sonin.mn

ТОКИО, 2025 оны нэгдүгээр сарын 6 /Kyodo/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “US Steel” компанийг Японы “Nippon Steel” компанид 14.1 тэрбум ам.доллароор худалдахыг хориглох шийдвэр гаргасны дараа Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба хоёр талын худалдаанд учирч болзошгүй үр дагаврын талаар өнөөдөр анхааруулан ярьжээ.

Үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд дөрөвт ордог Японы ган үйлдвэрлэгч компани Ж.Байдены өнгөрсөн баасан гарагт гаргасан шийдвэрийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахаар бэлдэж буй үед дээрх мэдэгдлийг хийсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал мягмар гарагт компани хэвлэлийн бага хурал хийнэ гэдгээ мэдэгджээ.  




Ш.Ишиба даваа гарагт болсон оны эхний хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Ж.Байдены дурдсан үндэсний аюулгүй байдалд учрах эрсдэлийн талаар Ж.Байденаас тодруулга хүсэх болно гэдгээ мэдэгдсэн байна. “Харамсалтай нь, Японы бизнесийн хүрээнийхэн Япон, АНУ-ын хооронд ирээдүйд хийх хөрөнгө оруулалтын талаар санаа зовниж буйгаа илэрхийлж байгаа нь үнэн. Бид үүнийг маш нухацтай авч үзэх хэрэгтэй болж байна” гэж тэрбээр хэлжээ.




Ж.Байдены шийдвэр нь Японы компанитай холбоотой нэгтгэх, худалдан авах гэрээг хориглосон анхны тохиолдол болсон юм. Тэрбээр хэлэхдээ, уг гэрээ нь “манай үндэсний аюулгүй байдал, нийлүүлэлтийн чухал сүлжээнд эрсдэл учруулах болно гэж мэдэгдсэн байна. Ж.Байдены энэ мэдэгдэл нь Ардчилсан намын гол дэмжигч байсаар ирсэн, “Nippon Steel”-ийн төлөвлөгөөг эсэргүүцэж байсан Ган үйлдвэрлэгчдийн эвлэлээс дэмжлэг авах гэсэн улс төрийн стратеги гэж үзэж байна.



Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгчийн шийдвэрийг Японы бизнесийн хүрээнийхэн шүүмжилж, АНУ-д худалдан авалт хийхээр төлөвлөж буй Японы бусад компанийг үргээлээ хэмээн үзэж байна. “Washington Post” сонинд ням гарагт бичсэнээр, Ж.Байден “Nippon Steel” компанид “US Steel”-ийг худалдахыг хориглох шийдвэр гаргасан нь Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, АНУ-аас Японд суугаа Элчин сайд Рам Эмануэль, Сангийн сайд Жанет Йеллен нарын зөвлөгөөг үл тоомсорлосон явдал болсон бөгөөд тэд ерөнхийлөгчийн байр суурийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байжээ. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг