sonin.mn

ТОКИО, 2025 оны нэгдүгээр сарын 6 /NHK/. Умард Солонгос он гарснаас хойш анх удаа Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан тухай Японы эргийн хамгаалалтын алба мэдээлэв. 

Мэдээлэлд, Умард Солонгосын харвасан пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэсэн боловч яг хаана унасныг тодорхой дурдаагүй байна. Пуужингийн үлдэгдэл илэрсэн тохиолдолд ойртож болохгүй, харин эрх баригчидтай яаралтай холбогдохыг тэнгист явж буй хөлөг онгоцнуудын ахмадуудад анхааруулжээ.




Японы Ерөнхий сайд Ш.Ишибагийн ажлын албаны дэргэдэх хямралын үеийн шуурхай штаб Пёньяны харвасан пуужингийн талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж эхэлжээ. Ерөнхий сайд мөн холбогдох яамд, газруудад нөхцөл байдлын талаарх мэдээллийг орон нутгийн иргэдэд шуурхай хүргэж, хөлөг онгоцууд, иргэний агаарын тээврийн аюулгүй байдлыг хангахыг үүрэг болгосон байна. 




Умард Солонгос он гарснаас хойш анх удаа пуужин харваж байгаа нь энэ юм. Тус улс хамгийн сүүлд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 5-нд пуужин харважээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг