sonin.mn
70 сая жилийн өмнө Монголын говьд амьдарч байсан Шувууиа үлэг гүрвэлийн гавлын ясыг нарийвчлан судалжээ. Судалгаагаар уг үлэг гүрвэлийн шөнийн хараа, сонсгол гайхалтай хөгжсөн учраас харанхуйд ан хийдэг байсныг баталлаа. Шувууиа бол гэрийн муур шиг жинтэй, тахианы хэмжээтэй, Цэрдийн галавын үеийн хоёр хөлтэй үлэг гүрвэл байв. Махан идэшт үлэг гүрвэл шиг хүчтэй эрүү, хурц шүдгүй, ерөнхийдөө шувуутай төстэй. Гэхдээ цагаан будааны ширхэг шиг олон жижиг шүдтэй байжээ. Хүзүү, жижиг толгой, урт хөлтэй зэргээс үзвэл тахиатай ойролцоо. Судалгаанд тусалсан Оксфордын их сургуулийн палеонтологич Рожер Бенсон “Шувууиагийн үлдэгдэл нь үлэг гүрвэлийн “оршуулгын газар” гэгддэг Монголын Ухаа толгод, Төгрөгийн ширээгээс олдсон. Уг үлэг гүрвэл жижиг хөхтөн амьтад, гүрвэл, шавж зэрэг олзоо шөнө мөшгиж агнадаг. Урт хөлтэй учир хурдан гүйж, нүх ухна. Энэ бол үнэхээр жигтэй амьтан бөгөөд палеонтологичид олон жил судалсан. Шувууиа жижигхэн биетэй ч дэгжин амьтан байжээ. Биеийн урт нь 60 сантиметр. Одоогоор мэдэгдэж буй хамгийн жижиг үлэг гүрвэлүүдийн нэг юм.
 
 
 
Шувууиаг бусад алварессаврид шиг урд хөл нь ганц сарвуутай гэж үздэг байв. Гэтэл шинэ олдворууд асар том, сунасан эрхийнээс гадна гурван хуруутай байсныг илтгэдэг” гэжээ.
 
 
 
Эрдэмтэд Шувууиагийн гавлын ясны хөндийд байрладаг, тэнцвэрээ хадгалж, толгойгоо хөдөлгөх үүрэгтэй, чихний хэсэгтэй холбогддог лагена хэмээх муруйн бүтцийг судалсан. Цочмог сонсгол нь шөнийн махчин амьтдад олзоо олоход тусалдаг. Лагена урт байх тусам тухайн амьтны сонсгол сайн хөгжсөн байдаг. Энэхүү этгээд амьтны тухай “Discovery” сувгийн “Үлэг гүрвэлийн ертөнц” баримтат киноны нэгдүгээр ангид гардаг юм байна.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин