sonin.mn
Их Британи Европын холбооноос өрх тусгаарласнаар ирээдүй нь бүрхэг болсныг эх газрын тоймчид онцолж байна. БРЕКСИТ-ийн нөлөөгөөр тус улсын нэр хүндэд популистууд заналхийлэх болжээ. Иргэдийнхээ олонхын саналаар Европын холбооноос гарна гэж зөрүүдэлсэн “Британи популизм”-ын буянаар фунт стерлингийнх нь ханш савлаж, эдийн засаг хэцүүдэж эхэлсэн. Нидерландын “Клингендаел” хүрээлэнгийн судлаач Рем Кортевег “Бидний хувьд Их Британи дэвшилтэт эдийн засагтай, улс төрийн хувьд тогтвортой, хууль дээдлэх ёсыг хүндэтгэдэг барууны либерал ардчиллын гэрэлт цамхаг байсан. Тэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хүнд цохилтод өртсөн. Их британичууд хүнд хэцүү цаг үетэй тулгарлаа. Хэрхэн дуусах нь тодорхойгүй байна” гэжээ. Их Британийн урт хугацаанд өнгөлсөн прагматик дүр төрх доройтсоныг Германы Олон улсын аюулгүй байдлын хүрээлэнгийн ажилтан Николай фон Ондарза ч дурдсан байдаг. Тэрбээр “Борис Жонсоныг улс төрийн мөрийтэй тоглоомчин гэж үздэг. Гэхдээ тэр Ерөнхий сайд болоод Английн уян хатан байдлыг улам бүр дордуулсан” гэж дүгнэсэн. Германы “Der Spiegel” сонины тоймч Н.Блом “Их Британи улс Европын холбооноос гарах тухай үзэлд хэт автагдсаны үр дүнд өдгөө ирээдүй нь тодорхойгүй болчихоод байна. БРЕКСИТ-д сайн зүйл огт байхгүй.
 
 
 
Английн консерватив улстөрчид ард түмэндээ урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хууртсан. Тэд худал хэлээгүй бол ийм зүйл болохгүй байсан. Их Британи мөрийтэй тоглоомч, худалч, хайхрамжгүй алиалагч, тэдний цалинтай хөгжөөн дэмжигчдэд олзлогджээ” гэжээ.
 
 
 
Их Британийн сэтгүүлчид Бломын нийтлэлийнх хариуд “Тэр бол шударга ёс, баримтыг байнга уландаа гишгэдэг” хэмээн бичиж байлаа. Мөн “БРЕКСИТ-ийн ард нуугдсан бүрэн эрхт байдал нь үндсэндээ үлгэр домог хэвээр үлджээ. Энэ дөрвөн жил европчууд болон британичуудад бие биенээ хэчнээн бага мэддэг байсныг харуулсан. Их Британид юу болсныг урьдчилан таамаглах, заримдаа тайлбарлах нь бидэнд хэцүү байсан” гэж Францын “Роберт Шуман” сангийн ажилтан Жан-Доминик Жулиани үзсэн байдаг. Германы түүхч Хелене фон Бисмарк БРЕКСИТ-ийг Британийн популизмын брэнд гээд “Түүх, газарзүй, соёл, хэл, уламжлал нь тухайн ард түмний мөн чанарыг бүрдүүлдэг. Ард түмэн, муж улсууд бие биенээсээ бүрмөсөн ангижирч, “Хяналтаа буцааж авна” гэдэг нь харилцан хамааралтай ертөнцийн бодит байдлыг үл тоомсорлодог үндсэрхэг, популист уриа. Манай түнш Британийн хүч энэ үеэс суларч эхэллээ. “Британи популизм” бол үзэл суртал биш улс төрийн арга” гэж тодорхойлжээ. Фон Бисмарк энэ аргын хоёр гол элементийг нэрлэсэн байна.
 
 
 
Тэрбээр “БРЕКСИТ, цар тахал эсвэл шилжин суурьшилт гэх мэт маш нарийн төвөгтэй асуудлыг сэтгэл хөдлөл, хэт хялбарчлах нь буруу. Популистууд өөрсдийн үйлдлээ хууль ёсны болгож, дутагдлаас зайлсхийх бодит эсвэл төсөөллийн дайснуудаас хамааралтай байдаг” гэсэн байна.
 
 
 
Хамгийн их анхаарал татсан зүйл бол Их Британид ноёрхож байсан улс төр хэрхэн дэлхийн геополитикийн бодит байдлаас салах явдал. Энэ бол өчигдрийг чиглэсэн улс төрийн алсын хараа юм. Брюсселиэс салсны дараа Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Төгсгөл биш шинэ эриний эхлэл ирж байна” гэсэн юм. Харин Европын парламентын дарга Дэвид Сассоли “45 жилийн хамтын ажиллагааны дараах энэ шийдвэр нь багагүй түвэгтэй хэлцэл боллоо. Бид Их Британитай найрсаг харилцаагаа үргэлжлүүлнэ. Гэхдээ ашиг сонирхлоо өрсөлдөөнч биш замаар хамгаална” гэжээ.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин