sonin.mn
МАДРИД. /TASS/. Испанийн Эрүүл мэндийн яам Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн “Vaxzevria” коронавирусний вакциныг зөвхөн 60-аас дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвлөжээ.
“El Pais” сонинд мэдээлж буйгаар, Испанийн Эрүүл мэндийн яам 60-аас доош насны хүмүүсийг “AstraZeneca”-гийн вакцинаар дархлаажуулахаа түр зогсоох санал гаргажээ. Европын Эмийн агентлаг цусны бүлэгнэлийг уг вакциныг хийсний дараа ховор тохиолддог гаж нөлөөний жагсаалтад оруулах ёстой гэж дүгнэсний дараа ийм шийдвэр гаргасан байна. “Одоо байгаа мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх үүднээс “Vaxzevria” вакциныг 60-аас дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвлөж байна" гэж Испанийн Эрүүл мэндийн яамны зөвлөмжид дурджээ.
 
Европын Эмийн агентлаг цусны бүлэгнэлийг “Vaxzevria”  вакцины ховор тохиолддог гаж нөлөөний жагсаалтад оруулах ёстой гэдэг дүгнэлтийг лхагва гарагт гаргажээ. Үүний зэрэгцээ вакцин хэрэглэсний ашиг тус нь эрсдэлээсээ давсан хэвээр байна гэж үзээд эрсдэлт хүчин зүйлийг тодорхой дурдаагүй байна. Цусны бүлэгнэлийг яг юу үүсгэж байгааг Европын Эмийн агентлаг хараахан тогтоогоогүй байна.
 
Өнгөрсөн сард “Vaxzevria” вакциныг хийлгэсний дараа цусны бүлэгнэл үүссэн тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Европын 15 гаруй улс урьдчилан сэргийлэх үүднээс уг вакциныг хэрэглэхээ түр зогсоосон билээ. Гэвч Европын Эмийн агентлагийн зөвлөмжийн дараа эдгээр орнуудын ихэнх нь дахин хэрэглэж эхэлсэн юм. Герман, Нидерланд, Эстони зэрэг улсын эрх баригчид “Vaxzevria”-г зөвхөн 60-аас дээш насны хүмүүст тарихаар шийдсэн.
"Vaxzevria" вакцин нь дэлхийн хамгийн эрэлттэй вакцинуудын нэг юм. Уг вакциныг 90 гаруй улсад хэрэглэхийг зөвшөөрсөн бөгөөд урьдчилсан захиалгын хэмжээ 2.5 тэрбум тунд хүрчээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Италийн Засгийн газрын тэргүүн Марио Драги нар чухам энэхүү вакциныг хийлгэхээр шийдсэн байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг