотой хязгаарлалтыг ням гараг хүртэл сунгахаа Ерөнхийлөгч Жоко Видодо мягмар гарагт мэдэгджээ. Түүнчлэн ирэх долоо хоногт халдварын тархалт буурвал хязгаарлалтын дэглэмийг сулруулна гэдгээ мөн мэдэгдсэн байна.   
 
 
Засгийн газрын зарим гишүүн цар тахалтай холбоотой хязгаарлалтыг долоо хоногоор сунгах санал тавьсан байна. Харин Ерөнхийлөгч Жоко Видодо үүнийг маш төвөгтэй асуудал гэж үзэж буй бөгөөд цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөнд санаа зовж буйгаа илэрхийлжээ.
Үүнтэй холбоотойгоор Ж.Видодо эдийн засагт үзүүлэх нөлөөг ард иргэдийнхээ эрүүл мэндээс дээгүүр тавьж байна гэсэн мэргэжилтнүүдийн шүүмжлэлд өртөөд байна.  
 
 
Ц.Анударь
Эх сурвалж:  Монцамэ агентлаг