Шүүх бол засаглал, уг нь. 1992 оны, одоо мөрдөж буй Үндсэн хууль дахь засаглалын ойлголтоор шүүх эрх мэдлийг ийн өргөмжилсөн.
Өөрөөр хэлбэл, Монголын төр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн засаглалын тулгын гурван чулуутай. Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд “...Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, “...Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, “...Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна” гээд заачихсан.
Нэг үгээр хэлбэл, шүүх нь УИХ-тай, Засгийн газартай тэнцэхүйц хэмжээний эрх мэдэл юм. Гэвч шүүхэд засаглалын зангараг алга болчихсон. Шүүх яагаад ийм байдалд хүрсэнтэй холбоотой олон талын дүгнэлтүүд байдаг. Улс төр нөлөөлдөг. Шүүх байгууллага, шүүгч нар ч тэр нөлөөллөөс ангид байж чаддаггүй. Бас шүүгч нарын ёс суртахуун, итгэл үнэмшлийн үнэ цэнэ засаглалаа унагахад нэлээд жин дардаг. Энэ талаар 2020 онд Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байсан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Т.Мөнх-Эрдэнэ itoim.mn мэдээллийн сайтад ярихдаа “...Шүүхэд итгэх иргэдийн итгэл, хараат бус шүүхийн асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулиар иргэдийн үндсэн эрх болж баталгаажсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн хэн бүхэн хараат бус, шударга, итгэл дүүрэн шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх үндсэн эрхтэй. Шүүхэд итгэх иргэдийн итгэл сүүлийн жилүүдэд нэлээд буурч байгаа талаар энд тэндгүй их ярьж байна. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байх магадлалтай.
Нэгдүгээрт, шүүгчдийн дотоод хараат бус байдал алдагдсанаас үүдэж байна.
Хоёрдугаарт, шүүхийн нээлттэй, ил тод ажиллагаа дутмаг байдлаас үүсч байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл шүүх хэдий чинээ иргэдэд нээлттэй үйлчилж чадна төдий чинээгээрээ иргэдийн шүүхэд итгэх итгэл сэргэнэ.
Тэгэхээр шүүхийн байгууллагууд, иргэд, хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллагууд хаа хаанаа шүүн таслах ажиллагааг иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээ юм шүү гэдэг ухамсар сэтгэлгээнд суралцах ёстой” гэсэн. Ер нь бол шүүх засаглал үүргээ хэрхэн, ямар дүнтэй гүйцэтгэж байгаагийн хамгийн том илэрхийлэл нь иргэдийн шүүхэд итгэх итгэл юм. Шүүх засаглахуйн тулах цэг нь энэ гэхэд болно. Тиймээс ч улстөрчид шүүхтэй холбоотой хуулиудад гар хүрэхдээ, шүүхийнхэн өөрсдийн эрх зүйг дээрдүүлэхдээ “Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд...” хэмээн бамбай хийдэг. Юу үнэн, энэ үнэн. “...Шүүхэд итгэх итгэл” гээчээр улстөрчид ч, шүүхийнхэн ч “улс төр” хийдэг гэсэн үг. Гэтэл нөгөөх “итгэл” улам суларсаар...
Тухайлбал, 2019 онд өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалд “...Хуулийн төсөл батлагдсанаар ...иргэний шүүх эрх мэдэлд итгэх итгэл сэргэж, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрх хангагдана” гэж байгаа юм.
Мөн ШЕЗ-ийн даргын 2017 оны тушаалаар “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” сэдэвт олон нийтийн санал асуулгыг жилд хоёроос доошгүй удаа явуулдаг болсон. Лав тэр намар нь ШЕЗ-өөс уг судалгааны дүнг танилцуулахдаа “...Иргэдийн 63.1 хувь шүүхэд итгэдэг гэсэн үзүүлэлт гарлаа. Шүүхийн шинэтгэл эхлэхээс өмнөх 2007 оны судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэл 30 орчим хувьтай байсан. 2015 оны байдлаар 60-80 хувь болж өссөн. Мөн иргэдийн 47.4 хувь нь “...Шүүх шинэчлэгдэн сайжирч байгааг мэдэрсэн” гэсэн хариулт өгсөн” гэж байв. Гэсэн хэдий ч үүний дараа шүүгч нар, тэр дундаа ШЕЗ-ийн дарга нь “...Иргэдийн шүүхэд итгэл итгэл сайжраагүй” гэдгийг хүлээн зөвшөөрсөн яриаг хэвлэлүүдэд өгсөөр байгаа юм. ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж 2019 онд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “...Хуулийн байгууллагад шинэчлэл цогцоор хийгээгүйн улмаас эрүүдэн шүүлт үргэлжилсээр, түүнийгээ нуусаар байсан. Тэр ил болонгуут хамтдаа бүгд унасан. Шүүх би хийгээгүй, цагдаа хийсэн гээд яах юм. Түүний цуглуулсан нотлох баримтыг үнэлж хэрэг шийддэг биз дээ. Ийм л юм боллоо. Үүнээс болж хууль шүүхийн байгууллагад итгэх ард түмний итгэл алдарлаа. Эцэст нь улсын үндэс ганхаж байна” гэсэн. Ажлаа өгснийхөө дараа, 2021 онд мөн л тус сонинд “...Шүүх бие даасан эрх мэдэл болж чадаагүй байгаа. Эдийн засгийн хараат бус байдал арилаагүй үед шүүх эрх мэдэл болохгүй. Иргэдийн шударгаар шүүлгэх эрх бүрэн хэрэгжихгүй шүү” гэсэн. Мөн “...Шударга ёсыг ганц шүүх тогтоодог юм биш. Тэгж андуурч, булзайруулж, бултуулж болохгүй. Шударга ёсны тухай хамгийн их судалж, сургаал айлдсан цор ганц хүн бол Аристотель. Шударга ёсны талаарх ном зохиолыг судлахад түүний сургаалыг давсан нь нэг ч байхгүй. Харин ч түүн дээр л эргээд бууж байх жишээтэй. Аристотель шударга ёсыг эцсийн эцэст хуваарилалтад оршдог, түүгээр илэрдэг, хэмжигддэг гэсэн шүү. Гэтэл Монголд хуваарилалтын шударга ёс шиг алдагдсан зүйл байхгүй. Ард түмэн үүнийг мэддэгүй. Ард нь хуваарилагчид шударга бусын хонгил барьж суух жишээтэй” гэж ярьсан байгаа юм.
ШЕЗ-ийн шинэ дарга Р.Онончимэг ч сар хагасын өмнө gogo.mn мэдээллийн сайтад “...Бид нэг л зүйлийн төлөө зорьж байна. Тэр нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгох. Шүүх хүний зөрчигдсөн эрхийг л хамгаалах гээд байгаа шүү дээ. Үүнийг яаж зөв, ойлгомжтой байлгах вэ гэдэг ажил чухал байна” гэж ярьжээ.
Түүнчлэн Дээд шүүхээс 2023 оны гуравдугаар сарын 2-нд иргэн С.Эрдэнэд зориулж мэдэгдэл гаргажээ. Түүндээ “...Дээд шүүхийн шүүгчдийн талаарх энэхүү худал мэдээлэл нь жилд нэг зуун мянган хэрэг маргаан шийдвэрлэж, иргэдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг шүүх засаглалд итгэх иргэдийн итгэлийг үгүй хийх... явуургүй, бусармаг, хорон үйл ажиллагаа болно” гэжээ.
Үүнээс гадна манай шүүх засаглалд дэмжлэг үзүүлж, элдэв төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг гадныхан ч энэхүү “иргэдийн итгэл”-тэй холбоотой асуудлаар үнэлгээ, зөвлөмжөө өгч байдаг.
Тухайлбал 2022 оны аравдугаар сарын 21-нд Монголын шүүгчдийн холбооноос “Шүүгч ба олон нийт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тэр арга хэмжээнд АНУ-ын давж заалдах шатны дөрөвдүгээр тойргийн шүүгч Жэймс Эндрю Винн оролцжээ. Тэрбээр “...АНУ болон Монгол Улсын хувьд адилхан ардчилсан тогтолцоотой. Гэхдээ хоёр улсын иргэдийн шүүхэд итгэх итгэл харилцан адилгүй байна. АНУ-ын хувьд иргэд нь шүүхдээ итгэдэг. Гэхдээ манай улс одоогийн шүүхийн тогтолцоог бий болгох гэж багагүй хугацааг зарцуулсан. Тиймээс Монгол Улс иргэдийн итгэлийг олохын тулд хугацаа шаардлагатай байна гэж харж байна. Монгол Улсын иргэд шүүх шударга шүүнэ гэдэгт итгэдэг байх хэрэгтэй. Тиймээс бусдын халдлагад автахгүй байж иргэдийн итгэлийг олох чухал юм. Шүүхийн сахилгын асуудал, ажлаа нэр хүндтэйгээр хийхийн тулд шалгах ажиллагааг чөлөөтэй явуулж, бодит нотолгоогоор шийдэх нь чухал. Аль ч улсад шүүхийн тогтолцоонд улс төрийн нөлөө бий. АНУ-ын шүүхийн үйл ажиллагаанд ч бас улс төрийн нөлөө байдаг. Тиймээс шүүгч бусдын нөлөөнд автахгүй байж иргэдтэй ойлголцох нь хамгийн чухал юм. Мөн прокурор, улстөрч нотолгоо байна гэж шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх гэж оролддог. Тиймээс нөлөөнд автахгүй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг олох арга зам” гэсэн байдаг.
Үнэхээр ч ШЕЗ-ийн үе үеийн дарга нар, гадаад дотоодын экспертүүдийн хэлээд байгаачлан шүүх засаглалын гол хэмжүүр болох иргэдийн итгэлийг олж авах нь чухал. Гэвч энэ тал дээр амжилтгүй байгаа нь үнэн аж.Энэ нь улам бүр нотлогдож байна. Монголын томоохон судалгааны байгууллагуудын хамгийн сүүлийн судалгаагаар “..Шүүхэд итгэдэг үү” гэсэн асуултад оролцогчдын 90-94 хувь нь “...Тааруухан”, эсвэл “...Үгүй” гэж хариулжээ. Арван хүний ес нь ийм хариулт хэлсэн гэсэн үг. Мөн уг судалгаагаар шударга ёсны хүсэмжлэл эрс нэмэгдсэн дүн гарчээ. Бас “...Авлигын хэрэг илрэхэд шүүх саад болдог” гэж оролцогчдын 51 хувь нь хэлсэн байна. Энэ маш ноцтой. Судалгааны байгууллагуудын ийм дүгнэлт тун удахгүй нийтийн хүртээл болох гэж байна. Угаасаа 2021 оны “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгаагаар авлига хамгийн их тархсан институцийн хоёрдугаарт шүүх гарч ирсэн. “Максима” судалгааны байгууллагын саяхны “Шүүх, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаан дахь авлигын түвшин болон тэдгээрийн авлигын чиглэгдсэн байдлын үнэлгээ”-гээр шүүх, хууль хяналтын байгууллагын авлига бусад уул уурхай, ашигт малтмалын салбар руу хамгийн өндөр буюу 4.38 үнэлгээний үзүүлэлттэй гарсан байна.
Шүүхийн ийм байдал нь явсаар авлигын индексийн уналттай ч шууд холбогдож таарна. Ер нь монголчууд яагаад шүүх засаглалдаа итгэхээ больчихсон бэ. Шүүхэд итгэх итгэл ямар учраас жилээс жилд унаад байгаа вэ. Өөрөөр хэлбэл, иргэдийн 90, түүнээс дээш хувь нь ямар учраас “...Шүүхэд итгэхгүй” гэх болсон бэ. Яг үнэндээ энэ бүхний хариулт болчихоор жишээнүүдийг бид байнга л сонсож байдаг.
Тухайлбал, олон нийтийн сүлжээг шуугиулаад авсан нэг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны гуравдугаар сарын 6-нд шийдэж, дахиад л шуугиулав. Иргэн М нь 2022 оны аравдугаар сарын 10-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Landcruiser-200” автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг зөрчсөн. Үүний улмаас замын урсгал сөрж, долоон автомашиныг мөргөсөн. Мөн явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Энэ хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснааряллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Харин шүүх иргэн М-д автомашин жолоодох эрхийг нь гурван жил, зорчих эрхийг нь хоёр жилээр хасах шийтгэл оноосон байна.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү уг хэргийн шийдвэрлэлтийн талаар “...Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” тухай хүсэлт зэргийг харгалзан түүнд гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв. Мөн хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.7 сая төгрөгийг гаргуулан ЭМДЕГ-т олгох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах хохирлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв” хэмээн тайлбарлалаа.
Хэдийгээр шүүх хуулиа барьж шийдвэр гаргасан гэсэн ч уг хэрэг буюу 12 настай хүүхдийг ноцтой гэмтээсэн нь тухайн үедээ нийгмийн анхааралд орсон. Мөн иргэн М нь автомашин жолоодох эрхгүй талаар хэвлэлүүд, эх сурвалжууд мэдээлж байв. Гол нь энэ мэтээр нэгэнт ил болсон хэргийн шийдвэрлэлтэд иргэд эргэлзэж үлддэг нь нөгөөх итгэлийг үгүй хийхэд нэмэр болдог нь нууц биш юм.
Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны дүүгээс баахан мөнгө туучихсан гэх “Засагчандмань” компанийн захирал Д.Буянтогтох өдгөө Америкт амьдарч байна. Түүнийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байхад нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун хилийн хоригийг нь цуцалсан. Энэ шийдвэрийн маргааш нь Д.Буянтогтох Америк руу ниссэн гэх мэдээллийг хэвлэлүүд нийтэлсэн байна. Гэхдээ түүнийг “Шувуу” ажиллагааны хүрээнд эх оронд нь авчрах бололтой. Хууль зүйн сайд Х.Нямбаатарын зарласан 92 “шувуу”-ны жагсаалтад Д.Буянтогтох байгаа юм. Нэг үгээр хэлбэл, зарим хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд шүүгчийн ийм үйлдэл шууд нөлөөлөл үзүүлдэг гэдгийг холбогдох байгууллагууд шууд хэлдэг. Энэ нь дахиад л иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бууруулж байдаг юм.
За тэгээд, Салхитын мөнгөний ордыг булаацалдсан хоёр хятадын талд насаараа шүүгчээр ажилласан хүмүүс ажиллаж байсан. Хоёр талд хоёуланд нь шүү. Энэ хэрэг эмгэнэлтэйгээр дууссан. Нэмээд баахан шүүгч холбоотой болох нь илэрч, зарим нь ял шийтгэл эдэлсэн. Дээд шүүх Сангийн сайд асан Б-гийн хэрэг дээр хүчингүй болсон хууль ашиглаж, тусгай санал гаргах замаар “хэрэгсэхгүй” болгосон.
Энэ асуудал Цэц дээр “шүүгдэх” гэж байна. Хэдэн сарын өмнө, улстөрч, бизнесмэн, шүүгч гурав хамт сууж байгаад бусдыг дарамталсан гэх мэдээлэл ч хэвлэлүүдээр нийтлэгдсэн. Эдгээрээс гадна шүүхийн боловсон хүчний томилгоо гэдэг зүйл маш их асуудал дагуулна. Шулуухан хэлэхэд, шүүхийн сүүлийн үеийн томилгоог нүүрсний хулгайд ямар нэг байдлаар холбоотой улстөрчид, улс төртэй холбоотой нөхдүүд хийдэг болжээ. Ийм томилгоогоор хэн хэн хаана очсон нь ч нууц биш. “...Монгол жижигхэн” гэж бид ярьдаг даа. Цөөхүүлээ болохоор хэн маань хэнтэй хамааралтай, хаана хэнийгээ “түрээд” явж байна вэ гэдгийг бүгд л мэдэж байдаг. Энэ талаарх баримт фактууд удахгүй сөхөгдөхөөр болоод байна.
Ингээд жишээ баримтуудыг дурдаад байвал дуусахгүй. Товчхондоо, зарим хүний зарлаад, яриад байдагчлан “...Шүүх гэмт хэргийн бирж болчихсон уу” гэх хардлагыг нийгэмд төрүүлээд байна. Хардах шалтгаан ч энэ мэтээр хангалттай байгаа юм.
Тэгэхээр шүүх жинхэнэ утгаараа засаглах гарцыг олох нь чухал болоод байна. Гарц ч гэж дээ, цагаан дээр хараар бичсэн хуулийг хэрэгжүүлж, шүүгч нар нь ёс зүйтэй, тангарагтаа үнэнч байх ёстой. Бас “ашиг сонирхол”-той улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүд шүүгчийн томилгоонд оролцдог, томилгоогоор нь барьцаалдаг явдлыг халах учиртай. Ингэж л энэ мухардлаас гарна гэдгийг учир мэдэх хүмүүс яриад эхэллээ дээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл(35)
Шүүх бол бүр худлаа!!!! Би хилс хэрэгт таван жил хэлмэгдэж бүх шатны шүүгч нарт гэр орноо зарж хэдэн зуун саяыг өгч салсан. Нийслэлийн шүүхийн дарга сарантуяа эмгэнд зуу гаран сая төгрөг төлсөн!!!! элбэгдорж эрдэнэ нарын бууны нохойнууд шүүгч нар байсан 2009-2014 он.
Тэмцдэггүй ард түмэн мөхөж урсдаггүй гол ширгэдэг жамтай гэдгийг ойлгоорой үхэрүүдээ.
Иргэн Б гээд байгаа нь Баярцогт шүү дээ. Хүчингүй болсон хуулийн заалт ашиглаад Дээд шүүхийн 2 гишүүн санал гаргаж, хуралдаад дахин мөрдөн байцаалтад буцаасан байгаа. Түүнийг нь хонгилын прокурор нь хүлээж аваад хэрэгсэхгүй болгосон. 3 шатны шүүхээр орчихсон ялаа эдэлж байсан хэргийг задалсан 2 дахь тохиолдол. Ийм хэрэг болчоод байхад байж л бна.
Элбэгдоржийг ал ал миний хөгшин. Чамайг баатар болгож хойч ирээдүй дурсах болно.
Итгэхгүй 99.99% гэж ойлгоорой. Төрд бас итгэж болохгүй нэг тэрэгний хоёр дугуй.
Manai shuuh yaduust haltai deedest eeltei shuu dee
Shuuh bol tur zasgiin erh.medeltend l uilchildeg.Jiriin irgen hun yaj helmegdej hohirch bgaag toohchgui.Turiin ner barisan hulgaichuud buhel buten uurhai zarj ah duugeeree bayjij bhd.MUiin buh altiig gantsaaraa gadagshaa zarj bhd.HBnii hulgaichuud gj ah duu amrag sadan n ner holbogdson bhd nerlej duugarch chaddaggui.Nasaara turd ajillaad orlogoos davsan hurengetei ilt hulgaich bhd.Jiriin ergen uzel bodloo ilerhiileed emhii shorond eruul mend setgel sanaa ali bugdiigee baraad suuj bhd MUiin shuuh erh medel.darga nariin tald l zogsoj bdg.Delhiid bhgui hudalch.avilgalch shuuhtei.MUiin EK n ter bdliig huleen zuvshuurch bgaatai agaar neg.Eerchlelt.shinechlel.hariutslaga yrihgui.Ard tumnee darlasan.zovooson shuuh.
Шүүхийн мафид итгэхгүй
Засаг уг нь юм хийгээл бгаа. Шүүх дээр очоол замхарчихдаг, зориуд ажлыг нь унагах гэж тэгдэг юм уу, эсвэл авлигын хэргүүд үнэхээр шүүгчдэд мөнгө хийх сайхан боломж болоод тэр хавиараа сайхан найралчихдаг юм шиг бгаан. Хүмүүст ер нь бол Оюун-Эрдэнэ баахан сүржигнэсэн хэрнээ хэнтэй ч хариуцлага тооцож чадахгүй бна л гж ойлгогдож байна
Шүүгчдийг хууд нь солъё гэвэл бас боломж бий. УИХ дээрээ яриад хууль гаргаж байгаад шийдэж болно шүү дээ. Ерөнхийлөгч нь бна. шууд шийдэх эрх мэдэл нь бна. Болохгүй байгаа хүнийг сольж байж л ажил явдаг.
ХУЛГАЙЧ АВИЛГАЧ НАРТ ХЭН ЮУ ГЭЖ ИТГЭХ БИЛЭЭ ДЭЭ. ДЭЭД АЛБАН ТУШААЛЫНХНЫГ ШҮҮЖ ХАРАГДААЧ, ШҮҮГЧ ГЭХ МАНУУХАЙ НАР,
Өөрсдөө сонгосон УИХ- даа итгэхгүй байхад нүүр танихгүй шүүхэд итгэх үндэс байхгүй.
Нарийн яривал эх орны баялгийг гадагшаа гарган баяжиж байгаа талаар гадны олон хэвлэл нэр заан бичигдээд байгаа ЕС бсан Сү.Батболд, С.Баяр, за тэгээд Баярцогт,... ХБ-ны хэрэгт оролцогсод, Мазаалай фонд... тендэр, ЖДҮ... гээд замбараагүй болсон шүү дээ. Хариуцлагаа хүлээж хуулиар шийдвэрлүүлсэн нь хэд байгаа юм бэ бүү мэд. Иймэрхүү л дүр төрхтэй төртэй.Шүүхэд итгэдэггүй ээ.
Шүүхийг ард түмэн үл итгэхээс аль хэдийнээ хэтрээд ҮЗЭН ЯДАЖ байгаа шүү !
Төрийн албаны хүмүүсээс хамгийн өндөр цалин авдаг нь шүүгч нар ! Ажил нь маш их амархан цээжээр мэддэг хэдэн зүйл заалтаа өөрийн үзэмжээр хэрэглэнэ ! Голдуу зөөллөж тогтооно хатуу тогтоовол өөрт ашиггүй ! Хэрэг бүр дээрээсээ авлига харна авна мэдээж нууцаар тэрийг нь илрүүлэх тёхнологи монголд байхгүй ! Шүүгч болох минь яав да гэж олон хүн толгойгоо шааж байсан юм ! Улс төрийн нөлөө гэж худлаа солиороод хэрэггүй зүгээр л авлигын нөлөө болон албан тушаалын нөлөө гэж байдаг юм !! Одоо дээд шүүхийн шүүгчид болон бусад шүүгчид бол сүүлийн гурван ёрөнхийлөгчийн хүмүүс байгаа энэ гурваас гадуур шүүгч гэж байдаггүй юм !! Хүүк өөриин талын шүүгчээ олон болгох гэж чармайж байгаа одоо !!!
Хэрэг төвөгт холбогдолгү жирийн иргэдэд шүүх ямарч хамаагүй монголчууд худалч хулгайч луйварчин голлосон үндэстэн болсон ч гэсэн тийм биш жирийн иргэд олонх нь байгаа шүүхийг муу муухай гээд сэвээд байгаа хүмүүс бол эрхтэн дархтан худалч хулгайч нар л байгаа тэд нарл шүүхийг шантаажилж иргэдийг төөрөгдүүлээд байгаа гэж харагддаг
Засаг шүүхийг дийлэхгүй. Шүүхийг ард түмэн хувьсгалаар дийлнэ. Нөгөө гарц нь УИХ хууль гаргаж түүнийгээ ягштал мөрдүүлэх. өөр зам байхгүй
Шүүхийн сайн мууг шүүхээр явсан хүмүүс л мэднэ. Жирийн шүүхийг мэдэхгүй хүмүүс олонхи ардууд мэдэхгүй. тиймээс энэ асуудлыг шүүхийг томилдог Ерөнхийлөгч, УИХ л эцсийн цэгээ тавих хэргэтэй. Өнгөрсөн 30 жилд шүүхэд алдсан ч бий байх. Оносон ч бий байх. Шүүхтэй Ардчилсан намаас Сонгогдсон Элбэгдорж, Баттулга нар нэр их холбогддогийг бас эцэслэж ард түмний эргэлзээг бүрэн тайлах хэрэгтэй. Тэгж байж Монголын шүүх нэрээ цэвэрлэж цааш нь явна.
Шүүх засаглал нөгөө хоёроосоо (хууль тогтоох буюу УИХ ба гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар) хараат бус байх ёстой. Тэгэхээр шүүгчдийн томилгоон дээр өөрчлөлт хийх хэрэгтэй. Дээр нь нэмээд цалин хангалттай, ажлын байр нь баталгаатай байх ёстой.
Энэ мэдээ бол ноцтой мэдээ бишээ. Угаасаа л монголын шүүх бол тоглоомын шүүх гэдгийг монголчуудын 90 хувь нь биш, бүгдээрээ 100 хувь мэдэх бөгөөд өөр хоорондоо монголын шүүхийг шоглон инээлддэг шүү дээ. Ийм улсад шударга ёс, ёс суртахуун, тэгш эрх, эрх чөлөө ярина гэдэг нь мөн инээдэмтэй асуудал шүү дээ.
Шухчид баяжаад амиа хорлоод энд тэнд оцогноод л Терийн хулгарууд улам баяжаад л байхад хэн итгэх билээ
Шүүхэд, мөн МАН д итгэхгүй байна.
МАН өөрийн хүнээ тавихын тулд ард иргэдийг турхирах боллоо, өнөөгийн нөхцөлд аль наи гарсан Шүүх өөрчлөгдөхгүй. Намын гишүүнчлэлийг зогсоосны дараа жинхэнэ намаас хараат бус Шүүх бий болно
Үнэн2. 99,99 хувь нь байхөө.
Шүүх эмнэлэгийн шинжээч эмч гэх хоёр хөлтэй долдойнууд байдгийг ард олон мэдэж авах уу? Шинжээч нэртэй 50 эмч нарын 5 ерөнхий сайдын 5 нь Сү. Батболдын 5 нь Элбэгдоржын 5 нь Миеэгийн 5 Цагдаагийн 5 нь Тагнуулын гэх мэтээр байдаг. Дээрээс өгсөн дарга нарын заавраар шийдвэр гардаг. Гадны нөлөөтэйг нөлөөгүй. Хуграагүй хавиргыг хугарсан болгож шийдвэр гаргана. Хүн сүргүүд итэгсээр хууртсаар!!!!
Үнэн үү?
Монголд болж байгаа зүйл ширхэгч байхгүй. Цаашид гэрэл гэгээ байхгүй !!!!
Бид шүүгчдийг л тойрч явган хэрүүл хийдэг болохоос барууны алуурчдын гаргасан, эхлээд хуулийг нь батлуулаад дараа нь гэмт хэргээ хий гэдэг номлол манайд хэрэгжиж байгааг мартаад байна.1990 оноос хойш манай эрх зүйн тогтолцоог зах зээлийн болгож өөрчлөхөд маш том нөлөөтэй оролцсон Конрад Аденаурын сан гэхчлэн хорлон сүйтгэх байгууллагууд манай хуулийг завхруулж ирснийг бид засах ёстой. Өнгөрсөн жил гадаадын хөрөнгө оруулалттай сангуудын үйл ажиллагаг хянах Сангийн тухай хууль батлах гэхэд АНУ н элчин саад асан клечески гэгч зандалчин УИХ н даргын өрөөнд дайрч орон ,энэ хуулийг яавч баталж болохгүй гэж эсэргүүцээд гаргаагүй. Дотоодоос АН н оюунгэрэл жефри гэгч шулам хүний эрх зөрчлөө гэж өвчигнөсөн. Ингээд дайснууд хэн нь хэн болохоо батлан харуулсан.Үүн шиг манай улсад хууль гаргахад том 7 дээрэмчин бузар савраа дүрчихсэн байна.Чухам энэ бусдын дотоод хэрэгт гараа дүрдэг тогтолцоог өөрчлөх гэсэн ОХУ г тэд дайсан гэж хараад элдвээр хориг тавьж байна.
Итгэж байгаа 10 хувь нь Элбэгдорж, Сахал мэтмйн дээрэмчид. Тэгэхээр Монголчууд 100 хувь шүүхэд итгэдэггүй гэж үзэж болно.
Shuuh zasaglal gej baihgui gesen ug yum bna.baisan ch irgeded hamaagui bololtoi.
yaj itgeh uu shuuhed Kapitaliin Ariunboldid 2 jiliin tensen ugj bn ter hohiroloo tuluh l yostoi harin bas horih yal edleh l yostoi getel 2 jil tensen ardiin huuhed 2 aduu hulgailaad barag 20 jil shorond suuna iim bj boloh uu bosoj temtseh boljee arai bish uu ene huuli ni guuli tsaas buun heregtend ashigtai tsoorhoitoi huulitai iim bj yaj ch shuuh ni zub shiideh uu dee bugd abillaga munguni suljee bilson hogiin Mongol uls eshul hurdan suureesei Mongol hytadad uusbal harin ch hatuu huuli ni heregjij sn boloh bh muu muuhai mongol humuust oboo
Хаанахын юугаа ч дууриасан юм билээ, шүүх засаглал гэх болсон нь манайд огт зохихгүй зүйл. Захын дарга, баяны халаасанд орж байдаг засаглал гэж юуц байх вэ? Өнөөгийн шүүх, шүгчид чинв Элбэгдорж, Баттулгын гаөрт байдаг хүмүүс шүүдээ. Нэг үед Элбэгдорж гэгч засгийн газрыг толголйлж байхдаа шүгүчдийн цалинг жирийн түшмэдүүдийнхээс 10 илүү дахин өндөр болтол нэмсэн. Тэр ачийг нь шүүх засаглалз маань өнөө хүртэл мартаагүй, эзэндээ үнэнчээр зүтгэж байгаа. Шүүхийг хууль зүйн яамны харъяанд сум уу, өгсвөл их хурлын юмуу ерөнхий сайдын мэдэлд оруулаад засаглал биш, хэрэг хэлэлцдэг, төрийн нэрийн өмнөөс шийтгэл оногдуулдаг төрийн байгууллага болгох хэрэгтэй.
Яаж итгэх юм. Дуулиант хэрэгийн шийдвэрүүд хэлээд өгч байна.
Шүүхийн системд ард түмний сонголтыг бий болгох.
Шүүхийг дарга нар томилдог.Шүүх томилсон даргадаа үйлчилдэг. Шүүхийг ард түмнээр сонгуульж байж дарга нарт хараат байхаас ангижирна. Шүүх ард түмжндээ тайлагнах ёстой.