МОСКВА, 2025 оны нэгдүгээр сарын 6/РИА Новости/. Канадын Оттава хотод болсон хоккейн залуучуудын ДАШТ-ий шувтаргын тоглолтод АНУ-ын шигшээ баг Финландын хоккейчдыг хожсоноор хоёр жил дараалан дэлхийн аварга цолыг хүртлээ.
Финалын тоглолтод америк залуус нэмэлт цагт 4:3 (1:2, 2:1, 0:0, 1:0) харьцаагаар өрсөлдөгчөө ялсан бөгөөд Жэймс Хэгенс (13 дахь минут), Брендон Свобода (38), Коул Хатсон (40), Тедди Стига (69) нар гоол оруулжээ. Финландын багаас Ессе Киискинен (8), Туомас Уронен (14), Эмиль Пиениниеми (25) нар шайб оруулсан байна. Ингэснээр АНУ-ын залуучуудын шигшээ баг хоёр жил дараалан ДАШТ-нд түрүүлсэн бөгөөд 2024 онд Шведийн багийг хожин аваргалж байсан юм. Нийтдээ Америкийн баг 7 удаа түрүүлсэн байна.
Хүрэл медалийн төлөөх тоглолтод Чехийн шигшээ баг Шведийн хоккейчдыг буллит буюу торгуулийн цохилтоор 3:2 харьцаагаар буулган авчээ. Хоёр багийн хоккейчид нийт 14 удаа буллит хийсэн байна.
Олон улсын хоккейн холбоо /IIHF/ ОХУ ба Беларусийн хоккейчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг 2022 оны хоёрдугаар сарын сүүлчээр гаргасан билээ. Харин 2025/2026 оны Олимпын улиралд тус хоёр улсын шигшээ багуудыг тэмцээнд оролцуулах асуудлыг IIHF хэлэлцэх гэж байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0