sonin.mn
АНУ-ын Тусгай хүчнийхнийг ногоон берет малгайгаар нь төвөггүй таньж болдог.Тэнд элсэхийн тулд заавал Тусгай хүчний үндсэн курсэд суралцах ёстой.Энэхүү курс нь 53 долоо хоногийн турш үргэлжлэх зургаан шаттай хөтөлбөрөөс бүрддэг.Элсэхийн өмнө эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын сорил өгч, тэнцвэл сонсогч нь дараачийн шатанд өгсөх замаар суралцдаг.
Нэгдүгээр шатанд долоо хоногийн хугацаатай АНУ-ын Тусгай хүчний түүх, үйл ажиллагааны онцлог, бүтэц, зохион байгуулалтын талаар танилцуулга орно.Мөн сургалтын ерөнхий зорилго, үр дүнг танилцуулж, жижиг бүлгийн ажиллагааны арга, тактиктай танилцаж, хосолмол (hybrid) дайн, байлдааны тактикт суралцдаг. Үндсэн курсийн бэлтгэлийн эхэнд 19 өдрийн хугацаатай байр зүйн баримжаа, газрын зурагтай ажиллах, зүг чиг олох мэдлэгийг байгаль цаг уурын хүндрүүлсэн нөхцөлд хүнд ачаатайгаар өдөр, шөнийн маршаар тогтоосон хугацаанд туулах чадварыг эзэмшүүлдэг аж.
 
Маршийн хугацаанд төрөл бүрийн цагийн байдалд шийдвэр гаргах, багаар ажиллах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг чадварыг давхар олгодог.Дараа нь ажиллагааны төлөвлөлт гаргах, шүхрээр буух, буудлагын дасгал сургуулиудыг боловсруулдаг.
 
Хоёрдугаар шатанд сонсогчдын англи хэлний түвшинг тогтоож, дөрвөн шатлалд хуваадаг. Нэгээс хоёрдугаар түвшинд багтсан сонсогч 18 долоо хоног, 3-4 дүгээр шатлалд багтсан нь 24 долоо хоногийн тусгай хүчний хэрэгцээний англи хэлний сургалтад тус тус хамрагдаж, ярих, унших, сонсох чадварт суралцдаг байна. 
Гуравдугаар шатанд жижиг бүлгийн ажиллагааны тактикийн хичээлүүд багтдаг.Тус шатанд 5 долоо хоногийн хугацаатай тактикийн байлдааны бэлтгэл, гардан тулааны сургалтууд ордог.Үлдсэн хугацаанд газар орны үнэлгээ хийх, гар хийцийн тэсрэх бөмбөгийг таних, амьд гарах арга ухаан, гавлагдсан, хүлэгдсэн зэргээр хөдөлгөөнөө хориулсан үед зугтах арга техникт суралцдаг.Ингээд сургалтын төгсгөлийн тав хоногт танхимын сургалтаар олж авсан мэдлэгээ дадлагын цагийн байдалтай уялдуулсан сорилт өгдөг.
Дөрөвдүгээр шат нь 14 долоо хоног үргэлжлэх бөгөөд өмнө нь олж авсан мэдлэгтээ тулгуурлан команд штабын түвшинд хэрхэн ажиллах, асуудалд дүн шинжилгээ хийж, шийдлийн гарцыг богино хугацаанд олох, манлайлах чадварыг сургагч багш нар сонсогчдоос шаардана.Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрд хаана ч очиж үүрэг гүйцэтгэх чадварт суралцан, улс орнуудын соёл, зан заншилтай танилцдаг.
Тавдугаар шат нь “Robin Sage” буюу уламжлалт бус хосолмол (hybrid) дайн, байлдааны арга, ажиллагааны тактикийг дадлагын полигонд бодит мэт цагийн байдалтай уялдуулан суралцахыг хэлнэ.Сонсогчдод энэ нь маш чухал сургалтын үе бөгөөд жил гаруйн хугацаанд олж авсан мэдлэг, дадлагаа харуулах эцсийн сорил юм.Цэргийн болон иргэний сайн дурын туслах ажилтнууд энэхүү сургалтыг дэмжиж, эсрэг дүрд тоглодог. “Robin Sage” сургалтыг энгийн иргэдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж зохион байгуулдаг. Учир нь хот дотор сургалтын байлдааны ажиллагаа явагддаг учир иргэдийн хөдөлгөөнийг шууд хорьж, тэдний эд хөрөнгөд онцгой анхаарал хандуулж ажиллахыг шаарддаг.Сургалтын үеэр ашигладаг сургалтын талбай, тээврийн хэрэгслүүд нь тодорхой таних тэмдгээр ялгагдана.
Зургаадугаар шат нь долоо хоног үргэлжилнэ. Сургалтын хугацаанд таван шатлалыг амжилттай төгсөж, шигшигдсэн сонсогчдод ногоон берет малгай өмсүүлэх ёслол болдог.Сонсогчид Тусгай хүчний үндсэн сургалтыг амжилттай төгсөөд шүхэрт десантын, байлдааны шумбалтын, тусгай хүчний мэргэн буучдын зэрэг сонирхсон бүх чиглэлээрээ үргэлжлүүлэн суралцахад нээлттэй байдаг.Нөгөөтэйгүүр тусгай хүчний цэрэг нь бусад бүх төрлийн цэрэгт ажиллагааны үндсэн мэдлэг, дадлага олгох, багшлах эрхийг эзэмшдэг. АНУ-ын бусад холбоотон улсаас санал болговол тусгай ажиллагааны бэлтгэл сургалтыг гардан зохион байгуулах чадвартай байдаг.
 
 Эх сурвалж: "Соёмбо" сонин