УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр АТГ-аас УИХ- ын хоёр гишүүнийг шалгаж байгаа талаарх мэдээллийг цацсан юм. Тодруулбал, гишүүн З.Баянсэлэнгэ Өршөөлийн хуульд хэчнээн хүн хамрагдахаар байгаа талаар болон УИХ- ын хэдэн гишүүнийг шалгаж байгаа тухай лавлахад АТГ-ын зүгээс “УИХ-ын гишүүн Л.Болд, Ё.Отгонбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн” хэмээн мэдэгдсэн.
Ингэхдээ гишүүн “Ё.Отгонбаярт холбогдох хэрэгт ямар нэгэн хохирогч байхгүй учраас хэргийг түдгэлзүүлсэн” гэх мэдээллийг өгсөн юм. Өөрөөр хэлбэл, энэ парламентын гишүүдээс дээрх хоёр гишүүнд хамааралтай хэргийг АТГ шалгаж байгаа мэтээр мэдээлэл цацсан. Гэтэл өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ё.Отгонбаяр гишүүнтэй холбоотойгоор шалгаж байгаа хэрэг байхгүй гэдгийг АТГ-ын дэд дарга албан ёсоор мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяраас дараах асуултад хариулт авлаа.
АТГ-аас өнгөрсөн долоо хоногт тантай холбоотой хэргийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн атлаа өнөөдөр /өчигдөр/ тийм зүйл байхгүй гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?
-АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж дөнгөж сая /өчигдөр/ чуулганы хуралдааны үеэр надтай холбоотойгоор шалгаж байгаа хэрэг байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ шүү дээ. Харин гэр бүлийнх нь хүн болох О.Эрдэнэсолонготой холбоотой хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь тогтоогдсон учраас өнгөрсөн жил хэрэгсэхгүй болгосон гэж байна. Хэдийгээр ингэж хэлсэн ч би гайхаад байгаа юм. Хуулийн байгууллагууд УИХ-д худал мэдээлэл өгдөг процесс бидний нүдэн дээр болж өнгөрлөө шүү дээ.
-Тантай холбоотой хэрэг АТГ-т байгаа гэдгийг нэлээд хэд хоногийн өмнө нийтэд ил тод зарласан атлаа өнөөдөр /өчигдөр/ болохоор өөр тайлбар өгч байна. Тэгэхээр цаанаа ямар нэгэн зорилготойгоор ийм мэдээлэл тараасан юм биш биз дээ?
-Чухам юу болоод яагаад ийм ташаа мэдээлэл тараасныг нь би мэдэхгүй юм. Ямар ч байсан өөрсдөө өнөөдөр /өчигдөр/ мэдээллээ засаад оруулаад ирчихсэн байна шүү дээ. АТГ-т УИХ-ын хоёр биш нэг гишүүнтэй холбоотой асуудал байгаа гэдгийг албан ёсоор зарлалаа.
М.Өнөржаргал
Сэтгэгдэл0
Отгонбаяр хүнээс авлига өг гэж шаардаж унаж байсан машиныг нь дээрэмдэж байсан чинь тэгээд худлаа байсан хэрэг үү.. https://www.youtube.com/watch?v=GKIKjyZxa60