sonin.mn
Дүрслэх урлагийн академийн багш М.Амартүвшин “Glory of Spring” үзэсгэлэнгээ олны хүртээл болгож байна. “Norphei” арт галерей урин хаврыг угтан зураач М.Амартүвшинг онцлон түүний бие даасан үзэсгэлэнг үзэгчдэдээ толилуулж буй нь энэ юм. Тэрбээр 2008 оноос бие даасан үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд Францын Реннэс хотод “Монголын нэг өдөр” үзэсгэлэнгээ гаргаж байжээ.
 
Түүний энэ удаагийн “Glory of Spring” нь зураачийн дөрөв дэх бие даасан үзэсгэлэн нь. Урин цагийг дуудсан уг үзэсгэлэндээ тэрбээр цэцэгсийн 20 гаруй, Францад зурсан судалбар зургийн 50-аад бүтээлээ дэлгэжээ.
 
Сонгодог болон абстракт маягаар зурсан цэцэгсийн зургуудаас бүрдсэн уг үзэсгэлэнгээ “Glory of Spring” буюу “Хаврын баяр” гэж нэрлэсэн нь урин дулаан цаг айлчлан ирж, хүн бүрийн сэтгэл тэнийн баярын уур амьсгал орж байгаатай холбогдож байгаа аж. Гоо сайхан, баяр баясгаланг өөрийн мэдрэмжээр бүтээсэн уг уран бүтээлүүд үзэгчдийн ч зүрх сэтгэлийг хөдөлгөн таашаалтай сайхан мэдрэмж төрүүлнэ хэмээн үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолсон юм. Үзэсгэлэн “Norphei” арт галерейд энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.
 
 
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин