sonin.mn
Халдварын тархалтаас үүдэн “Токиогийн олимп-2020” энэ жилийн долдугаар сарын 23-ныг хүртэл нэг жилээр хойшилсон. Олон нийтийн санал асуулгаар Японы иргэдийн 60 хувь нь олимпийг цуцлах саналтай байна гэсэн дүн гарчээ. Тэгвэл Японы Ерөнхий сайд Сүга олимпийг  нэгдүгээрт тавиагүй хэмээн даваа гаригт мэдэгдлээ. Тодруулбал, парламентын чуулганы үеэр “COVID-19 халдварын тархалт огцом өсвөл олимпийг зохион байгуулах уу” гэж асуухад Сүга Ёшихидэ “Би хэзээ ч олимпийг нэгт тавиагүй. Харин Японы хүн амын эрүүл мэндийг хамгаалж, амьдралыг  аврах нь миний нэн тэргүүний зорилт юм.
 
 
 
Хамгийн эхэнд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ёстой” хэмээн хариулжээ. Мөн олимпийг цуцлахыг шаардсан цахим хөдөлгөөн өрнөж, тав хоногийн дотор 300 гаруй мянган хүн нэгдсэн байна.
 
 
 
Гэхдээ олимпийг хугацаанд нь зохион байгуулахын тулд Токио хот тавдугаар сарыг дуустал онц байдал зарлаад байгаа юм. Олимпийг аюулгүй байлгах үүднээс гадаадын үзэгчдийг хориглож, халдвараас сэргийлэх тусгайлсан гарын авлагыг өнгөрсөн сард гаргасан юм. Тус улсад бусад оронтой харьцуулахад вакцинжуулалтын явц тун бага байна. Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах энэ сарын дундуур Японд айлчлахаар төлөвлөж байсан ч зургадугаар  сар болгон хойшлуулжээ.  Учир нь “Токиогийн олимп-2020”-ийн  ерөнхийлөгч Сейко Хашимото онц байдлын үеэр Бах Японд айлчлах хэцүү хэмээн мэдэгдсэн юм. Энэ жилийн олимп долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.
 
 
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин