-1980-ААД ОНЫ ҮЕЭС ШИНЭЭР ТАВИГДСАН БҮТЭЭЛИЙН ТОО ОЛШИРСОН НЬ УРЫН САНГИЙН ЦЭГЦТЭЙ БОДЛОГОТОЙ ХОЛБООТОЙ-
Урлаг судлалын ухааны доктор, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Хөгжмийн онолын тэнхимийн ахлах багш Д.АРИУНААТАЙ ярилцлаа. Бидний ярилцлага Монголын дуурийн театрын урын сангийн хүүхдэд зориулсан бүтээлийн хүрээнд өрнөсөн юм.
-Ярилцлагаа Монгол Улсад хүүхдэд зориулсан сонгодог бүтээл анх хэдийд тавигдсанаас эхлүүлье?
-Монгол Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрт 1983 онд Зөвлөлтийн хөгжмийн зохиолч М.Ковалийн “Чоно ба долоон ишиг”, 1984 онд Буриадын хөгжмийн зохиолч Б.Ямпиловын “Шидэт ваар”, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн “Дэлхий ээжийн төрсөн өдөр” дуурийг үзэгчдийн хүртээл болгосон. Дуурь, бүжгийн эрдмийн театрын урын санг аваад үзэхэд нийтдээ 58 дуурийг тавьснаас гурав нь л хүүхдэд зориулсан бүтээл байна. Сонгодог хөгжмийн нэгэн томоохон төрөл болох дуурьт Монголын хөгжмийн зохиолчид хүүхдэд зориулж маш цөөхөн бүтээл туурвисны нэг нь л тайзнаа тавигдсан. Монголын хөгжмийн зохиолчдын хүүхдэд зориулсан анхны дуурийг хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын “Аз жаргалын эрэлчин” хэмээх 1961 онд Хүүхдийн ордонд тавигдсан хөгжимт драмын бүтээлийг гэж үздэг. Энэ бүтээлээс хойш хөгжмийн зохиолч Г.Бирваагийн “Аргат бяцхан баатар” хүүхэлдэйн театрт зориулагдан зохиосон дуурь бий. Ер нь хүүхдэд зориулсан дуурь гээд жагсаагаад үзэхэд дуучин, хөгжмийн зохиолч Д.Дашнямын “Наалдан пад”, Ц.Чинзоригийн “Тэмүүжин”, Г.Пүрэвдоржийн “Дэлхий ээжийн төрсөн өдөр” гэсэн гурван дуурийг зохиожээ. Эдгээрээс “Дэлхий ээжийн төрсөн өдөр” дуурийг л 2002 онд ДБЭТ-ын тайзнаа тавьсан байна.
-Өнөөдрийг бодоход тухайн үед сонгодог бүтээлийн талаар харьцангуй бага ойлголттой байсан ч хүүхэд багачуудын урлагийн боловсролд хэрэгтэй гэдгийг мэддэг учраас онцгойлон анхаардаг байсан болов уу?
-Ер нь 1960-1990-ээд оныг хүртэл Монголын урлагийн байгууллагууд долоо хоногийн хоёр өдөр тогтмол хүүхдэд үйлчлэх хөтөлбөртэй байсан. Дуурь, бүжгийн эрдмийн театр урын сангийн бодлогын хувьд маш нарийн төлөвлөлттэй дэлхийн сонгодог болоод үндэсний дуурь, бүжгэн жүжгийг жилд тогтмол 1-2 бүтээл шинээр найруулан тавьдаг байсан байна. Ялангуяа 1980-аад оны үеэс шинээр тавигдсан бүтээлүүдийн тоо олширсон нь боловсон хүчний хангалт, урын сангийн цэгцтэй бодлоготой холбоотой гэдэг нь харагдаж байгаа юм.
-Социализмын үед гадаадын улс орнуудаас хэрхэн туршлага судалдаг байсан бэ. Мөн гаднаас ирж хүүхдэд зориулсан дуурь, балетыг тайзнаа амилуулахад зөвлөдөг байсан уу?
-Социализмын үед гадаад улс орнуудаас ялангуяа ЗХУ-аас мэргэжилтнүүд ирж дуурь, бүжгэн жүжиг найруулж, зааж сургаж, байнга зөвлөдөг байсан нь ойлгомжтой. 1980-аад онд мэргэжлийн дуурийн найруулагчид болох Л.Эрдэнэбулган, Ё.Цэрэндолгор, Г.Эрдэнэбаатар нар төгсөж ирснээр олон бүтээл, ялангуяа хүүхдэд зориулсан дууриуд тавигдсан.
-1990 оноос өмнөх хүүхэлдэйн болон хүүхдийн кинонд танин мэдэхүй, мал аж ахуй зэрэг сэдэв давамгайлдаг байсан. Харин сонгодог бүтээлийн хувьд ямар сэдвээр уран бүтээл туурвидаг байсан бол?
-Сонгодог бүтээлийн хувьд хүүхдэд зориулсан бүтээлүүд ихэвчлэн үлгэрийн сэдэвтэй байдаг. Тухайлбал, манай ДБЭТ-ын урын сан дахь дуурь гэхэд “Чоно ба долоон ишиг, “Шидэт ваар", “Наалдан пад", бүжгэн жүжигт “Сонгинохүү”, “Цэнхэр нүдэн бүсгүй”, “Золушка”, “Уран хас”, “Щелкунчик” гэх мэт бүтээлийг нэрлэж болно.
-1990 оноос хойш Дуурийн театрын хүүхдэд зориулсан бүтээлийн урын санд ямар өөрчлөлт гарсан бэ. Нийгэмтэй холбоотой өөрчлөгдсөн эерэг болон сул талыг дурьдвал?
-ДБЭТ-ын урын санд ажиглалт хийхэд, социализмын хэмээгдэх өнгөрсөн зууны 90-ээд оныг хүртэлх үед урын сангаа хөгжүүлж, баяжуулж ирсэн бол нийгэм хувьсан өөрчлөгдсөн үеэс шинэ уран бүтээл хийх нь ховорджээ. Соёл урлагийг дэмжих санд хуваарилж байгаа санхүүжилтэд захирагдаж үйл ажиллагаагаа эрхэлдэг болсноос хойш театрын уран сайхны бодпого, хөрөнгө санхүүгээс асар их шалтгаалах болсон байна. Дуурийн театрын уран бүтээлийн 43 дахь улирлаас 55 дахь улирал /2005-2018 он/ хүртэлх хугацаанд дуурь, бүжгэн жүжгүүдийг тавигдсан он дарааллаар нь жагсааж, ямар бүтээлийг хэдэн удаа тоглосныг аваад үзэхэд урын сан нь цөөн хэдэн бүтээл дотор эргэлдэж, хүүхдэд зориулсан нэг ч дуурь тавигдаагүй байгаа нь үнэхээр харамсалтай санагдсан.
Хөрөнгө мөнгө, санхүүжилтийн асуудлаас болж, хүүхдэд зориулсан мэргэжпийн анхны дуурь болох Монгол Улсын Гавьяат жүжигчин дуучин, хөгжмийн зохиолч Д.Дашнямын хөгжим, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч З.Түмэнжаргалын цомнол “Наалдан пад” дуурийг зохиогоод 30 гаруй жил болж байгаа ч тавигдаагүй л байна. ДБЭТ-ын тайзнаа тавигдсан Монголын хөгжмийн зохиолчийн анхны дуурь “Дэлхий ээжийн төрсөн өдөр” бүтээл тавигдахгүй байгаа нь бас л сул тал болж байна.
Ер нь эерэг зүйл харагдахгүй байна шүү.
-Орон нутгийн театруудад хүүхэд зориулсан сонгодог бүтээлийг хэрхэн хөгжүүлж байна вэ?
-Энэ асуудал үндсэндээ орхигдсон гэж хэлж болно. Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрт Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн “Тэмүүжин" хүүхдийн дуурь тавигдсанаас өөр бүтээл хийгдээгүй. Тийм болохоор хөгжлийн тухай асуудал бүрхэг гэж хэлж болно.
-Гаднын улс орны туршлагаас судалсан байх. Тэд яагаад хүүхдийн сонгодог бүтээлд анхаарал хандуулдаг гэж та бодож байна вэ?
-Дуурь бол холимог урлагийн төрөл учраас хөгжим, бүжиг, дүрслэх урлаг, яруу найраг, драм гээд урлагийн бүх төрлийг хамарсан байдгаараа хүүхдийн хүмүүжил, хүн болох төлөвшил, ёсзүй, шударга ёсыг ойлгуулахад хамгийн дөхөмтэй. Монгол хүүхдүүдийн цэцэрлэгт ороод анх дуулж сурдаг дуунуудын нэг болсон “Жижигхэн гацуурхан” /Монгол хэл дээр дуулагддаг/ гэхэд Зөвлөлтийн хөгжмийн зохиолч М.Красевын “Морозко” хүүхдийн дуурийн дуу /1951 онд ЗХУ-ын Төрийн шагнал хүртсэн дуурь/, мөн “В лесу родилась ёлочка” гээд хүүхдүүдийн мэддэг, дуулдаг орос дуу бол А.Бойко-ийн “Песенка в лесу” хүүхдийн дуурийн дуу юм. Оросын хөгжмийн зохиолчдын хүүхдийн дууриуд гээд л аваад үзэхэд голдуу бага насны хүүхдүүдийн хүмүүжил төлөвшилд чиглэсэн бүтээлүүд байгаа нь анхаарал татаж байна. Оросын хөгжмийн зохиолчдын хүүхдийн дууриудаас нэрлэвэл, “Муурын байшин”, “Үнсгэлжин", “Зад угаагч”, “Улаан малгайт” гээд л хүүхдүүдийн мэддэг үлгэр, зохиолууд байгааг харж болно. Хүүхэд багаасаа театрт биеэ зөв авч явах, хөгжим шимтэн сонсох, зөв хүмүүжил дадалтай болоход урлагийн ариун сүм гэдэг театрт үзвэр үзүүлдэг байх нь их чухал. Би Орост сурч байхдаа амралтын өдрүүдээр дуурийн театраар нь ороход даашинз, гоёлын хослол өмсөж, цүнх барьж гоёсон бяцхан үзэгчид дүүрэн, эцэг эх нь хүүхдүүддээ үзвэр үзүүлээд явж байдаг байсан нь одоо ч бодогддог. Манай хүүхдүүдэд мэддэг үлгэрээ хөгжмөөр амилуулан сонсож, соёлтой боловсон харилцаанд суралцах орчин үнэхээр хэрэгтэй байна.
-Манай улсад таны дурдсан дээрх ач холбогдлыг хангалттай хэмжээнд үнэлж чадаж байна уу?
-Энэ талаар их зүйл хийх хэрэгтэй. Хий хоосон ярихгүй, яг ажил хэрэг болгох нь чухал байна. Бидний ирээдүй болсон хүүхдүүддээ зориулах уран бүтээл, уран сайхны бодлого үгүйлэгдэж байна. Хүүхдэд зориулсан бүтээлүүдийг олшруулж, чанарыг нь сайжруулахгүйгээр маргаашийнхаа тухай бид бодож болох уу? Ирээдүйн сонгодог урлаг сонирхогч, байнгын үзэгчдийг бэлтгэхэд үндэсний болон сонгодог хөгжмийн бүтээлүүдээр театрын урын санг баяжуулах зайлшгүй шаардпагатай байна. Чухам энэ л эрдэнэс дээр суурилан бяцхан сонсогчдод сайхныг таашаан ойлгох мэдрэмж, шударга ёс, ёс зүйн хүмүүжил төлөвшил, хөгжмийн авьяасыг нь хөгжүүлж болно. Гэтэл хүүхдэд зориулсан бүтээлүүд тэр дундаа дуулалт жүжиг, дуурийн бүтээл хэтэрхий хомс байгаад анхаарах цаг болжээ.
-Та илтгэлээ бэлтгэхийн тулд багагүй судалгаа хийсэн байх. Үр дүнд нь хэрхэх хэрэгтэй гэсэн бодол төрсөн бэ?
-Монгол хүүхдэд өв соёлоо дээдлэх, ёс зүйн тухай ойлголтыг багаас нь хүмүүжүүлэн, төлөвшүүлэхэд улсаас онцгой анхаарч хүүхэд залуучууд руу чиглэсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй. ДБЭТ-ын хүүхдэд зориулсан урын санг баяжуулах нь тулгамдсан асуудал болж байгаа бөгөөд гуравхан ч гэлээ нэгэнтээ зохиогдсон бүтээлүүдээ шинэчлэн сэргээн тавьж, байнга тоглуулахад анхаарах нь чухал юм. Д.Дашням, З.Түмэнжаргал нарын “Наалдан пад” хэмээх даруй 33 жил болж байгаа Монголын анхны хүүхдийн дуурийг тайзнаа тавих хэрэгтэй. Эцэст нь, хүүхдийн уран бүтээлд тавих санхүүжилтийг улсаас шийддэг болгох ажлыг театрын зүгээс санаачлан зохион байгуулах цаг нэгэнт болсон гэж бодож байна.
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
дуурийг одоо цагт хүн , хүүхэд үзэх үү аан
Дуурь балет европ гэж хийрхдэг Орос Франц Италидаа хүртэл хязгаарлагдмал хүрээний цөөхөн хүмүүсийн л сонирхол. Оросууд л шүтэж тэнэгтдэг.