sonin.mn
Цар тахал дэгдэж нийтээрээ хөл хорионд ороод байгаа энэ үед байгаль дэлхий зарим талаараа сэргэж байна. Хүний хүчин зүйлээс хамааралтай үйл ажиллагаа багасахын хэрээр байгальд зарим эерэг үр дүн гарч буй юм. Зарим төрлийн ан амьтдын нутгийн хамрах хүрээ өргөжиж, тоо толгой нь нэмэгдсэн эерэг мэдээ гарах боллоо. Түүнчлэн олон жил хүсэн хүлээсэн ажлын үр дүн эхнээсээ гарч, сайн мэдээ дуулгаад байна. Тухайлбал, эрдэмтдийн мэдээлж буйгаар Антарктидын өмнөд Жоржиа арал орчмын усанд сүүлийн жилүүдэд олноор устсан цэнхэр халимны тоо толгой 41-т хүрээд байгаа аж. Энэхүү бүс нутагт XX зууны эхээр 3000 гаруй цэнхэр халимыг агнуурын оргил үед устгасан мэдээ байдаг. Эрдэмтэн, судлаачдын үзэж буйгаар тус арал орчмын ус нь халимны идэш тэжээл элбэг учраас цэнхэр халимны тоо толгой ийнхүү өсөж байгаа гэнэ.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин