sonin.mn
Дэлхийн шилдгүүд өрсөлддөг олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд манай уран бүтээлчид амжилттай оролцсоор ирсэн. Тэр дундаа “BBC Cardiff Singer of the World” буюу “Дэлхийн дуучин” уралдаанд Монголын дуурийн дуучид шинэ түүхийг бүтээж чадсан билээ. Уралдааны энэ жилийн шалгаруулалтад Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Анхбаяр оролцож шилдгүүдийн тоонд тунан үлдсэн юм. Тодруулбал, тэрбээр шилдэг 16 дуулаачийн нэг болсон. Энэ удаагийн уралдаан өмнөх жилүүдийнхээс ялгаатай. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас уралдаанд оролцогсдыг виртуал хэлбэрээр сонгон шалгаруулснаараа онцлогтой боллоо. Гэсэн хэдий ч коронавируст халдвар олон улсын дуурийн дуучдын зорилгыг мохоосонгүй. Харин ч энэ жилийн уралдаанд хамгийн олон залуу дуурийн дуучин өргөдөл ирүүлснийг мэдээлж байсан билээ. Энэ нь өрсөлдөөн ямар байсныг илтгэнэ. Уралдааны эхний шалгаруулалтаас 75 дуучныг тодруулсан бол удаах шатанд тэднээс 45 нь тунан үлдсэн. Харин төгсгөлийн шатанд 15 орны дуурийн дуучин шалгарахад Монгол Улсыг төлөөлж Э.Анхбаяр тодорсон юм. Уралдаанд түүнээс гадна Австрали, Хятад, Дани, Англи, Өмнөд Солонгос, Орос, Америк зэрэг улс орны дуурийн дуучид үлдээд байв. Тэдгээрээс энэ жил Өмнөд Солонгосын дуурийн дуучныг шилдгээр тодрууллаа. Монгол Улсаа төлөөлөн “Дэлхийн дуучин” уралдаанд оролцсон Э.Анхбаяр шилдэг 16 оролцогчийн нэг болно гэдэг чамлахааргүй үзүүлэлт юм. Түүний үзүүлбэрийг үзсэн мэргэжилтнүүд өндрөөр үнэлж байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. “BBC Cardiff Singer of the World” уралдаанд өмнө Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин, “Чингис хаан” одонт дуурийн дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, өдгөө Өмнөд Солонгост суралцаж буй УДБЭТ-ын гоцлооч Б.Батжаргал болон Ч.Бадрал нар амжилттай оролцож байсан юм. Тэр дундаа Гавьяат жүжигчин Э.Амартүвшиний хувьд “Дэлхийн дуучин”-д анх оролцож бусад дуучдын уралдаанд оролцох мөрийг нь гаргасан. Тэрбээр 2015 онд энэхүү уралдаанаас үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэнээс гадна шилдэг таван дуучны нэг болж байсан. “BBC Cardiff Singer of the World” уралдааныг хоёр жил тутам зохион байгуулдаг бөгөөд түүх нь 1983 оноос эхлэлтэй. Энэхүү уралдаанд 1832 насны дуурийн дуучин оролцдогоороо хязгаартай учраас “сонгодог урлагийн олимп”т оролцох нь дуурийн дуучдын хувьд мөрөөдөл гэж хэлж болно. Тийм ч учраас магадгүй тэд цаг хугацаатай уралдан амьдардаг болов уу. 2017 онд болсон “Дэлхийн дуучин” уралдаанд Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, УДБЭТын гоцлооч Б. Батжаргал нар оролцсон. Хоёр жилийн өмнө болсон уралдаанд нутгийн дуучин нь томоохон амжилт гаргачихсан байсан нь тэдний хувьд өөрсдийгөө илүү их дайчлахад хүргэсэн гэдэг. Тэдний хичээл зүтгэл ч талаар болсонгүй. Олон улсын уралдааны шилдэг 20 дуучнаар тодорсноос Г.Ариунбаатар шилдэг тавын нэгээр шалгарч, романсын төрөлд түрүүлсэн. Хоёр жилийн дараа буюу 2019 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ч.Бадрал мөн л шилдэг 19 дуучны нэгээр шалгарсан. Үүнийг тоочин буйн учир нь, “Дэлхийн дуучин” уралдаанд хүссэн болгон нь оролцдоггүй. Зөвхөн олон улсын гарамгай дуурийн дуучдаас шигшигдэн үлдсэн нь оролцож тайзан дээрээс үзэгчтэй учран золгодгийг ойлгуулахыг хүссэн юм.
 
“Б.ЖАВЗАНДУЛАМ БАГШИЙНХАА ШАВЬ БОЛСНЫГ ХУВЬ ТОХИОЛ ГЭЖ БОДДОГ”
 
Э.Анхбаяр хүүхэд ахуйгаасаа дуулдаг байжээ. Цэцэрлэгт байхдаа тоглолтод оролцож, сүүлд сургуульд ороод найрал дуунд гоцолдог болсон байна. Түүнийг “Улаан бүч” чуулгын шалгалтад тэнцэж гоцлол дуучин нь болж байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Харин СУИСийн шалгалтад тэнцээгүй талаар нь бол сонсож байсан болов уу. Энэ нь Э.Анхбаярын хувьд багштайгаа уулзах хувь тохиол байсан гэхэд болно. Учир нь, тэр л үед Монгол Улсын Ардын жүжигчин Б.Жавзандулам багшийнхаа сургуулийн тухай сонссон гэдэг. Энэ талаараа тэрбээр “Би хувь тохиолоор СУИСаас хасагдаж, багштайгаа учирсан болов уу гэж бэлгэшээдэг” хэмээн ярьж байсан юм. Э.Анхбаярыг хүмүүс “Universe Best Songs” тэмцээнд оролцож байснаар нь андахгүй. Тухайн үед тэр хоёрдугаар курсийн оюутан байжээ. Багш нь оюутнуудаа элдэв шоунд оролцуулах дургүй, сонгодог урлагаараа явахыг зөвлөдөг байсан учраас тэр нууцаар “Uni­verse Best Songs” тэмцээнд оролцсон байна. Тухайн үед түүнд Л.Линховойны, М.Глинкийн уралдаан их хол санагдаж, оролцож үзэхийг хүсдэг байсан гэдэг. Харин түүний мөрөөдлийн нэг хэсэг биелж “Universe Best Songs” тэмцээний дараа Л.Линховойны 10 дахь удаагийн уралдаанаас Гранпри шагнал хүртжээ. Дараа нь М.Глинкийн уралдаанд оролцож хоёрдугаар байр эзэлж, тэр үеэс “Илүү хичээвэл эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа зарлуулж чадах юм байна” гэж ойлгон эргэж буцалтгүй шийдэж, өнөөдрийг хүртэл хичээсээр яваа аж.
 
СОНГОДОГ “СОЁЛЫН ЭЛЧ”
 
УДБЭТт гоцлол дуучнаар таван жил ажиллахдаа Э.Анхбаяр дэлхийн сонгодог болон Монголын хэд хэдэн дуурийн гол болон туслах дүр бүтээсэн билээ. Ж.Вердийн “Травиата” дуурийн Жермон, Ж.Пуччинийн “Богема” дуурийн Марчелло, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Онегин, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Эскамильо, “Дон Жуан” дуурийн Дон Жуан, П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн Елецкий зэрэг дэлхийн сонгодог болон Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Боорчи зэрэг Монголын дуурийн гол болон туслах дүрүүдийг бүтээсэн юм. Түүнчлэн дуурийн дуулаачдын олон улсын уралдаануудад өндөр амжилт гаргаж, Итали улсад мэргэжил дээшлүүлж ч амжсан. Одоо тэрбээр Монгол Улсын “Соёлын элч”, мөн Филармонид харьяалалтай болсон. Энэ талаар ярихдаа “Өмнө нь Дуурийн театрт таван жил ажилласан, ачаалал ихтэй учраас гадагш тэмцээнд явахад зав бага байдаг. Мөн олон улсын тэмцээнд оролцоход “Монголд хаана ажилладаг вэ” гэж их асуудаг. Тиймээс Монголдоо харьяа байгууллагатай байя гэж бодоод Филармонийг сонгосон” хэмээн ярьж байсан юм.
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин