sonin.mn

Н.Энхбаярын биеийн байдал ямар байгаа талаар анагаах ухааны доктор, хүний их эмч А.Нота доорх мэдээллийг өглөө. Тэрээр ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангийн удирлагуудын хүсэлтийн дагуу Н.Энхбаярын биед үзлэг хийсэн юм. А.Нота “Н.Энхбаярын биед үзлэг хийхэд тархи нь жаахан доргилттой, цусны даралт , 110/80-тай, судасны цохилт 64 орчим, хэм жигд, артерийн даралт 110/80-тай, зүрхний авиа жигд, тод, уушги цулцангийн амьсгалтай, үс маш их унаж байсан.

 

Мөн зүүн талын зулай няцарсан, бүсэлхийн нуруу нугалмын хоорондох жийргэвчийн гаралт бүлтийж гараад тэр орчмын мэдрэлийн судлууд язгуурыг цочроосон шинжтэй байсан. Үүнээс гадна баруун талын мэдрэлийн үйл ажиллагаа муудсан байсан. Энэ шинж тэмдэг нь баруун талын тавхай татаж илэрч байсан. Н.Энхбаяраас сэтгэл санааны хувьд хэр тогтвортой байна гэж асуухад “Ерөөсөө тайван байхаа болилоо. Тайван байя гэхээр болж өгөхгүй юм” гэж хариулсан.


Үзлэгээ дууссаны дараагаар хорих ангийн ерөнхий эмчийнх нь өрөөнд ороод Н.Энхбаярын байгаа байдал ухаан алдаж унасан бичлэгийг үзсэн үү гэхэд “Үзсэн. Номоо барьж зогсож байгаад гэнэт арагшаагаа нумарч татаад толгойгоороо нэлээд хүчтэй унасан. Хэсэг хугацааны дараа дахиад нумарч татсан бичлэг байсан” хэмээн хариулсан. Ухаан алдсан шалтгаан нь өлсгөлөнгийн дараахь тархины үйл ажиллагааны доройтлоос болж таталт өгсөн болов уу гэж бодож байгаа. Даралт буураад ирэхээр хүн муужирч унадаг.

 

Энэ хүний уналт ийм ухаан алдалт биш. Тэгэхээр өлсгөлөнгийн дараахь гиперкатаплизм, инцоплапатигаар хүндэрсэн. Үүнээсээ болж уналт өгсөн гэж бодож байгаа. Өлсгөлөнгийн дараахь гиперкатаплизм гэдэг нь бүх эд эрхтэн нь эсээ алдаад байна гэсэн үг юм. Учир нь Н.Энхбаярын арьс даавуу шиг сунаад байгаа юм. Ерөнхийдөө өлсгөлөн зарласны дараа эмчилгээ хийх маш төвөгтэй байдаг. Алгуурхан тайван нөхцөлд эмчилгээ хийхгүй бол болдоггүй” гэсэн мэдээллийг өглөө хэмээн МАХН-ы хэвлэлийн албанаас мэдээллээ.