sonin.mn
Манай цэрэг хил давж оргоод Оросын цэргүүдэд буудуулж амь насаа алдсан тухай мэдээлэл Оросын хэд хэдэн сайтаар гараад тун удалгүй мэдээлэл нь устав. Бодвол хууль, нууц энэ тэр гээд нам дарсан биз. Хил даваад ороод ирсэн ямар ч этгээдийг тайлбаргүй буудах эрх аль ч орны армид бий, тэр тусмаа зэвсэглэсэн этгээдийг. Харамсалтай нь ийм тохиолдолд бид бурууг бусдаас биш өөрөөсөө хайх болж байгаа юм.
 
Монголын арми даян дэлхийд энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлж улсынхаа нэрийг гаргаж яваа нь бахархамаар сайхан ч дотооддоо түмэн асуудал буман будлианы үүр уурхай болоод удаж байна. Армийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, цэрэгжилтийн хөтөлбөрүүд салангид болж сахилга, хариуцлага аюулгүй ажиллагаа гэдэг зүйл суларч ялангуяа төрд олон жил зүтгэсэн гэгддэг Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболдын нэр хүнд шалдаа бууж байна. 
 
Цэрэг нас барсан, осолдож эндсэн, оргож баригдсан, тамлуулж бэртсэн гэх мэдээлэл сүүлийн хоёр жил сонины хуудсаар давтамжтай гэмээр гарах боллоо. Эргэн сануулбал 2017 оны 04-р сард Зэвсэгт хүчний 350-р анги буюу бидний нэрлэж заншсанаар энхийг сахиулагчдыг бэлтгэх таван толгойн цэргийн баазад гар бөмбөг алдаж 2 хүний амь нас эрсэдсэн хэрэг гарсан. Манайхан цэрэгт болсон аливаа осол, золгүй явдлыг нууц хэмээн хав дардаг зантай болохоор тэгс гээд мартав. Харин тухайн үед ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Д.Өлзийбаярт хариуцлага тооцсон тухай мэдээлэл гараад өнгөрсөн билээ. Батлан хамгаалах яам арга хэмжээ авч, хэн нэгэнд ямар нэг хариуцлага тооцож гээд бусад сенсацид дарагдаад хэрэг явдал замхарсан. 
Гэтэл энэ оны нэгдүгээр сард зүүн баянгийн 336-р ангид 19-хөн настай цэл залуухан хүү “бусдын гарт” амиа алдсан золгүй явдал гарлаа. Хэдийгээр төгс нотлогдоогүй ч 19-хөн настай хүүг “гэнэтийн зүрхний дайрлага болсон, ахлагч нь гар хүрсэн гэхдээ энэ нь үхлийн шалтгаан болоогүй гэж байгаа” албаныханд яаж итгэх юм бэ. Зүрхний ужиг хууч өвчлөл эсвэл хэт ачаалал ядаргаанаас үүдэлтэй дайрлага тохиолдох нь бий. Гэхдээ бас хүчтэй доргилтоос үүдэж зүрх зогсдог. Арми ямартай ч зүрхний хууч өвтэй хүүг татаагүй нь ойлгомжтой. Татсан бол армийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын байгаа царай нь энэ. Ачаалал ихдэж ядарсан бол цэргийг зүй бусаар дэглэж дарамтлаж байсны нотолгоо, эсвэл доргилтоос үүдэлтэй бол энэ нь шууд гадны нөлөөтэй гэсэн үг. Ардын сайхан хүүгийн амийг авчихаад байхад хээвнэг “гадны нөлөөгүй, хүүрийн толбо” гэх мэтийн зүйлс яриад явж байгааг яаж ойлгож юу гэж тайлбарлах юм бэ. Хамгийн ноцтой нь тус ангийн захирагчаар өнөөх хариуцлага тооцогдож өөрчлөгдсөн хурандаа Д.Өлзийбаяр ажиллаж байжээ. Түүнийг яагаад томилсон, цэрэг армид ямар зарчим, сахилга хариуцлага үйлчлээд байгааг бид асуух ёстой. Цэргийн нууц бол улс орныг батлан хамгаалах, цэрэг дайны ажиллагаатай холбогдох чухал шаардлагатай мэдээ, мэдээллийг хэлдэг болохоос алдаа завхарлыг халхавчлах бамбай байж хэрхэвч болохгүй. 
 
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэн түрүүн улс төр, дипломатын арга замаар аюулгүй байдлаа сахин хамгаалахыг чухалчилдаг. Ойрын үед шууд ирэх цэрэг дайны аюул занал бидэнд байхгүй ч алс хэтдээ юу болохыг хэн мэдлээ. Батлан хамгаалах бодлогын баримт бичгийн 2.4.1-т Монгол Улс мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлнэ гэж заасан байдаг. Энэ нь удирдлага, зохион байгуулалт, цэрэгжилтийн хөтөлбөрийг нэгтгэсэн тогтолцоо байна гэж ойлгож байна. Гэтэл өнөөгийн нөхцөлд батлан хамгаалах яам, жанжин штаб, хууль зүйн яам гэсэн гурван толгойтой болчихсон байгаа нь бодлогын алдаа юм. Цэрэг арми нэгдмэл, зохион байгуулалттай байхдаа чадварлаг Тиймээс хууль бодлогын баримт бичгүүдээ эргэн харж батлан хамгаалах яамны удирдлага нь иргэний буюу улс төрийн албан тушаал байгаа өнөөгийн байдлыг өөрчлөх шаардлагатай юм. 
 
Шулуухан хэлэхэд У.Хүрэлсүх өөрийгөө цэргийн хүн гэж байгаа ч хуягтаар давхиж сүгсэлзэх, эрээн хувцастай жагсаалын өмнө чалчаа мэндчилгээ дэвшүүлэхээс хэтрэхгүй байна. Төрийн хүн цэргийн эрдэмд гарамгай байх ёстой гэж нэрт хуульч, соён гэгээрүүлэгч Б.Чимэд гуай нэгэнтээ хэлж байсан. Цэргийн эрдэмд гарамгай байх нь сэлэм эргүүлэх, нударга зөрүүлэхийг хэлэхгүй. Төрийн хүний цэргийн эрдэм бол стратеги тактик алсыг харсан бодлого юм.  Армийнхаа итгэл үнэмшил, эр зоригийн бамбай болж, үлгэр дуурайлал болох нь төрийн хүний эрхэм үүрэг. Арми бол зөвхөн цэрэг дайны байгууллага биш, улс оршин тогтнохын үндэс бөгөөд эх оронч үзэл, төлөвшлийг бүтээж байдаг газар. Улсын хөгжил хүчтэй армитайгаа салшгүй холбоотой байдаг. Хүчтэй гэдэг нь дайн түрэмгийллээр зөвхөн хэмжигдэхгүй сахилга бат, бахархалт нэр хүндээр яригдана. Гэтэл манай армийн нэр хүнд унаад байдаг, харин дарга нь даналзаад сүртэй хувцас сүржин үгсээсээ хэтрэхгүй байдаг. Цэргийн хүн ийм байдаг гэж би хувьдаа бодохгүй л байна. 
 
У.Хүрэлсүх сайд минь улсынхаа армийн нэрийн өмнөөс нэг зүйлийг хүсье. Түмэн будлианы хутгуур, хариуцлага алдсан мэргэжлийн бус батлан хамгаалахын сайдаа нэн даруй огцруул, батлан хамгаалах салбарт олон жил ажилласан нэр хүндтэй туршлагатай мэргэжлийн хүнээр сайдаа томил. 
 
Цаашдаа доожоогүй, үлбэгэр, хариуцлага хүлээх чадваргүй, хурандаа генералуудынхаа аманд багтдаг хүнийг битгий томил. Сүүлийн хоёр жилд 5 цэрэг золгүй байдлаар амиа алдлаа. Уг нь цэргийн сахилга хариуцлага гэдэг хатуу бөгөөд зайлгүй. Гэтэл тавын таван хүн эндсэн байхад батлан хамгаалах яам зөвхөн өөрсдийгөө хоохойлох, нэрээ аргацаах байдлаар хандаж байгааг хэрхэвч зүгээр хараад явж болохгүй. Сэтэргүй бол амьдралгүй болсон өвгөн сайдаас салаагүй цагт У.Хүрэлсүх та өөрийгөө армийн хүн гэж дөвчигнөх эрхгүй. 
Төрийн цэргийн бодлогын үндсээ эргэж хар. Ардын армийн нэр хүнд унаж байна. Цэрэг хүний ёсоор та нэг юм бод! Эс бөгөөс та зүгээр л байлдаж тоглох дуртай Чепаевийн дүрээр л түүхэнд үлдэнэ.
 
М.Амгаланбаатар