sonin.mn
Хүн болгон өөрийн гэсэн хоббитой. Тэр ч бүү хэл, зарим нь хоббидоо хөтлөгдөн олон жилийн турш арвин цуглуулгыг бий болгодог. Тэдгээр цуглуулагчдын нэг бол Чингис хаан, Их Монгол Улсын талаарх сэдвээр 2014, 2015, 2016 онд эх орондоо, 2017 онд ӨМӨЗО-ны бүх хотод маркны үзэсгэлэнгээ гаргасан чөлөөнд байгаа ахмад Д.Ганхүү юм. 
 
Анх хэзээнээс марк цуглуулж эхэлсэн бэ? Яагаад таны сонирхлыг татах болов?
 
-Би хуучнаар ЗХУ-д Хилийн цэргийн дээд сургуулийг төгсөөд Баян-Өлгий аймгийн Хилийн отрядад маневрын ротын салааны даргын албан тушаалыг хашиж байгаад 1993 онд бэлтгэлээр халагдсан. Тухайн үед Н.Сүхбаатар гэх алдартай цуглуулагч хүн байсан. Марк, тэмдэг, эд хэрэглэл зэрэг янз бүрийн цуглуулгатайгаас гадна өөрөө их гарын ур дүйтэй хүн учир олон төрлийн бэлэг, дурсгалын зүйлийг бүтээдэг байв. Монгол Улс 1990 онд зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэмд шилжин Чингис хаантай холбоотой бүхий л зүйл хаалттай байсан цаг үе дуусахтай зэрэгцэн тэрээр Чингис хаанаар сэдэвлэсэн маркны үзэсгэлэнг гаргасан. Тэгэхдээ уг үзэсгэлэнд орсон материалууд нь харьцангуй бага байсан ч анх удаа маркны үзэсгэлэнг үзсэн надад маш сонирхолтой санагдсан юм. Тэр цагаас хойш марк цуглуулах хоббитой болсон доо. 1990-ээд оны дунд үеэс манай оронд Чингис хаантай холбоотой олон төрлийн марк, ил захидал гарч миний цуглуулга ч тэр хэрээр нэмэгдэж байв. Тэгэхдээ ганц Чингис хааны сэдвээр дагнаж маркаа цуглуулаагүй. Бусад цуглуулагчтай адил Монгол Улсад үйлдвэрлэгдэж байсан бүх цаг үеийн маркийг цуглуулж эхэлсэн. 2000-аад оны эхээр цуглуулга маань нэлээд арвижсан байв. Тэр үед надад нэгэн санаа төрсөн нь Чингис хаан болон түүний үр, ач нар болох Өгөөдэй, Хубилай, Мөнх, Бат хааны холбогдол бүхий марк, уран зураг, дурсгалын зүйлсээр үзэсгэлэн гаргавал яадаг бол гэсэн бодол байв. Тэгээд л дээрх хаадтай холбоотой бүхий л зүйлсийг цуглуулж эхэлсэн. Гол нь тэр үед би Их Монгол Улсын талаар судалж, мэдсэн зүйл хомс, зүгээр л тэр л сэдэвт хамаарах бүхий л зүйлсийг цуглуулъя гэсэн хөнгөхөн бодолтой байсан хэрэг. Дараахан нь өөрийн цуглуулсан маркуудаар дэлхийн хэд хэдэн оронд үзэсгэлэн гаргаж байсан хүнтэй уулзаж Их Монгол Улсаар сэдэвлэсэн үзэсгэлэн гаргах талаар зөвлөгөө авъя гэж бодоод туслалцаа, дэмжлэг хүслээ. Тэрээр надад "Хэрэв үзэсгэлэн гаргахыг хүсэж байгаа бол зөвхөн "Монгол шуудан" компаниас гарсан ил захидал, дугтуй, марк хүчин төгөлдөр болохоос биш хувийн компанид үйлдвэрлэсэн янз бүрийн зүйлс ордоггүй юм. Чиний цуглуулсан зүйлсээс хэдхэн нь л шаардлагад нийцэж байна. Тэгэхдээ чиний санаа чинь маш зөв" гэж хэлсэн. Тэр цагаас хойш би маркийг дан ганцаар биш иж бүрдлээр нь цуглуулах нь илүү үнэ цэнтэй юм байна гэдгийг ухаарч зөвхөн улсын үйлдвэр, байгууллагад үйлдвэрлэгдсэн марк, ил захидал зэргийг цуглуулах болсон. Энэ байдлаар цуглуулгаа баяжуулсаар Их Монгол Улсын тухай сэдэвлээд хэд хэдэн удаагийн үзэсгэлэн гаргасан. 
 
 
Цуглуулагчид дан ганц марк цуглуулдаггүй гэдгийг ойлголоо. Маркнаас гадна ямар материалуудыг нэг сэдэв болгож цуглуулдаг вэ? 
 
-Ер нь маркийг ямар нэгэн сэдвээр багцалж цуглуулах нь хамгийн үнэ цэнтэйгээс гадна хүнд цогц мэдлэгийг өгөх боломжтой учир сонирхолтой цуглуулга болж чаддаг. Нэг сэдэвт багцалъя гэвэл тухайн сэдвийн хүрээнд гарсан марк, ил захидал, анхны өдрийн дугтуй, дугтуйн дээр шуудангаар илгээгдсэнийг нь батлах тамга, зураачийн эх зураг, эх зургийг зурж байхад гарсан загварууд байвал бүр сайн. Дээрээс нь алдаатай гарсан загварууд олдвол бүр ч үнэ цэнтэйд тооцно гэсэн үг. Мөн маркийг шүдтэй, шүдгүй гэж хоёр ангилдаг. Заримдаа аль алинаар нь ч үйлдвэрлэдэг. Тэр болгоныг нийлүүлэн нэг сэдэвт хамаатуулан цуглуулдаг учиртай.
 
Чингис хаан, Их Монгол Улсын тухай сэдвээр хэд хэдэн үзэсгэлэн гаргаж байсан гэлээ. Ер нь ийм төрлийн марк хэзээ анх гарч байсан юм бол ...
 
-Анх манай оронд 1962 онд Их Монгол Улсын сэдвийн хүрээнд Цагаан туг, Гэрэгэ, Чингисийн чулууны бичиг болон Чингис хааны хөргөөр зохиомжилсон дөрвөн төрлийн марк гарч байсан. Тухайн цаг үед энэ талаар марк гаргах нь битгий хэл, дурсах ч хориотой байсан шүү дээ. Гэвч тэр үеийн эх оронч сэтгэлгээтэй нам, засгийн удирдлагууд энэ сэдвээр марк гаргах талаар хоорондоо зөвшилцөлд хүрч марк, анхны өдрийн дугтуй, ил захидал зэргийг үйлдвэрлэж байсан. Гэтэл дараахан нь ЗХУ-аас энэхүү ажлыг нь бүрэн эсэргүүцэж үйлдвэрлэсэн бүх материалаа устгахад хүрсэн гэдэг. Гэвч цөөн тооны марк, анхны өдрийн дугтуй, ил захидал ард олны дунд хадгалагдан ирснийг би олж аван өөрийн цуглуулгад багтааж чадсан юм. Нэмээд эх зурагны загвар, эх зургийг нь хүртэл олж авсан. Харин 1990-ээд оноос хойш өнөөг хүртэл Их Монгол Улсын сэдэвтэй марк ихээр гарах болсон.
 
Маркны үнэ цэн юунд оршдог вэ, мөн Монгол Улсын түүх, соёлд ямар ач холбогдолтой вэ?
 
-Марк бол тухайн орны түүх, соёлын “толь” байдаг. Марк болгон өөр өөрийн түүхийг өгүүлдэг. Өөрөөр хэлэхэд, маркийг зүгээр ч нэг дур мэдэн гаргадаггүй. Заавал түүхэн ойн өдрүүдийг тохиолдуулан шинээр бүтээдэг. Гаргах бүрдээ маш олон төрлийн судалгаа, шинжилгээ хийж, янз бүрийн учир холбогдолтойгоор тухайн маркны зургийг зурдаг. Энэ талаар судлах тусам улсынхаа түүх, соёлын талаар мэдлэгийг олж авдаг ач холбогдолтой. Орчин үед залуучууд маркийг ихээр сонирхож, цуглуулдаг болсон байна. Үүнд би баярлаж явдаг. Энэ бол үр хойчдоо соёлыг үлдээж буй явдал. Нэг ширхэг маркны зураг маш их түүхийг өгүүлж чаддагаараа онцлог. Анх хэн, ямар түүхийн холбогдлыг тусган үзүүлэхийг зорьж энэ бүтээлийг туурвисан бэ гэдгээс нь эхлээд судлах тусам сонирхол татдаг. Би цуглуулгаа аль болох олон хүнд хүргэхийг зорьдог. Эхнэр маань ч гэсэн надтай адил цуглуулагч. Бид эх орныхоо түүх, соёл, уламжлалыг харуулсан марк, тэмдэг, мөнгөн тэмдэгтийг цуглуулдгаараа үргэлж бахархдаг.
 
Танай гэр бүл цуглуулгаа тоолж үзсэн үү? Яаж баяжуулдаг вэ?
 
-Цуглуулагчид өөрсдийн цуглуулгаа тоолдоггүй. Зүгээр л сэдвийнх нь хүрээнд багцалдаг. Монголд үйлдвэрлэгдсэн нийт маркийг 100 хувь гэж үзэхэд 97 хувь нь бидний цуглуулгад бий. 1924 онд Ардын засгийн газрын түшмэл Бат-Очир гэдэг хүний санаачилгаар “марзан” Б.Шарав зургийг нь зуран хэвлүүлсэн “Элдэв-Очир” нэртэй марк нь манай орны хамгийн анхных гэж тооцогддог. Түүнээс хойш нийт 1064 сэдвийн марк гарсан. Тэдгээрээс 20 хүрэхгүй сэдвийн марк л бидний цуглуулгад байхгүй. Ерөнхийдөө 1958 оноос хойш гарсан бүх маркийг цуглуулсан гэж хэлж болно. Бид “Монгол шуудан” компаниас шинээр гаргасан маркыг цаг алдалгүй худалдаад авчихлаа гэж бодоход өөрт байхгүй ховор марк болон тэр сэдэвт багтах бусад материалыг олж авах хэцүү. Заримдаа ерөөсөө олдохгүй үе гарна, олдохдоо асар өндөр үнээр олдоно. Тэр үед мөнгөө харамлалгүй худалдаж авахыг л боддог доо.
 
Залуу цуглуулагчдад юу гэж захих вэ?
 
-Залуу хүн аливаа зүйлийг шимтэн судалдаг байх ёстой. Тэр тусмаа Монгол Улсынхаа баялаг түүхийг мэддэг байх хэрэгтэй. Миний хувьд маркаар дамжуулан соёл, уламжлалынхаа талаар судалдаг шиг залуучууд ямар нэгэн цуглуулгатай болж үүгээрээ гадаадын олон улс оронд үзэсгэлэн гаргаж, эх түүхээ бусдад таниулах хэрэгтэй л гэж захимаар байна. Марк бол тусгаар тогтносон улсын бэлгэ тэмдэг. Монгол гэдэг тусгаар улс байдаг юм шүү гэдгийг тив, дэлхийд мэдрүүлэх хэрэгтэй.
 
 
Дэд ахлагч Т.ИДЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин