sonin.mn
Улсын ерөнхий прокурорын газарт "Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Т.Ариунаа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. "Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж энэ үеэр: "Өнгөрсөн 3-р сард манай гэр бүл Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө Монгол улсад нүүрлээд байгаа хууль бус прокуроруудын талаар, хонгилын прокуроруудын талаар шаардлага хүргүүлж, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байсан. Уг цуглааныг ковидын тухай хууль зөрчсөн гэж мэдэгдэл ирсэн учраас цагдаагийн байгууллагын шаардлагыг хүлээн авч буулгасан.
 
 
Тухайн үед би эргэж ирнэ, эргэж ирэхдээ шүүхийн шийдвэрийн дагуу албан ёсны зөвшөөрлөө аваад суулт хийнэ. УЕПГ-ын үүдэнд ирнэ гэж хэлж байсан. Тэр хэлснийхээ дагуу өнөөдөр ирлээ. Өнөөдөр Монгол улс ард түмнээ басамжилсан, шударга бусын хонгил бий болгосон төртэй болжээ. Прокурорын байгууллага ялзарсан байна. Шударга бус прокуроруудаа дэмждэг болсон байна." гэв.
 
 
Харин түүний эхнэр, МУГЖ Т.Ариунаа: "Бид өнгөрсөн 3-р сард хийсэн суултынхаа үр дүнг чамгүй хугацаанд хүлээлээ. 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Миний хань яаж хонгилын прокурооруудад чирэгдэж, хэлмэгдэж, эрх чөлөөгөө боогдуулж, ямар хүнд нөхцөлд байсныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд эхнэр хүний хувьд мэдэх цорын ганц гэрч нь. Би гэр бүлээ хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ. Прокурорууд бидний гэр бүлийг 10 жилийн турш сэтгэл санаа, эдийн засгийн хувьд ямар хүнд байдалд оруулсан билээ. Бид энэ хугацаанд юу ч хийж бүтээж чадаагүй. Хэзээ ирж хаалга цохих бол, хэзээ ирээд нөхрийг минь хорих бол, хэзээ гаргах бол гэдэг хүлээлт, цөхрөл, гомдол дунд бидний аав ээж, ах дүүс амьдарсан. Манай гэр бүл нэг л жишээ нь шүү дээ.
 
 
Бидний бүтээн байгуулсан хөрөнгөн дээр шударга бусын хонгилын прокурорууд эзэн суучихаад юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Бид үнэхээр бухимдаж байна. Гомдолтой байна. Хонгилын прокуроруудаа хэзээ цэвэрлэх юм бэ? Энэ хүмүүс бусдын бэлэн юман дээр орж ирээд, 20 жилийн турш бидний бүтээн байгуулсан хөдөлмөрийг булааж, дээрэмдэж авчихаад юу ч болоогүй юм шиг хоёр дүр эсгээд амьдарч байна. Хонгилын прокуроруудад хэзээ хариуцлага тооцно, тэр хүртэл манай гэр бүл тэмцэх болно. " хэмээсэн юм.
 
 
 
 

 

 

М.Чойжал